Хунтайж Харри болон Меган Маркл нар хоёр дах хүүхдээ өлгийдөн авлаа

Хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нар охинтой болсон гэх баяртай мэдээ өнгөрсөн Ням гарагт тэдний өөрсдийн үүсгэн байгуулсан “Archewell” олон нийтийн байгууллагын цахим хуудсанд тавигдлаа. Тэд хоёр дах хүүхдээ Лилибет Диана Маунтбеттен-Виндзор хэмээн нэрлэсэн нь олны анхаарлыг татаж байна. Учир нь Их Британийн хатан хаан II Элизабетыг хүүхэд насанд нь Лилибет гэж дууддаг байсан гэдэг. Түүнчлэн Диана гүнжийн нэрийг өгсөн нь хүмүүсийн хайрыг хүргэжээ.

Бүкингемийн ордноос "Хатан хаан, Уэльсийн хунтайж ба Корнуоллын гүнгийн авхай, Кембрижийн гүн, гүнгийн авхай нар Сассексийн гүн, гүнгийн авхай нарын охин мэндэлснийг сонсоод маш их баяртай байна" хэмээн мэдэгдэл гаргасан байна. Харин Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нар “Лили төрсөн гэх сайхан мэдээнд бид тун их баяртай байна. Харри, Меган, Арчи нарт баяр хүргэе" хэмээн дамжуулжээ. Мөн Харригийн үеэл болох Евгения гүнж өөрийн Instagram хуудсаараа дамжуулан гэр бүлийн шинэ гишүүнтэй болсондоо баярласнаа илэрхийлсэн юм.

Эргэн сануулахад, хосууд Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэгт ажлаа хойш нь тавьж, санхүүгийн хувьд хараат бус амьдрахаар шийдсэн билээ. Мөн саяхан Опра Уинфрийд өгсөн шуугиан дэгдээсэн ярилцлагаасаа болж гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа дордуулсан явдал болсон. Одоогийн байдлаар Харри Америкийн нэгэн сэтгэлзүйн тусламж үйлчилгээний компанид ажиллаж байгаа бөгөөд Меган, хоёр настай хүү Арчи болон дөнгөж төрсөн бяцхан охины хамт АНУ-д суурьшиж байгаа билээ.

Buro.Mongolia

2021-06-08, 16:00