Бид яагаад видео тоглоом тоглох хэрэгтэй вэ? (Судалгааны үр дүнгээр)

Видео тоглоом таныг болон таны амьдралыг сайжруулна гэдгийг эрдэмтэд баталж байна

Видео тоглоом орчин үеийн соёлын нэгэн чухал хэсэг болсон ч ихэнх хүмүүс үүнд таагүй хандаж, дэмий цаг үрсэн зүйл хэмээн тооцдог. Бюро шинжлэх ухааны судалгаануудаар "зэвсэглэн" яагаад видео тоглоом тоглох хэрэгтэйг тайлбарлахаар шийдлээ.

Видео тоглоомын салбар яг л кино урлагтай адил энтертейнмент ертөнцийн томоохон хэсгийн нэг бөгөөд энэхүү зах зээл нь жил ирэх тусам улам бүр өссөөр байна. Үүнээс гадна дээр дурдсанчлан видео тоглоом нь орчин үеийн соёлын нэгэн чухал хэсэг болсон байгаа. Видео тоглоом дэлхийн томоохон музейнүүдийн үзмэрийн нэг хэсэг болж байгаа нь үүнийг батална. Жишээ дурдахад 2012 онд Нью-Йоркийн алдарт орчин үеийн урлагийн MoMA музей хэд, хэдэн видео тоглоомыг байнгын үзмэрүүдээрээ сонгож, үүнээс хойш тогтмол шинэ тоглоомуудыг нэмсээр байгаа билээ. Ер нь дэлхийд хэдэн арван видео тоглоомын музей байдаг. Зарим нэг музей видео тоглоомын тусламжтай хүмүүсийн мэдлэгийг тэлэхийг оролддог байна. Тухайлбал Их Британийн музейд The Explorer нэртэй дэлхийн түүх ба археологийн олдворын сэдэвтэй флэш тоглоом бий.

Үүнээс харахад эрдэмтэд видео тоглоом хүнд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар шийдсэнд гайхах зүйлгүй юм. Сүүлийн жилүүдэд судлаачид видео тоглоом тоглох нь бидний сэтгэхүй, сэтгэл зүй ба үйл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэхийг хичээж байна. Видео тоглоом судлал бол шинжлэх ухааны шинэ чиглэл боловч эрдэмтдийн ажлын үр дүн аль хэдийнэ "видео тоглоом бол цагийн гарз" гэсэн хэвшмэл ойлголтыг эвдээд эхэлжээ. Мөн видео тоглоомыг аюултай гэж үздэг хүмүүс ч цөөнгүй. Хэдийгээр ДЭМБ-аас видео тоглоомд донтохыг өвчин хэмээн тодорхойлсон ч тус байгууллагын мэргэжилтнүүд ийм төрлийн донтолт маш цөөн байдаг тухай нэмж онцолсон юм. Тэгвэл дэлхийн олон арван сэтгэл зүйчид энэ талаар тодорхой шинжлэх ухааны үндэслэл байхгүй тул одоогоор ийм өвчний талаар ярихад эрт хэмээн мэдэгдсэн байдаг. Гэхдээ энэ нь ямар ч зүйл хэтрэхээрээ хор хөнөөлтэй болдог гэх алтан дүрмийг үгүйсгэхгүй юм.

Видео тоглоом стресс тайлж, сэтгэл санааг тайвшруулдаг

Ихэнх видео тоглоомчдын хувьд энэ нь судалгаатай, судалгаагүй ойлгомжтой зүйл. Эцсийн эцэст хүнд өдрийн дараа стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайвшруулахын тулд бидний асуудлыг мартуулах ямар нэг өөр зүйлд сатаарахад л хангалттай. Тэгэхээр компьютерын тоглоом нь яг л ном, кино, цувралтай ижил зарчмаар үйлчилдэг гэсэн үг юм.

Харин туршлагагүй хүмүүст Орландо дахь Флоридагийн их сургуулийн эрдэмтэд 2017 онд нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулжээ. Тодруулбал видео тоглоом тоглосноор стресс хурдан тайлагддаг болохыг тэд баталсан байна. Эрдэмтэд 66 хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд туршилтын явцад тэднээс ажлаасаа таван минутын завсарлага авахыг хүсчээ. Гэхдээ судалгаанд хамрагдагсдын тал хувьд нь завсарлагааны үеэр видео тоглоом тоглохыг санал болгож, үлдсэн хүмүүст ийм боломж олгоогүй байна. Дараа нь судалгаанд оролцсон хүмүүсийн стрессийн түвшин, сэтгэхүйн ядаргаа болон сэтгэл санааны байдлыг хэмжсэн байна. Туршилтын үр дүнд зөвхөн видео тоглоом тоглож байсан хүмүүсийн үзүүлэлтүүд л сайжирсан байсан бол огт тоглоогүй хүмүүс нь ямар нэгэн өөрчлөлтийг мэдрээгүй аж.

Түүнчлэн 2014 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэд 10-15 настай 5,000 өсвөр насны хүүхэд дээр судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд өдөрт нэг цаг хүртэлх хугацаанд видео тоглоом тоглож байсан хүүхдүүд сэтгэл санааны хувьд огт видео тоглоом тоглодоггүй хүүхдүүдээс илүү тогтвортой байсан нь тогтоогдсон байна. Тиймээс зүгээр л таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг видео тоглоом олж тоглох нь чухал юм. Гэхдээ Оксфордын эрдэмтдийн хийсэн бас нэгэн судалгаанд өдөрт гурваас дээш цаг видео тоглоом тоглодог хүмүүс амьдралд сэтгэл хангалуун бус байдаг нь тогтоогджээ. Энэ нь бүх зүйл хэмжээ хязгаартай байх ёстой гэдгийг бидэнд дахин сануулж байгаа юм.

Тоглоом тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг

Берлинд байрлах Макс Планкийн нэрэмжит хүний хөгжил ба шинжлэх ухаан судалгааны нийгэмлэгийн институтийн эрдэмтэд 2013 онд хийсэн судалгааны ажилдаа видео тоглоом нь хүний тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг болохыг баталсан байдаг. Видео тоглоомыг тоглох явцад ой тогтоолт, орон зайн баримжаа, мэдээлэл боловсруулалт, сэтгэн бодох чадварыг хариуцдаг тархины хэсгүүд идэвхэждэг болох нь тогтоогджээ.

Эрдэмтэд судалгаанд хамрагдсан зарим хүмүүсээс хоёр сарын хугацаанд өдөр бүр 30 минут Super Mario 64 тоглоом тоглохыг хүсэж, үлдсэн бүлэг хүмүүст ямар ч тоглоом тоглохгүй байхыг анхааруулсан байна. Үүний үр дүнд видео тоглоом тоглож байсан хүмүүсийн тархины саарал эд нэмэгдсэнээр дээр дурдсан тархины хэсгүүдийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байжээ. Харин огт тоглоом тоглоогүй хүмүүст ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна.

Видео тоглоом нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг интерактив орчин учраас хүний тодорхой ур чадваруудыг дасгалжуулах боломжтой байдаг. Видео тоглоом тоглох нь тухайн хүнээс маш их анхаарал төвлөрөлт шаардахын зэрэгцээ амжилттай ба амжилтгүй үйлдлүүдээ тогтоож авахад нь тусалдаг. Мөн харааны хүлээн авах чадварыг зохицуулж, болж буй үйл явцад хурдан хариу үйлдэл үзүүлж, логик сэтгэлгээг хөгжүүлж, хэд, хэдэн алхмын өмнөх зүйлийг урьдчилан тооцоолох чадварыг сэргээдэг гээд маш олон давуу талтай.

Видео тоглоом нь сэтгэн бодох чадварт нөлөөлдөг болохыг баталсан өөр судалгаанууд ч бий. Жишээ нь 2014 онд ийм үр дүнг Мадисон дахь Висконсины их сургуулийн эрдэмтэд, мөн үүнээс өмнө буюу 2007 онд Женевийн их сургуулийн эрдэмтэд тус, тус нийтэлж байв. Тэд бүгд адал явдалт тоглоомууд хүний тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоосон юм.

Үүнээс гадна Висконсины их сургуулийн эрдэмтэд өөр давуу талуудыг ч нэрлэжээ. Тухайлбал түргэн занг багасгаж, нэгэн зэрэг олон үйлдэл хийх, өнгө ялгах чадварыг нэмэгдүүлж, хөгшрөлтийн улмаас үүсдэг тархины үйл ажиллагааны доройтлыг удаашруулдаг гэнэ. Ингээд ч зогсохгүй адал явдалт видео тоглоомууд нь тоглогчдыг хурдан хугацаанд зөв шийдвэр гаргахад тусалдаг гэдгийг Рочестерын их сургуулийн судлаачид 2010 онд хийсэн судалгаагаар баталсан юм.

Сонирхолтой нь Нидерландын Неймегений их сургуулийн эрдэмтэд видео тоглоом хүнд хэрхэн нөлөөлдөг тухай олон арван судалгааг нэг дор цуглуулахаар шийдсэн байна. Тэдний хэлснээр видео тоглоом тоглосноор олж авсан чадваруудаа хүн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай байдаг гэжээ. Энэ хүртэл тоочсон бүх зүйлс видео тоглоомыг цагийн гарз гэж тооцохоо болиход хангалттай шалтгаан болох биз ээ.

Бусад хүмүүстэй харилцаа тогтооход тусална

Видео тоглоом нь хүнийг хаалттай, нийгэмших чадваргүй болгодог гэх үзэл одоог хүртэл оршин тогтносоор байгаа. Юуны өмнө энэ нь бусадтай харилцаж чаддаггүй, ихэнх цагаа компьютерын урд өнгөрүүлдэг зожиг хакерын дүр төрх масс соёлд дэлгэрсэнтэй шууд холбоотой.

Тэгвэл Америкийн видео тоглоомын программ хангамж үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн 2012 онд хийсэн судалгаа үүнийг үгүйсгэж байна. Тодруулбал геймерүүдийн 70% найз нөхөдтэйгөө видео тоглоом тоглож, хамтдаа нэг баг болж эсвэл хоорондоо өрсөлдөх дуртай байдаг гэдгийг тэд баталжээ. Мөн World of Warcraft зэрэг олон тоглогчтой тоглоом дотор хүмүүс амжилтад хүрэхийн тулд хоорондоо харилцан зөвлөлдөж шийдвэр гаргадаг тул бусдад туслах, үлгэр дуурайлал болох чадварууд нь хөгждөг гэнэ. Гэхдээ одоогийн байдлаар энэ эффект нь бодит амьдрал дээр хэр удаан үргэлжилдэг нь тодорхойгүй байна.

Ийм төрлийн тоглоом нь хүнийг нийгэмшихэд тусалдаг болохыг баталсан видео тоглоомын салбараас хараат бус судалгаанууд ч бий. 2015 онд Pew Research Center судалгааны төв видео тоглоом нь 13-17 настай тоглоомчдыг хэрхэн нийгэмшүүлж байгаа талаар судалж үзжээ. Судалгааны үр дүнд хөвгүүдийн 36% нь видео тоглоом тоглох явцдаа бусадтай танилцаж шинэ найзуудтай болсон гэдгээ хүлээсэн бол охидын ердөө 13% нь тоглоомын үеэр шинэ танилтай болсон гэдгээ мэдэгджээ. Энэ тоо нь магадгүй видео тоглоом бол зөвхөн хөвгүүдийн зугаа гэсэн хэвшмэл ойлголттой холбоотой байж болох юм. Гэхдээ ийм төрлийн тоглоомыг зөвхөн өсвөр насныхан тоглодог гэж ойлгох хэрэггүй. Учир нь нас ба хүйснээс үл харгалзан яг л кино үзэх, спортоор хичээллэхтэй адил бидэнд найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөх боломжийг видео тоглоом олгодог. Эцэст нь хэлэхэд видео тоглоом зөвхөн нийгэмшихэд туслаад зогсохгүй зарим нэг ур чадваруудыг давхар хөгжүүлдэг давуу талтай. Хамгийн гол нь хэмжээ хязгаараа мэдэх нь л чухал юм. 

Buro.Mongolia

2018-12-05, 18:00