Шинэ жилээр “ганцаараа” хийж болох 7 сонирхолтой зүйл

Бид бүхний хоног тоолон хүлээдэг шинэ жилийн баяр болоход ердөө хэдхэн өдөр үлджээ. Мэдээж хэрэг бид он солигдох мөчийг хайртай хүмүүс, дотнын найзууд, гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг зорьдог ч тус баярыг ганцаараа тэмдэглэхээр зэхэж буй хүмүүс байгаа болов уу. Тиймээс шинэ оноо ганцаараа угтах гэж байгаа уншигчдадаа зориулан 31-ний өдөр хийж болох сонирхолтой зүйлсийг хуваалцаж байна.


Хамгийн дуртай хоолоо хийж идээрэй

Шинэ жилийн баярын нэгэн чухал зүйл бол мэдээж хэрэг баярын ширээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс өөртөө зориулан хамгийн дуртай хоолоо хийж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Мөн амтат жигнэмэг, бялуу, нарийн боовыг өөрийн гараар хийгээд үзээрэй. Зөвхөн өөртөө зориулж, сэтгэлээ шингээж хийсэн бүхэн цаанаа л амттай байдаг шүү дээ.

Номын дэлгүүрээр ороод гарах уу?

Тайван орчин бүрдүүлээд, дуртай номоо унших хамгийн тохиромжтой цаг бол ганцаараа шинэ жилийн баярыг тэмдэглэж байх үе юм. Тиймээс өөрт ойр номын дэлгүүрээр зочлон шинэ номуудтай танилцаж, магадгүй удаан хугацааны турш уншихыг хүсэж байсан номоо худалдаж аваарай.

Ирэх оны зорилгоо тодорхойл

Шинэ оны хамгийн сүүлийн өдөр хийх ёстой зүйлсийн нэг бол ирэх оны зорилгоо тодорхойлох явдал юм. Ойрын болон холын зорилгоо дэлгэрэнгүй жагсааж бичээд үүндээ хүрэхийн тулд юуг, яаж хийх ёстойгоо сайтар тунгаан бодож үзээрэй. Энэ нь танд ирэх оноо илүү эрч хүчтэй, зорилттой эхлүүлэхэд тань туслах болно.

Өөрийгөө эрхлүүл

Энэ өдрийг зөвхөн өөртөө зарцуулаарай. Спа үйлчилгээнд цаг авч, гоо сайханд орж, дэлгүүр хэсэж, дуртай хоолоо идэж аль эсвэл өдөржингөө залхуураад хэвтсэн ч болно. Яг л "Home Alone" кинонд гардаг шиг.

Уур амьсгалыг мэдэр

Шинэ жилийг ганцаараа тэмдэглэж байгаа ч гэсэн гэрээ чимэглэж, шинэ жилийн холбогдолтой дуу сонсож, гэртээ шинэ оны дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөөрэй. Мөн шинэ жилийн холбогдолтой үйл ажиллагаанууд дээр зочилж, гадуур алхаж сэтгэлээ сэргээж ч болно.

Өөртөө бэлэг худалдаж ав

Жилийн хамгийн сэтгэл догдлом энэ үеийг бэлэггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тиймээс жилийн турш хичээж ажилласан өөрийгөө урамшуулан өөртөө бэлэг худалдаж аваарай. Удаан хугацааны турш авахыг хүсэж байсан зүйл аль эсвэл хамгийн дуртай амттанаараа өөрийгөө шагнаж болно шүү дээ.

Өдөржингөө кино үзээд хэвтэхэд ч буруудахгүй

Хэд ч үзсэн уйддаггүй киногоо аль эсвэл үзэж байгаад дундаас нь орхисон цувралаа дахин эхлүүлээрэй. Бүр багадаа үздэг байсан шинэ жилийн баяртай холбогдолтой сонгодог бүтээлүүдээс сонгон халуун шоколадны хамтаар өдрийг кино үзэж хөгжилтэй өнгөрөөх боломжтой.  


Buro.Mongolia

2023-12-28, 12:45