#BuroFriends: Балетын ертөнцийн фанат Д.Алтанхуяг

Нэмэлт ярилцлагатай

Ж.Чинбат

Бюрогийн найзууд булан энэ удаа Монгол улсын гавьяат жүжигчин, балетын ертөнцийн жинхэнэ од Д.Алтанхуягийн дотоод ертөнцийг уншигч таны өмнө дэлгэж байна

 

Өнөөдөр 34 настай Д.Алтанхуяг анх 1993 онд Хөгжим бүжгийн коллежид суралцаж эхэлсэн цагаасаа эхлэн амьдралынхаа 23 жилийг балетын урлагт зориулж яваа хүчирхэг залуу юм. Яагаад хүчирхэг гэж хэлж байна вэ гэвэл балетын урлаг гаднаасаа эмзэг, турьхан мэт харагддаг ч үнэндээ маш их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнгээр бий болдог зүйл юм. Балетчин хүн шилдэг нь байхын тулд дуртай зүйлсээсээ татгалзаж, харин өөрийнхөө бүх л сонирхол, үйл хөдлөл, бодол санаагаа зөвхөн энэ урлагтаа зориулдаг болох нь Д.Алтанхуягаас тод харагдана.

Жирийн үзэгч бид тайзнаа бүжиглэж буй бүжигчнээс цөөн хэдэн хөдөлгөөн тогтмол хардаг боловч үнэндээ тэд үүнийг хийх гэж хэдэн зуун жижиг үйлдэл хийж байдаг. Үүнийг Д.Алтанхуягийн дараах ярианаас ойлгож болно. "Хүн маш дасамтгай амьтан юм. Урлагт ч бас адилхан. Бид хөдөлгөөнөө улам нарийсгах гэж өдөр бүр нэг зүйлийг хийж, нэг л хөгжмөө сонсдог. Эмэгтэйгээ бүр эвтэйхэн өргөж, түүндээ түүртэхгүй болоод ирэхээр илүү мэдрэмжиндээ анхаарч, үйлдлээ хөгжимтэйгээ улам уусгаж өгдөг. Тэгээд сүүлдээ илүү гоё хийх амбиц гаргаад эхлэхээр бүжгээ бүр сайн эзэмшиж эхэлдэг. Тэгж эзэмшсэн зүйлээ алдмааргүй байдаг ч дахиад л өөр бүжиг рүү шилжиж, бүгдийг эхнээс нь хийх болно." Тэгэхээр балетын жүжигчдийн хөдөлгөөн бүр үнэ цэнэтэй байдаг аж. 

Д.Алтанхуяг энгийн үед тийм ч их зүйл ярьдаггүй, хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага бага өгдөг тул бид энэ удаа түүний дуртай зүйлийг дэлгээд зогсохгүй мөн балетын ертөнцтэй холбоотой асуусан зарим асуултын хариуг мөн давхар хүргэж байна. 

 

-

ДАлтанхуяг энэ удаа эх орондоо ирэхдээ уламжлал болгон зохиодог "Night of Ballet" наадмаа зохион байгуулах зорилготой ирсэн байгаа. Энэхүү наадамд олон орны бүжигчидтэй хамт Г.Цолмон, Ч.Ганчимэг, Б.Батболд, А.Эрдэнэболд, Б.Саруул зэрэг шилдэг уран бүтээлчид тоглох юм.

Хүмүүс балетчин гэж ярьдаг ч мэргэжилтнүүд балетын жүжигчин гэж тодорхойлдог. Таныхаар балетын жүжигчин гэж хэнийг хэлэх вэ?

Балетын жүжигчин гэж үзүүлэх гэж буй утга санааг үйл хөдлөлөөрөө, үггүйгээр үзүүлэхийг л хэлдэг.

Гадны балетчид хурц хөдөлгөөнтэй, монгол бүжигчдийн хөдөлгөөн арай зөөлөн байгаа харагддаг. Үүнд сайн, муу гэх ялгаа бий юу?

Аливаа зүйлийг хурдтай хийнэ гэдэг бол илүү их ур чадвар, бэлтгэл сургуулилттай байгаагийн шинж юм. Ер нь бол тодорхой ялгаа бий л дээ. Тэгэхдээ удаанаар хийх ч бас хэцүү. Тухайн мэргэжлийн ур чадвар дээр удаан үед нь удаан, хурдан үед нь хурдан хийж чадах хэрэгтэй онцлог байж болно. Хөдөлгөөнийг утгажуулж, жүжиглэж харуулах гэдэг нь шаламгай байх, удаан байхаас арай өөр зүйл л дээ.

Та жилд хэд орчим балетын жүжигт оролцож байна вэ?

Шинэ бүтээлүүд рүүгээ анхаарал хандуулж, өөрийгөө сорьж үзэх гэж байгаа. Жефри Сео, Фанг-И зэрэг өнгөрсөн жил манайд ирж тоглосон бүжиг дэглээчидтэй хамтарч ажиллаж байгаа. Тэдний шинийг илэрхийлэх гэж байгаа зүйл өнөө цагт их ойрхон санагддаг. Мэдээж бас сонгодог бүжгээ бас орхихгүй.

Балетчин хүн сонгодог болон модерн хоёрыг хослуулах боломжтой юу?
Орчин цагт тэгэхээс өөр аргагүй.

"Хэдийгээр дэлхий 200 гаруй улс оронтой ч одоо бодоход манай балетын талбар их жижигхэн юм шиг санагддаг болсон. Жаахан байхад их л том санагддаг байж" 

Та түрүү ярьсан балетчин хүн маш хатуу, дэг жаягийн дагуу амьдрах хэрэгтэй болдог гэж. Тэгвэл үүнээс хүн гарах  гэж оролдвол хэн болохгүй гэж хориглож, зааглах вэ?

Тэгж хориглох хэн ч байхгүй. Энд зүгээр л хүний ухамсар байгаа. Аливаа зүйл дээр хариуцлага гэж бий. Мэргэжил өөрөө хариуцлага шаардана. Жишээ нь би телевизийн шоу үзээд байвал дараагийн шоуг ахиад л үзмээр санагдана. Гэтэл би байнга бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй учраас тасалж чадахгүй.

Таны ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Ойрын гэвэл балетын сургуульдаа анхаарал хандуулж, яавал манай хөрсөн дээр сайн буух вэ гэдэгт анхаарч байна. Бид олон зүйлийг дуурайж, хэлбэрээр явж, олон янзын хүмүүс гарч ирж байгаа. Тэгвэл аль нь зөв юм гэдгийг тодорхойлох нь ойрын зорилго юм.

Ирээдүйн зорилго бол балетын урлаг маань ирээдүй болсон залуучууд миний туулж гарсан хэцүү зүйлсийг битгий мэдрээсэй гэж бодож байна. Гадаадад, цаг үе болгонд балетын урлаг ямар байна, Монголд яг л тэгж хөгжөөсэй. 

Хэцүү байсан гэдэгт юу, юуг хэлж байгаа вэ?

Хүн юм мэдэхгүй байна гэдэг аягүй хэцүү. Тэрнээс болж өрсөлдөх чадваргүй байдаг ба үргэлж буруу сонголт хийх болдог. Нэг ёсондоо тийм зовлонтой байдал манайд байх ёсгүй. Тэгэхээр одоо аль болох чадлаараа хичээж байна. Гэвч энэ бол ганц зүйлээс хамаарахгүй урлаг.

Та төлөвлөсөн тоглолтынхоо гүйцэтгэлийг хувиар тооцож үзэж байв уу?
Ер нь л дандаа тавин хувьтай байдаг. Эсвэл нэгийг алдана, эсвэл нэгийг ононо. Ямар нэгэн сайн зүйлийг авъя гэвэл нэгийг нь алдах нь амьдралын хууль юм биш үү?

Зуун хувь болж чадахгүй байгаагийн учир юу вэ?

"Артистик директор" гэдэг хүн урлагийнхаа талбар дотор хэн, хаана мундаг байна, ямар бүтээл байлдан дагуулж байна, яагаад ийм сайн байна вэ гэдгийн учрыг ойлгож, өөрийн нийгэмдээ дүн шинжилгээ хийгээд, хэрхэн нийцүүлэхийг нь бодож олдог. Тэгтэл ихэнх цаг маань зохион байгуулалтын ажилд өнгөрч байна л даа. Өдөрт 24 цаг байдаг ч яг үнэндээ ажил хийхэд маш бага хугацаа юм.

Балетын бүжигчдийн оргил үе нь ердөө хоёрхон жил үргэлжилдэг богинохон хугацаатай. Тэр гоё, эрч хүчтэй байгаа дээр нь Монголдоо авчирч бүжиглүүлээд, үзэгчдэд гайхамшгийг мэдрүүлэхийг хүсдэг. Үзэгч үүнийг хараад "Энэ хүн шиг болох юмсан" гэх тэр гоо зүйн таашаал, төлөвшлийг аваад, хүүхдээ ингэж хүмүүжүүлэх юмсан гэж хүсэх, бүтэн цөм ойлголтыг аваасай гэж зорьдог доо. 

Ж.Чинбат

2016-05-27, 14:00