Жүжигчдийн Алтан Бөмбөрцөг наадамд өмссөн хар хувцаснуудыг дуудлага худалдаанд оруулна

Зоуи Кравицын Saint Lauren-ын даашинз, Марго Роббигийн Gucci-гийн гоёл

Онлайн дуудлага худалдааны eBay тавцан нь Condé Nast хэвлэлийн газар ба Time's Up хөдөлгөөнтэй хамтран нэгэн сайн үйлсийн төсөл зохион байгуулахаар болжээ. Эдгээр байгууллагууд хамтран  нийт 34 жүжигчний 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолд оролцохдоо өмссөн хар өнгийн хувцаснуудыг дуудлага худалдаанд оруулах гэнэ. Дуудлага худалдаанд орох эд зүйлсийн дунд жүжигчин Жуд Лоугийн хослол, Зоуи Кравицын Saint Laurent-ийн даашинз, Марго Робби, Дакота Жонсон нарын Gucci загварын ордны урласан даашинзууд, Алисия Викандер, Эмма Стоун, Мишель Уильямс нарын өмссөн Louis Vuitton брэндийн гоёлууд, мөн Сирша Ронаны Versace-гийн даашинз багтаж байгаа юм.

Дуудлага худалдаанаас олсон бүх мөнгийг бэлгийн дарамтанд өртсөн хохирогчдод хууль зүйн дэмжлэг үзүүлэхэд зориулах болно.

Condé Nast-ын арт директор, Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур энэхүү төслийн талаар "Бид (Condé Nast) нийгмийн чухал өөрчлөлтийг дэмжихэд шуурхай ажиллагаа хэрэгтэй гэдэгт үргэлж итгэж ирсэн" гэж ярилаа.

Дуудлага худалдаа Нью-Йоркийн цагаар нэгдүгээр сарын 19-нд өглөө 9:00 цагаас эхлэх бөгөөд нэгдүгээр сарын 26-н хүртэл үргэлжилнэ.

Buro.Mongolia

2018-01-18, 11:00

  • Зураг: