Velin Cover Story: М.Баярбатын Velin сэтгүүлд өгсөн ярилцлага

Эх орон, өв соёлынхоо төлөө гэсэн сэтгэл нь дотроос нь цацарч байдаг хүнтэй таараагүй их удаж. Нийгэм дэх асуудал өдөр өнгөрөх тусам багасах биш нэмэгдсээр байгаа энэ үед адаглаад өөдрөг үзэлтэй хүн хүртэл ховордож байгааг нуух юун. Гэтэл жүжигчин Мишигдоржийн Баярбатын хувьд “Болж байна, хангалттай хөгжиж байна” хэмээн өөрийн хайртай кино урлагийн салбарын талаар тун чиг эергээр ярьж суух нь бидэнд дутагдаад буй цэвэр агаар мэт л санагдана.

Баярбат жүжигчин болоод удалгүй буюу өдгөө арав гаран жилийн өмнөөс л Монгол хүн гэдгээрээ бахархах талаар ярьж, энэ мессежийг түгээсээр ирсэн нь өнөөдөр ч түүнд чухал хэвээр бөгөөд үнэхээр л эх орноо дэлхийд таниулах чин хүсэлтэй болох нь ярианаас нь илт мэдрэгдэнэ. Жүжигчний карьерынх нь талаар асуухад “Карьер гэхээс илүү би яг одоо ид хийж бүтээж яваа чухал үе маань энэ цаг үе болов уу гэж харж байна. Яагаад гэхээр бидний ажил мэргэжлийн хувьд Монголын кино урлагийн нэгээхэн хэсэг болж яваа болохоор бүтээлүүдээ улам чанаржуулж, Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргах юм сан гэсэн бодолтой л ажиллаж байна, бас хичээж байна” хэмээн хариулах тэрээр саяхан энэ зорилгынхоо өөдөөс нэг том алхам хийсэн нь олон улсын «Gateway to the West» бүтээл билээ. 


“Монголчууд авьяас чадвар, мэдрэмжийн хувьд их дээгүүр ард түмэн юм гэдгийг ахин нэг удаа харлаа”


Дашрамд дурдахад, мөр давсан урт хар үстэй, шанаа дүүрэн сахалтай тэрээр ажлын шаардлагаар үсээ ийнхүү ургуулж буй бөгөөд олонд хараахан дэлгэж болохгүй өөр нэгэн том төсөл дээр яг одоо ажиллаж байгаа юм байна. Тэрхүү төсөл нь нэлээд дуулиан дагуулж болзошгүй талаар цуурхал сонссон ч харамсалтай нь түүний хүсэлтийн дагуу уншигчдадаа хуваалцаж чадахгүй нь. Харин «Gateway to the West» бүтээлд тэрээр Чингис хааны хүү Цагаадайн ач Бүрээ гэх Алтан Ургийн хаан хөвгүүний дүрд тоглосон бөгөөд зураг авалтаа энэ оны эхээр дуусгасан юм. Унгар улсын Сильвашварад тосгонд хоёр сарын турш байрлан Рэй Стивенсон, Эрик Робертс гэх Холливүүдийн алдартнуудаас гадна Чоймболын Болд, Цэгмэдийн Цэрэнболд, Батболдын Барслхагва, Гомбын Золбоот, Пүрэвдаваагийн Баттөр зэрэг Монголын маань чадварлаг жүжигчдийн хамт ажилласан тэрээр энэ туршлагаасаа хуваалцахдаа “Маш их зүйлийг сурч мэдлээ. Гэхдээ үүнээс илүү чухал нь Монголчууд авьяас чадвар, мэдрэмжийн хувьд их дээгүүр ард түмэн гэдгийг ахин нэг удаа харлаа. Өөр өөрсдийн гэсэн мэргэжилдээ асар өндөр чадвартай, потенциалтай, шинэ бүхэнд хурдан суралцаж, сайжирдаг, мэргэжилдээ эзэн болж чаддаг хүмүүс юм” хэмээн ярилаа.

2024 оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр товлогдсон «Gateway to the West» бүтээл нь Бат хааны удирдсан 1242 оны Унгар дахь тулааны талаар өгүүлэх ба Унгар, Англи болон Монголын хамтарсан төсөл юм. Киноны продюсер Корнель Шипошийн онцолсноор Монгол талын хамтрагчид кино бүтэх явцад нэн чухал үүрэгтэй байж, жүжигчдээс гадна стантууд, костюмууд, пропуудыг хариуцаж ажилласан гэнэ. Харин Баярбат үүн дээр нэмж хэлэхдээ “Кино багийнхан Монголчуудыг их үнэлсэн. Яагаад гэхээр бид цөөхүүлээ очсон хэр нь арын албаны бүх зүйлд нь оролцож их ажлын ард гарсан. Монголоос продюсер, хувцас зураач, дээрээс нь монгол түүхч, бөө мөргөлийн зөвлөх, нүүр хувиргагч, стантууд буюу орлон тоглогчид гээд нийтдээ 30-40 орчим хүний бүрэлдэхүүн ажиллалаа” гэсэн юм.

Ярилцлагаа Монголын кино урлагийн гүн рүү чиглүүлэхээс өмнө эхлээд Баярбатын гэнэн томоогүй, хайраар дүүрэн өссөн хүүхэд ахуй цагийнх нь хуучраагүй дурсамжийн хуудаснаас Баярбат гэх хувь хүнийг тодорхойлохыг зорилоо. Айлын тав дахь хүүхэд болж мэндэлсэн тэрээр дээрээ хоёр ах, хоёр эгчтэй бөгөөд өөрийгөө эрх гэж хэлэхгүй ч “ах нартаа бол зодуулж үзээгүй, хааяа нэг ах, эгчийнхээ өвөр дээр нь сууж эрхэлдэг байсан үе бий” гэнэ. Өнөр өтгөн гэр бүлд өссөн тэрээр өөрөө ч гурван хөөрхөн хүүхэдтэй, Фантастик продакшнаас эхлээд ах, дүүсээс өөрцгүй олон найз нөхөдтэй ба багаасаа л сургуулиас зохион байгуулсан юм бүхэнд идэвхтэй оролцдог, урлаг спортод сонирхолтой хүүхэд байж. Арван жилээ төгсөөд чухал шийдвэрийн өмнө ирэхэд эцэг эх нь түүнийг хуульч болгохоор зорин гурван ч удаа шалгалт өгүүлсэн боловч Баярбат дургүйд хүчгүй гэгчээр аль ч удаад нь тестээ бөглөөгүй гэнэ. Харин СУИС-д бол өөрийн чин хүслээр, ямар ч эргэлзэх зүйлгүйгээр очин шалгалтаа өгч жүжигчний ангид оржээ. 


"Эрэгтэй хүүхэд явж явж аавыгаа л харж өсдөг. Намайг эр хүн болгож өсгөсөн, миний сэтгэлзүйг бий болгосон хүн аав маань л байгаа юм. Тийм болохоор надад хүүгийнхээ өмнө хүлээсэн том хариуцлага байна"


СУИС-д элсэн ирээдүйн Boom Town-ий ахан дүүстэйгээ танилцан өөрийгөө хөгжим, бүжиг, жүжиг гээд бүх талаар сорьж явах үед түүний хамгийн гол үлгэр дуурайл байсан хайрт аав нь бурхны орон руу одсоноор тэрээр оюутан байхаасаа л олон зүйлийн талаар тунгааж эхэлсэн гэнэ. “Тэр үед бүх зориг тэвчээр, итгэл байхгүй болчих шиг санагдсан. Гэхдээ аав минь надад бүх шаардлагатай зүйлийг сургасан байна лээ. Түүний зан ааш, хүнтэй харьцдаг байдал, ажил төрөлдөө гаргадаг хандлага гээд бүгд зөв байсан юм шиг санагддаг. Ер нь эрэгтэй хүүхэд явж явж аавыгаа л харж өсдөг. Намайг эр хүн болгож өсгөсөн, миний сэтгэлзүйг бий болгосон хүн аав маань л байгаа юм. Тийм болохоор би ч хүүгийнхээ төлөө спортоор хичээллэдэг. 11 настай хүү маань өглөө болгон миний булчинг шалгадаг, өөрөө бас намайг дагаад суниадаг. Надад хүүгийнхээ өмнө хүлээсэн хариуцлага байна. Хоёр охин маань ч намайг харж өсөж байгаа учраас ядахдаа л өөрийгөө хайрладаггүй, эрүүл мэнддээ анхаардаггүй ханьтай болохгүй байх гэж найддаг юм” хэмээн бодлогоширлоо.

Баярбатыг жүжигчний карьераа эхлүүлж байх үед гудамд таарсан ахмад настнууд “Өө, нөгөө сахилгагүй нөхөр байна” хэмээн «Хэцүү Анги»-ийн Тэмүүний дүрээр нь таньдаг байсан бол одоо “Өө, Ялалт явж байна” гэх нь хамгийн их сонсогддог гэнэ. Арга ч үгүй, монгол цуврал киног ийм өргөн хүрээнд сэдэв болгон ярьж, «Game of Thrones», «Stranger Things»-тэй харьцуулагдахуйц хэмжээнд нийтээрээ автсан нь анх удаа байсан шүү дээ. Ялангуяа өөрийгөө золиослоход бэлэн, нөмөр нөөлөгтэй Ялалтын дүр хүн бүхний сэтгэлд хоногшиж Баярбат дээр тамгалагдаж үлдсэн ч гэж хэлж болно. Харин амьдрал дээрх Баярбат алдарт дүрээсээ хэр өөр бол гэхэд, “Мэдээж миний биеэр дамжиж энэ дүр амилж байгаа учраас миний өөрийн зан характер шингэсэн л байж таарна. Их л мундаг жүжигчид нь 100% тэс ондоо хүн болж чаддаг байх” гэж хариулсан юм.

Харин аль дүрдээ хамгийн хайртай вэ гэхэд “Хүүхдүүдийнхээ хэнд нь илүү хайртай вэ гэсэнтэй л адил. Бүх л дүрүүд дээрээ хичээж, бүхнээ зориулж ажилласан учраас бүгдэд нь хайртай. Тэр дундаас сонгоно гэхээр их хэцүү юм. Гэхдээ сонгох хэрэгтэй бол «Зүрхний Хилэн»-ийн Эрболдын дүрийг нэрлэх байна” хэмээн шилийн сайн эр, эх оронч Эрболдыг онцолсон нь магадгүй Баярбатын доторх чин хүсэлтэй нь салшгүй холбоотой байх.

Дээр эхлүүлсэн «Gateway to the West» бүтээлийн талаарх сэдэв рүү эргэн ороход, тус кино нь олон улсын стандартын дагуу хийгдэж, арын багт л гэхэд 300 орчим хүн ажилласан том төсөл байсан тул тэрээр маш их зүйлд суралцсан аж. “Жишээлбэл, тэнд хөдөлмөрийн мөлжлөгийн асуудалд маш нухацтай ханддаг. Аль ч киноны арын албанд, ямар ч албан тушаал дээр ажиллаж байсан тэр хүнийг яг тодорхой ажлын цагаар л ажиллуулна гэдэг. Анх ямар гэрээ хийсэн тэрийгээ л дагана. Гурван хоног дараалж зураг авалтад орсны дараа заавал амраах ёстой. Тэр хүн ядраагүй байсан ч гэсэн заавал амраадаг байсан.

Хамгийн гол нь, энэ кино түүхийг өгүүлэхээс гадна Унгарчууд ямар хүмүүс болохыг харуулсан, улсаа сурталчилсан бүтээл юм. Киногоор дамжуулан улсаа сурталчлах том боломж байдгийг засгийн газар нь өөрөө ойлгож, энэ бүтээл дээр л гэхэд тэгж их дэмжиж байгааг харахад гоё санагдсан. Одоо үсрэнгүй хөгжил гэдэг нь болоод байна шүү дээ. Монголын хувьд тодорхой хэмжээнд бодлого нь байх юм бол хэрэгжүүлэх хүмүүс нь бэлэн байна. Манай кино урлаг мэргэжлийн стантуудтай болчихлоо. Өмнө нь их цөөхөн байсан бол одоо бүр стантуудын баг гэж байдаг болсон. Дээрээс нь бид киног тодорхой хэмжээнд олон улсын стандартаар хийх гэж үздэг болчихлоо. Тоног төхөөрөмжүүд бүрэн хэмжээнд биш юм аа гэхэд, 50%-тай байдаг болчихлоо. Тэр төхөөрөмжүүдийг бид хэрэглэж чаддаг болчихлоо. Ер нь сүүлийн хэдэн жилд нэлээн дэвшилттэй байж, шинэ технологиудыг оруулж хэрэглээд л байна. Кинон дээр гарч байгаа CGI л гэхэд хүмүүст итгэгдэх хэмжээнд хийгдээд эхэлсэн байна гэдэг том амжилт шүү дээ” хэмээн Баярбат бодлоо хуваалцсан юм.

Баярбатыг бид энэ дугаарынхаа Cover Star-аар сонгосон шалтгаан нь их энгийн. Бид сэтгүүлээрээ дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрахыг зорьдог бол тэрээр кино урлагаар дамжуулан зорилго нэгтэй хөдөлмөрлөж явна. Ярилцлагынхаа зураг авалтыг хийхээр бид Тэрэлжид өглөөний наймаас оройны найм хүртэл амрах завгүй хүйтэн салхинд ажилласан ч угаас үг дуу цөөтэй, нүдээрээ инээмсэглэсэн тайван зан төлөвтэй Баярбат “Хэцүүгүй юм байхгүй дээ. Бидний ажил угаасаа л цаг наргүй байдаг” хэмээн огтхон ч түүртээгүй хэр нь хүүхдүүдээ харин жүжигчин болгомооргүй байдгаа дурдсан юм. “Бүх мэргэжил хэцүү ч, манай мэргэжил зарим талаараа илүү хэцүү. Ажлынхаа үеэр сэтгэл зүрх, өөр юу байдаг юм, бүх юмаа л зориулах хэрэгтэй болдог. Өөрийгөө бүрэн зориулдаг болохоор ар амьдралаа орхигдуулах маягтай. Дээрээс нь тоглож байгаа дүрийнхээ, мөн киноны үйл явдлын талаар үргэлж бодсоор байдаг. Гэртээ байхдаа ч хүртэл тэр дүрийнхээ учир шалтгааныг нь олох гээд тархинаас салж өгдөггүй. Тэгэхээр мэдээж гэр бүлийнхэнд маань хэцүү шүү дээ, ухаан санаа нь хаана яваа юм гэмээр” гэж байна.

Хэдий тийм ч Баярбатын хувьд түүнийг дэмждэг эхнэрийн ачаар тэрхүү ажил, ар гэрийн тэнцвэрийг олоод явдаг азтай нэгэн гэнэ. “Ер нь би тийм ч нээлттэй хүн биш. Гэхдээ ханьтайгаа бол ний нуугүй ярилцдаг. Ийм юм болоод байгаа учир би ингээд байна аа гээд. Яг миний ар талд манай гэр бүлийг авч яваа хүн бол эхнэр маань, би бол биш. Би зүгээр хамгийн том хүүхэд нь юм уу даа” гээд инээв. Кино, зураггүй үедээ Баярбат эрт босож, эртхэн бэлтгэлээ хийчхээд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх гэж хичээдэг бол өөрийг нь хамгийн их тайвшруулдаг, хобби гэж хэлж болох зүйл гэвэл өвөл, зун хамаагүй найз нөхдийн хамт, эсвэл ганцаар байгальд морьтой явахыг хэлнэ гэнэ. “Энэ бол миний маш гоё хобби. Байнга хийдэггүй ч үнэхээр тэгэх дуртай” хэмээн нүдэнд нь оч гялалзан ярих тэрээр олон амжилттай кинонд тоглон шилдэг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг ч яг угтаа бол гүндүүгүй, цайлган шинжийг өөртөө агуулсан, энгийн гэх үгийн хамгийн эерэг утгыг харуулсан, мөн эх оронч сэтгэлээ цээжээ дэлдэж биш харин өөрийнх нь хэлдгээр “мэргэжилдээ эзэн болох” байдлаар гаргадаг тийм л нэгэн Монгол эр хүн юм санж.

Ө.Тодгэрэл

2023-11-28, 11:46

  • Стилист: Ө.Тодгэрэл
  • Үс: М.Баяржаргал
  • Нүүр будалт: Э.Насмаа
  • Зураг: Б.Болдбаатар