Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах сэтгэл догдлом мөч ойртож байна. Энэ үеэр бид сайн сайхан зүйлсийг өөртөө болон бусдад хүсэж, ирэх ондоо төлөвлөсөн зорилго зорилтоо биелүүлэхээр зэхдэг. Тэгвэл зурхайчид болон одон орон судлаачдын үзэж буйгаар он солигдох мөч хүслээ шивнэхэд хамгийн тохиромжтой үе байдаг гэдгийг онцолжээ. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр туршиж болох дэлхийн улс орнуудын хүсэл биелүүлдэг гэгддэг өвөрмөц соёл заншлаас хуваалцаж байна.
Испани улсын иргэд шинэ оны эхний 12 секундэд 12 ширхэг ногоон усан үзмийг иддэг заншилтай. Энэ хугацаанд бүх усан үзмээ идэж чадвал бодсон хүсэл бүр нь тэр жилдээ гарцаагүй биелнэ хэмээн үздэг аж. Тэд энэхүү заншлаа “Las doce uvas de la suerte” буюу “Азтай арван хоёр усан үзэм” хэмээн нэрлэдэг ба 1880 оноос эхлэн Испанид уламжлал болон тогтжээ. Гэхдээ богино хугацаанд олон усан үзэм идэх нь амаргүй тул сүүлийн жилүүдэд усан үзмийн дарсыг 12 удаа амсаж, эсвэл хатаасан жижиг үзмийг идэж хүслээ боддог болсон гэнэ.
Эстони улсад арванхоёрдугаар сарын 31-ны өдөр 12 төрлийн хоол идэх нь ирэх жилдээ азтай байхын бэлгэдэл хэмээн үздэг. Мөн та баярын ширээгээ будаа, вандуй, загас зэргийг ашиглан засвал элбэг хангалуун байдлыг гэртээ дуудахад тань туслах ажээ.
Португал улсын алдартай уламжлалуудын нэг бол хүслээ дэрлэж унтах. Ингэхдээ шинэ жилийн орой 12 хүслээ жижиг цаасан дээр бичиж хуйлан дэрлэж унтана. Маргааш өглөө нь дэрэн доороосоо гурван цаасыг харахгүйгээр сонгож авах ёстой ба сонгогдсон гурван хүсэл тань ирэх ондоо багтаж биелэх болно хэмээн үздэг байна. Хамгийн чухал нь хүслээ товч, тодорхой бичсэн байх хэрэгтэй бөгөөд сонгож авсан цаасаа өөртөө ойр газар хадгалаарай.
Эрт дээр үеэс грек хүмүүс сонгиныг үржил шим, аз завшаан авчирдаг хэмээн итгэсээр иржээ. Цаашлаад шинэ оны өдөр хаалганаасаа сонгино өлгөж гэр орондоо сайн сайхныг дууддаг бөгөөд маргааш нь өлгөсөн сонгиноороо хүүхдүүдийнхээ толгойг зөөлөн цохиж сэрээдэг байна. Энэ нь тухайн жилдээ хүүхдийг ухаан саруул, эрүүл энх яваасай хэмээн ерөөж буйн хэлбэр юм.
Колумбид шинэ оны орой чемоданаа хоосолж байгаад гэр дотроо чирээд гүйдэг уламжлал бий. Ингэхдээ аль болох их дуу чимээ гаргаж, хурдан гүйх хэрэгтэй ба энэ нь ирэх ондоо олон адал явдалтай учирч, очиж үзээгүй улс орнуудаар тань аялахад тусална хэмээн тус орны иргэд итгэдэг ажээ.
Оросын алдарт инээдмийн кино болох “Ёлки 1” дээр нэгэн бүсгүй шинэ оны сүүлийн минутад оргилуун дарсанд хүслээ шатааж уухын төлөө олон адал явдлыг туулж буйгаар гардаг. Үүний адил Орос улсад он солигдох мөчид хүслээ цаасан дээр бичиж шатаан үнсийг нь оргилуун дарсандаа хийж уудаг заншил байдаг ажээ. Ингэснээр боломжгүй мэт байсан хүсэл хүртэл төвөггүйхэн биеллээ олдог гэнэ.
Монголчууд эрт дээр үеэс ямар нэгэн зүйл хагарах нь сайны бэлгэ тэмдэг гэлцдэг. Үүний нэгэн адил Дани улсын иргэд шинэ жилээр гэрийнхээ босгон дээр таваг хагалдаг уламжлалтай ажээ. Таваг олон хэлтэрхий болж хагарах тусмаа азтай байхын бэлгэдэл хэмээн үздэг байна.
Шинэ оны үдэш ямар өнгийн дотуур хувцас өмсөж буйгаас шалтгаалан ирэх оны хувь заяа шийдэгддэг хэмээн Латин Америкчууд итгэдэг. Дотуур хувцасны өнгө улаан бол хайрыг, шар бол аз завшааныг, цагаан бол амар тайвныг ирэх онд дууддаг байна. Мөн тэд 31-ний үдэш хар өнгийн дотуур хувцас өмсөхөөс татгалздаг бөгөөд энэ нь азгүйдлийг амьдралд татаж болзошгүй хэмээн цээрлэдэг гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт