Технологийн хорхойтнууд болон үнэнч шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст Apple компани хэдхэн цагийн өмнө Купертино дахь Стив Жобсын театрт шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээгээ зохион байгууллаа. Уламжлал ёсоор тус компанийн тэргүүн Тим Кук болон түүний багийн гишүүд шууд дамжуулалт хийж, шинэ бүтээгдэхүүн бүрийг дэлхий нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэдгээр төхөөрөмжүүдээс мэдээж хэрэг хүн бүхний анхаарлыг хамгийн ихээр татаж байсан зүйл нь шинэ загварын iPhone. Тиймээс бид шинээр танилцуулагдсан iPhone 11, iPhone 11 Pro ба iPhone 11 Pro Max гэсэн гурван төрлийн ухаалаг утаснуудын гол онцлогуудыг хамгийн түрүүнд танилцуулахаар шийдлээ.
iPhone 11 Pro ба iPhone 11 Pro Max
Илүү хүчирхэг илүү бат бөх
Арга хэмжээний үеэр Apple компани 5,8 ба 6,5 инчийн Super Retina XDR дэлгэцтэй iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max гэсэн хоёр шинэ загвар харуулсан юм. Шинэ ухаалаг утаснуудад A13 Bionic гэх цоо шинэ хүчирхэг чип суулгаж өгчээ. Энэхүү ухаалаг чип нь өмнөх загваруудад суулгагдсан A12 чипээс 20% хурдан CPU-тэй болсон бөгөөд секундэд 1 их наяд үйлдэл хийх чадамжтай. Хэдийгээр шинэ процессор нь хүчирхэг боловч утасны цэнэгийг нэмэлт 4-5 цагаар илүү удаан хугацаанд барих боломжыг олгож байна.
Мөн шинэ ухаалаг утаснуудыг ус болон тоосны хамгаалалттай асар бат бөх матт шил болон зэвэрдэггүй ганг хослуулан бүтээжээ. Жишээ дурдахад одоо шинэ төхөөрөмж 4 м усны гүнд (30 минут) тэсвэртэй болсноос гадна, дээрээс нь кофе, цай, ундаа гээд ямар ч шингэн зүйл асгасан эвдэрнэ хэмээн эмээх хэрэггүй болсон байна.
Гурван хос камер ба слофи
Apple компани түүхэндээ анх удаа гурван хос камерын системийг нэвтрүүллээ. Энэхүү арын камерын систем нь хөрөг зураг авах зориулалттай telephoto, өргөн өнцгөөр зураг авдаг wide angle болон 120 хэмийн супер өргөн өнцгөөр зураг дардаг ultra wide angle гэсэн гурван камераас бүрдэж байна. Бүх камер 12 MP чанартай бөгөөд 4K видео бичих чадвартай. Мөн хиймэл оюун ухааны тусламжтай нийт есөн зургийг нэгтгэн хамгийн шилдэг хувилбарыг гаргаж авдаг Deep Fusion технологийг нэвтрүүлэхээр болсноо Apple зарласан юм.
Үүнээс гадна шинэ iPhone утасны урд камер удаашруулсан селфи видео бичдэг шинэ үйлдэлтэй болсон ба хөгжилтэй нь тэд үүнийгээ "слофи" хэмээн нэрлэжээ.
Үнэ ба худалдаанд гарах хугацаа
Шинэ iPhone 11 Pro ба iPhone 11 Pro Max ухаалаг утаснууд нь ногоон (midnight green), саарал (space gray), мөнгөлөг (silver), алтлаг (gold) гэсэн дөрвөн өнгө болон 64 GB, 256 GB, 516 GB багтаамжийн сонголттойгоор худалдаанд гарч байна. Харин үнийн хувьд багтаамжаасаа хамаараад iPhone 11 Pro 999 ам.доллар, iPhone 11 Pro Max 1,099 ам.доллараас эхлэн худалдаалагдана. Хэрэглэгчид ухаалаг утаснуудыг энэ баасан гарагаас эхлэн урьдчилан захиалах боломжтой.
Боломжийн үнэтэй iPhone 11
Apple компани энэ үдэш харьцангуй боломжийн үнэтэй iPhone 11 загварын ухаалаг утас танилцуулжээ. Энэхүү загварт мөн л А13 Bionic чип, 6,1 инчийн Retina дэлгэц суулгаж өгсөн байна. Гэхдээ уг загвар нь хос камерын системтэй гэдгээрээ онцлог юм. Тухайлбал энэхүү ухаалаг утас нь 4K видео бичиж, слофи хийдэг 12 MP урд камераас гадна өргөн өнцгийн wide angle ба ultra wide angle гэсэн хоёр камертай. Үүгээр ч зогсохгүй шинэ iPhone 11 өмнөх үеийн iPhone XR загвартай харьцуулахад цэнэгээ 1 цаг илүү удаан барих боломжтой болжээ. Харин гаднах дизайны хувьд хөх ягаан, цагаан, ногоон, шар, хар, улаан гэсэн зургаан өнгийн сонголттой. Шинэ iPhone 11 ухаалаг утсыг худалдаж авахаар сонирхож буй хүмүүс 699 ам.доллар төлөн өөрийн болгох боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт