Илон Маск vs. Марк Цукерберг
Суут ухаантнууд үргэлж адил сэтгэдэггүй гэдгийг батлах томоохон хэмжээний маргаан технологийн салбарт дэгдээд байна. Тодруулбал, дэлхийн технологийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүс болох SpaceX, Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск ба Facebook нийгмийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг нар хиймэл оюун ухааны хөгжлийн тал дээр хоёр өөр байр суурьтай буйгаа Twitter хуудсаар дамжуулж илэрхийлжээ.
Саяхан АНУ-ын үндэсний амбан захирагчдын холбооны уулзалтын үеэр Илон Маск хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтний оршин тогтнолд аюул учруулж болзошгүй бөгөөд үүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Тэрээр "Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний соёл иргэншилд маш том эрсдэлийг авчирна. Өмнө нь хүн төрөлхтөнд тулгарч байсан бүх аюулууд хиймэл оюун ухааны хажууд юу ч биш. Хиймэл оюун ухаан бол гараар барьж болохгүй, дэлхийн цахим сүлжээнд оршиж байдаг нэгэн оюун ухаан. Харин нэг л өдөр тэр өөрийн гэсэн тоглоомыг эхлүүлж магадгүй. Би яагаад хиймэл оюун ухааны хөгжлөөс айж байна вэ гэж үү? Хиймэл оюун ухаан мэдээллийг гуйвуулж, хуурамч мэдээлэл цацаж, жинхэнэ дайн эхлүүлнэ гэхээс би болгоомжилж байна" гэжээ. Мөн тэрээр аль болох хурдан хугацаанд хиймэл оюун ухааныг хянах систем бүтээх хэрэгтэй гэж нэмж онцолсон юм.
Харин энэ тал дээр Марк Цукерберг огт өөр бодолтой байна. Тодруулбал Марк Пало-Альто дахь гэртээ Facebook-ээр шууд дамжуулалт хийж Илон Маскийг шүүмжилжээ. Цукерберг "Илон Маск маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ертөнцийн төгсгөлийн дүр зургийг төсөөлөөд байгаа хүмүүсийг би ойлгохгүй байна. Би их өөдрөг үзэлтэй. Хиймэл оюун ухаан ирээдүйд бидний ертөнцийг илүү сайжруулна гэдэгт итгэдэг. Жишээ нь ирэх 5-10 жилд хиймэл оюун ухаан анагаах ухааны салбарт ямар нэг өвчнийг бараг алдаагүй оношилж чаддаг болно. Тиймээс хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулах нь маш том төөрөгдөл юм" гэж мэдэгдсэн байна.
Марк Цукербергийн мэдэгдлийн дараа Илон Маск "Би Марктай энэ талаар ярилцсан. Тэр энэ сэдвийн талаар маш хязгаарлагдмал мэдлэгтэй" гэж Twitter хуудастаа бичжээ. Харин та тэдний хэнийх нь зөв гэж бодож байна вэ?
I've talked to Mark about this. His understanding of the subject is limited.
— Elon Musk (@elonmusk) July 25, 2017
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт