Яагаад авто зогсоолуудыг ашиглаж нарны эрчим хүч үйлдвэрлэж болохгүй гэж?

Хотжилт ихсэх тусам өндөр барилгуудын дунд зайчлан бий болгосон машины зогсоолууд улам олширсоор байна. Сул зай талбай жил ирэх тусам ховордох болсон том хотуудын задгай талбайн машины зогсоолуудыг нарны эрчим хүч үйлдвэрлэх халуун цэг болгох санаачилга олон улс даяар эрчээ аваад буй. Үүний нэг жишээ нь, Английн өмнөд хэсгийн томоохон машин үйлдвэрлэгч компани өөрийн оффисын гадаах машины ил зогсоолд төмөр карказан сүүдрэвч хийж, дээврийг нь 2,000 гаруй нарны панелиар хучсан юм. Энэ нь нэг мегаватт буюу 100 айлыг цахилгаанаар хангах эрчим хүчний эх үүсвэр юм. Нарны хавтан үйлдвэрлэгч SIG компанийн бизнес хөгжлийн менежер Гай Чилверс “Машины зогсоолыг нарны хавтангаар дээвэрлэх нь гайхалтай шийдэл юм” хэмээсэн бөгөөд ийм төрлийн авто зогсоолуудыг эрчим хүч нэн шаардлагатай албан байгууллагууд буюу эмнэлэг, томоохон худалдааны төвүүд болон бусад онцгой объектуудад бий болгох нь чухал гэдгийг дурджээ.

Үүнээс гадна автомашиныг бороо цас, нар салхинаас хамгаалах зэргээр “нэг сумаар олон туулай буудах” ач холбогдолтой энэхүү санаачилгыг Францын засгийн газар бүрэн дэмжиж, бүх томоохон авто зогсоолыг нарны хавтангаар дээвэрлэх шийдвэрийг гаргасан билээ. Ингэхдээ 80-400 машины зогсоолтой албан газрууд 5 жил, 400-аас дээш зогсоолтой газрууд 3 жил нарны хавтан байршуулах бөгөөд энэ тогтоол хэрэгжсэнээр 11 гигаватт хүртэлх эрчим хүч үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж байгаа аж. Харин Их Британи улсын хувьд албан ёсны захирамж гараагүй ч маш олон албан байгууллагууд жил ирэх тусам үнэ нь өссөөр байгаа цахилгааны зардлаа хэмнэхийн тулд авто зогсоолуудаа нарны эрчим хүчний “ферм” болгож эхэлсэн байна.

Энэ жишгийн дагуу монголын томоохон албан байгууллагууд дэлхийн дулаарал, эрчим хүчний хомсдол зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж, яагаад өөрсдийн авто зогсоолоо ашиглан нарны эрчим хүч үйлдвэрлэж болохгүй гэж?

Buro.Mongolia

2023-05-26, 11:52