BURO. сэтгүүлийн Орос дахь салбарын хуучин ажилтан Марина Белова 2019 оны сүүлээр найз залуугийн хамтаар Хятад улс руу хагас жил амьдрахаар нүүсэн билээ. Тэрээр коронавирусын халдвар хэрхэн дэгдэж, улс ямар арга хэмжээ авч, хүмүүс хэрхэн үймээнд автаж байсныг өөрийн нүдээр харж, хамт даван туулсан бөгөөд одоо байдал намжсан энэ үед бидэнд нөхцөл байдлын талаар ярьж байна.
Жянсү мужид +26 градус дулаан байна. Цэцэрлэгт хүрээлэнд маскгүй хүүхдүүд гүйлдэж, айл гэрүүд өвсөн дээр асар босгон, бүгд өдрийг агаарт өнгөрүүлэхийг зорьж байна. Машинууд түгжрэлд зогсож, зогсоолууд мопедуудаар дүүрчээ. Мөн булангийн нарийн боовны лангууны гадаа хүмүүс олноороо дараалан зогссон харагдана. Харин оройн цагуудаар хотын томоохон талбайнууд дээр бүжиг зохион байгуулагдаж, хүмүүс эргээд хөгжилдөж эхэлж байна.
Цар тахал болсныг олон нийтийн газруудын үүдэнд зогсох, нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгах ажилтнууд, мөн хамгаалалтын хувцас өмссөн томоохон хүнсний дэлгүүрүүдийн кассчид л сануулах гэлтэй.
Хүмүүсийн халууныг болон QR-кодыг шалгаж байгаа бүх ажилтнууд гар ариутгагч, салфетка ба маск зэрэг шаардлагатай бүхнээр тоноглогдсон төдийгүй дэлгүүрүүдэд тусгай ажилтнууд бүх сагс, түрдэг тэрэгний бариул, хажуу хэсгүүдийг ариутган арчиж байгаа харагдсан.
Хүргэлтийн ажилтнууд одоо хүртэл дээш гарч ирэн хаалга тогшилгүй захиалгыг орон сууцын хүлээн авах хэсэгт үлдээж байгаа. Бүгд маск зүүсэн хэвээр байгаа ч зарим нь эрүү рүүгээ доошлуулсан, эсвэл бүр тайлсан харагдаж, ерөнхий уур амьсгал тайван болсон нь илт мэдрэгдэнэ.
Хэдхэн долоо хоногийн өмнө Хятадад дүр зураг тэс ондоо байсан. Яг л одоо дэлхийн бусад улс орнуудад байгаа шиг хоосон гудамжнууд, дэлгүүрүүд байсан. Хүмүүс логик сэтгэлгээг мартан бүхнийг их хэмжээгээр худалдан авч байлаа. Овьёос, гоймон, тахианы цээж мах ба гуя, бяслаг, хийжүүлсэн ундаа, хөнгөн зууш гээд бүгдийг боодол, боодлоор нь авцгааж байв.
Хэрвээ та өөрийгөө хайрладаггүй нэгэн бол эсвэл энэ аюул таныг тойроод гарна гэдэгт бат итгэдэг бол ядахдаа эргэн тойрны хүмүүс болон ойр дотнынхныгоо бодоорой. Вирусын оргил үе өнгөртөл гэртээ хүлээ. Найз нөхөд, хамаатан садантайгаа видеогоор холбогдон ярь. Бүхэл өдрийн турш хэрэггүй мэдээлэл уншиж сэтгэлээ зовоохын оронд өөрийгөө хайрлахад анхаарлаа төвлөрүүлж, өмнө нь хийж амждаггүй байсан зүйлсээ хий. Ямар ч ажил, зугаа цэнгэл эрүүл мэндээс чухал биш. Өөрийгөө хамгаалж, хайрла. Урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг мөрд. Ингэснээр бид ч коронавирусыг богино хугацаанд давж гарах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт