"Ангийн улирал эхэллээ" гэх сэтгэл хөдөлгөм үгний цаана маш олон адал явдал, саад бэрхшээл, амжилт ололт бий. Харин анд явах гөрөөчин хүнд ямар зан чанар байх хэрэгтэй вэ? Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл ярьж байна
Дэлгэр Монгол оронд намрын дунд сар гарахад эрчүүд тэнгэр хангайгаа шинжиж, "хөх төмөр"-өө зэхэж эхэлдэг. Энэ бол гөрөөлөх цаг боллоо гэсэн үг юм. Монголд ангийн улирал наймдугаар сарын 15-наас эхэлдэг ба арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэнэ. Намрын дунд сараас өвлийн дунд сар хүртэлх энэ хугацаанд мөн ан амьтны орооны үе тохиодог. Харин өвөл арванхоёрдугаар сараас хойш амьтдын хээлтэй болон төл хүлээж авах цаг үргэлжилдэг тул тэр хугацаанд анд явах хүн гэж байхгүй. Зарим ан амьтдыг бас тодорхой цагт агнахгүй байхыг хуулиар зааж өгсөн байдаг билээ.
Монголын мэргэжлийн анчдын холбоо энэ намрыг тун завгүй өнгөрөөх бололтой. Тэд одоо 2013 оноос хойш бий болсон 61 гаруй агнуурын бүс нутгуудад ан амьтад хэр зэрэг өсч, үржсэн байна вэ гэдэг судалгаан дээр ажиллаж байна. Жишээ нь 2014 оноос хойш агналт хийгдээгүй Төв аймгийн Дэлгэрхаан суманд байх агнуурын бүс нутагт өмнө нь 11 угалз харагдаж байсан бол энэ наймдугаар сарын 11-нд хийгдсэн тооллогоор 24 болж өсчээ. Удахгүй энэ арваннэгдүгээр сарын үеэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Мэргэжлийн анчдын холбоо хамтарч бүх ан амьтдаа тоолох гэнэ. Тэд "Үнэн зөвөөр нь тоолно" гэдгийг цохон тэмдэглэж байсан юм.
Угалз, тэх, янгир, халиун буга зэрэг амьтад хэзээнээс л улсад үнэ цэнэтэй валют оруулж ирдэг байсан нь одоо ч хэвээрээ. Олзворын агнуурын чиглэлээр гадаадаас ирэх анчид нэг Алтайн угалз агнасны төлөө 22 мянган доллар, говийн угалзад 11 мянган долларыг ангийн амьтны нөөц ашигласны төлбөр, хураамж болгон төлдөг байгаа. Харин жилд хэд, хэчнээнийг агнах тоог нь тухайн амьтдын биологийн үржил, сүргийн тэнцвэртэй байдлыг харгалзан тогтоодог аж.
Ан гөрөө гэдэг бол хүн бий болсон цагаас эхлэн өнөөг хүртэл хөгжиж ирсэн хамгийн эртний мэргэжлүүдийн нэг юм. Монголд ан ав төр болон цэргийн бодлогын чанартай хөгжсөөр 1990 онтой залгасан бол Америк, Канадад мөн өөрийн гэсэн онцлог түүхтэй хөгжсөн байдаг. Европын улсууд Хойд Америкт газардаад нэн тэргүүнд хийсэн ажил бол бүхий л ан амьтдыг эдийн засгийн эргэлтэнд зориулж, заримыг нь бүр устах хэмжээнд хүртэл нь агнасан. Энэ тухай Леонордо Ди Каприогийн тоглосон "Revenant" кинонд зах зухаас нь үзүүлсэн байдаг. "Зэрлэг амьтдын эмгэнэлт түүх" зэрэг ийм агуулгатай ном зохиол ч олон. Гэвч Америк, Канадууд хамаг ан амьтан нь устах хэмжээний сүйрэлд хүрсний дараа л байгаль дээрх амьтны нөөцийг хайрлах, хамгаалах, өсч үржихэд нь таатай нөхцөл байдал бий болгохыг хичээж эхэлсэн юм. Тэд үүний тулд өндөр өртөгтэй маш их ажил хийсээр одоо нэгдсэн тогтолцоотой болсон ба энэ нь өнөөдөр дэлхийн ангийн жижиг болжээ.
Монголд ийм нөхцөл хожуу үед буюу дөнгөж хорь гаруй жилийн өмнө үүсээд, одоо "завсрын үе"-ийн хяналтгүй байдлаас ан амьтдаа хайрлаж, хамгаалдаг зөв систем рүү явж байна. Ардчилал гарсны хойно хүмүүс амжиргааныхаа төлөө нэг хэсэг ан ав руу улайран орсон нь үнэн. Энэ үед урдны жинхэнэ анчдын өв ухаан, ёс жудаг алдагдахад хүрч, мэргэжлийн гөрөөчдийг ч хүмүүс "хулгайн анчин" гэж буруугаар нэрлэж байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхээр хүмүүс ан руу орж байгаа нь шинэ зүйл биш юм. Юань гүрний төрийг Хайсан хүлэг хаан барьж байх цагт Монгол нутагт их ган гарсан тул "Ан авыг ард олон өөрийн дураар эрхлэх"-ийг зөвшөөрсөн хааны зарлиг гарч байжээ. Тэгэхдээ үүнийг олон түмэнд шууд зарлан тунхаглаагүй бөгөөд зөвхөн гөрөөчдийн ахлагч нарт зарлигийг хүргэсэн түүхэн баримт бий. Энэ нь олон үе дамжсан анчин, гөрөөчин хүмүүст тэрхүү их авыг зохион байгуулах эрх, үүрэг ноогдож байсны илрэл юм.
Өнөө үед мэргэжлийн анчдын холбоо өөрсдийн үүрэг, оролцоог ухамсарлаж, нэгэн үе орхигдоод байсан ёс жудгийг сэргээж, анчин болохыг хүсч буй хүн бүрт суулгахыг хичээж байгаа аж. Тэд өвгөчүүдээс өвлөж авсан ёс жудагаа одоо залуучууддаа хүргэхийг эрмэлздэг. Үүнд хамгийн түрүүнд дараах гурван зүйлийг нэрлэж байна
I
Хэрэв чи гөрөөчин болох гэж байвал үүнийг хобби гэж битгий бод. Энэ бол мэргэжлийн асуудал юм.
Анчин болно гэж бодож, галт зэвсгээр амьтны ам хороож байгаа хүн нэгт ёс жудагтай байх, хоёрт мэргэжлийн байх ёстой. Мэргэжлийн гэдэг нь амьтныг зовоохгүйн тулд хаана нь яаж буудах ёстой вэ гэдгээс эхэлнэ. Хамгийн гол нь үүнийг танхимд заадаг зүйл юм. Зөвхөн хээрийн нөхцөлдөө шавь сургалтаар өвлөгддөг аж. Мэргэжлийн анчдын холбоонд ирсэн залуучуудад тэд яг л тийм хээрийн нөхцөл байдалд нь өвгөд юу гэж айлдаж байсныг дамжуулж, сургадаг.
II
Ан амьтныг өсч, үржих боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй. Энэ бол мэргэжлийн ёс зүйд заавал байх ёстой зүйл юм
Хэдийгээр "Ан амьтныг өсгөж үржүүлэх" хэрэгтэй гэж хуулинд заасан байдаг ч хүн хэзээ ч зэрлэг амьтдыг үржүүлж чадахгүй. Харин агнуур зүйн номлолд заасан байдаг үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Зуд турхантай үед ан амьтдад өвс, тэжээл өгч, хужир шүүгээр хангаж, ерөнхийдөө амьтдын оршин буй нутгийн хил хязгаарыг нь хамгаалах боломжтой. Энэ бол мэргэжлийн ёс зүйд заавал байх ёстой зүйл юм. Хэрэв хүн ан амьтдын төлөө ямар нэгэн байдлаар хишиг хүртээж, хөрөнгө хүч гаргаагүй бол тэр хүн гөрөөчин биш болж таарна.
III
Олзонд нүд аньж сурах хэрэгтэй.
Эр хүний нүдийг олзоор дүүргэдэггүй юм гэсэн сургаальт үг анчдад бий. Эр хүн олзонд нүд аньдаггүй, зөвхөн чулуу, шороо орсон цагт л нүдээ аньдаг ч гэж ярьдаг. Тиймээс "Хөх төмөр хөндлөн үүрэхээс өмнө эхлээд олзонд нүд аниад сураарай" гэсэн өвгөдийн сургааль уламжлагдаж иржээ.
IV
Дэлхийн бүх гөрөөчний ёс жудаг яг адилхан. энд бид ярьж байгаа зүйлийг Америк, Австралийн анчид бас л адилхан ярьдаг.
Ан агнуур өнөөдөр Монгол улсаас бусад орнуудад амжиргаа залгуулах зүйл биш болсон. Гадаадын мөнгөтэй, "чөмөг"-тэй хүмүүс ан хийхдээ шилээвэр ан буюу амьдаас өтлөж өвгөрснийг нь заазлах журмаар агнадаг байна. Ийм тусгай сонирхлын анчид аль ч улсад очсон "Миний төлсөн төлбөр, хураамж энэ нутгийн амьтдын сүргийн бүтцийг хамгаалахад зарцуулагдаж байгаа" гэж ойлгодог. Бид ч мөн ингэж ойлгуулж, өндөр үнэ төлөх анчдыг гадаадаас авчирдаг аж.
Америкчууд жишээ нь хар баавгайгаа хамгаалахын тулд маш овжин арга сэдсэн байдаг. Ангийн улирал эхлэхэд тэд анчдад халиун буга агнах лиценз олгохдоо "Хэрэв ангийн хугацаанд хар баавгайтай таарвал та агнаж болно" гэх зөвшөөрлийн нэмэлт мөнгө суулгаж өгдөг. Үнэн хэрэгтээ анчин хар баавгайтай таарах магадлал 0 хувьтай. Мөн линензид хар баавгай агнах тусгай цаг гаргахгүй байх ёстой гэж зааж өгдөг байна. Анчид ч өөрсдөө баавгайтай таарахгүй гэдгээ сайн мэддэг ба энэхүү хураамж хар баавгай хамгаалах санд очно гэдгийг ухамсарладаг.
Ангийн тухай зарим асуулт, хариулт
Монголд залуучууд гөрөөг хобби гэж ойлгоод, анд явах нь гоё юм, буудаад онох нь сайхан юм, агнасан амьтан хүчтэй сүрлэг гэж их ярьдаг. Үнэндээ монголд одоо ан хийх боломжтой 61 бүс л бий бөгөөд тэндээс өөр газар ан хийх нь хуулиар хориотой.
Монголд нисдэг тэргээр ан хийж болох уу?
Гадны анчид өөрийнхөө онгоцоор ирэх тохиолдол бий. Тэгэхдээ хуулинд авто техникийн хэрэгсэл болоод нисдэг тэргээр ан амьтныг хөөж болохгүй гэж заасан байдаг.
Ангийн амьтанд GPS суулгадаг уу?
Ангийн зориулалтаар хийдэггүй. Зөвхөн судалгааны зориулалтаар хийдэг.
Ангийн хувьд Монгол улс гадаадын орнуудаас юугаараа өөр вэ?
Гадаадад бүх газар нь хот, суурин болоод тариалангийн талбайгаар эзлэгдсэн байдаг тул тун бага газар ан амьтад үлдсэн. Монголд ийм хавчигдмал байдал мэдээж бага бөгөөд хөвчийн буюу Хан Хэнтий, Хангай нуруу, Хөвсгөлийн орчимд ан амьтад хүний хөлд түрэгдсэн зүйлгүй оршиж байна.
Валют оруулж ирдэг үнэ цэнэтэй амьтдад ямар, ямар амьтан орох вэ?
Ангийн зориулалтаар тухайн жилд хэдэн амьтан агнахыг БОНХАЖЯ-наас тогтоож өгдөг. Энэ 2016 оны хувьд угалз 60, тэх 70, халиун буга 30, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 150, агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 400 барьж, буцаан тавихаар зөвшөөрсөн байна. Чонын хувьд зүүн гурван аймагт агнахыг хэсэг хугацаанд хориглсон байна.
Ан, амьтан хамгаалах судалгаанд юу, юу ордог вэ?
Тухайн ан амьтан нутагладаг газрын ургамлын бүтэц алдагдаж уу, бэлчээрийн даац нь ямар байна вэ, үхэл хорогдол нь малын өвчнөөс шалтгаалж байна уу гэх зэрэг биологийн хүчин зүйлсийн судалгаа ордог.
Ирвэс өссөн нь түүнийг агнахыг хориглосонтой холбоотой юу?
Ирвэсний тоо толгой өссөн нь олон учир шалтгаантай. Нэгт говь, хээрийн бүсэд уул уурхай, малын бэлчээр болон хот суурины тэлэлтээс ан амьтад нэг дор олноороо бөөгнөрч байгаа. Тиймээс ирвэсний хувьд идэш тэжээлийн олдоц нь нэмэгдсэн тул өсч үржих таатай нөхцөл үүссэн. Дээрээс нь ирвэс агнахыг хуулиар хорьж хамгаалсан нь нөлөөлдөг.
Хэрэв монголд "Америкийн хар баавгайн" түүхийг давтвал дэлхийн анчид хүлээн зөвшөөрөх үү?
Тэгэлгүй яах вэ. Жишээ нь бид угалз агнах хугацаанд ирвэстэй таарвал агнахыг зөвшөөрнө гээд лицензийн мөнгө авч, ирвэс юм уу бусад ан амьтнаа хамгаалах сандаа шилжүүлж болно. Нэгт анчин хүнд "Аз таараад ирвэс агначих ч юм билүү" гэх шунал төрнө. Хоёрт тэд энэ мөнгө байгаль хамгаалалт орно гэдгийг мэддэг. Тийм ч учраас АНУ, Канадад энэ зүйл тогтсон жишиг болсон.
Хустайн нуруунд 1000 орчим буга тоологдож байгаа юм байна. Ингэж өсөхөд юу нөлөөлсөн бол?
Нэг талаас буга хамгаалагдсаны үр дүн гарч байгаа. Хустай нуруунд намар орооны цагаар буга эврээ ирлэх гэж олноороо цуглардаг. Нөгөө талаар 1997 оноос хойш олон удаагийн ойн түймэр гарч, амьтад олноороо сүйдэж, бас хээр гарч, цагаалсан. Тиймээс Хустай нуруу орчимд олон буга бөөгнөрсөн байж болно. Энэ нь эргээд бэлчээрийн даац нь ямар байна вэ, буга модонд эврээ ирлэж, чадаж байна уу, сүргээ хамгаалж, хээл алдахгүй байж чадаж байна уу зэрэг асуулт бидэнд тавьж байгаа.
Гөрөөчин хүн ан амьтны эзэд гэж ярьдаг. Энэ ямар учиртай вэ?
Эзэн гэхээр зөвхөн өмчилж байгаа хэрэг биш юм. Анчид л өөрсдөө ан амьтдаа харж, хамгаалах хэрэгтэй. Эс тэгвэл амьтад бидэнтэй ярьж, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй шүү дээ. Тэд гал түймэр болоод бусад муу, муухай зүйлд өртөж байгаа бол үүнийг ёс жудагаа ухамсарласан мэргэжлийн анчин хүн хамгаалах учиртай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт