Аяллын цэг: Байгууламж доторх дэлхийн хамгийн том цанын бааз

Шанхай хот дахь шинэ аяллын цэгийг танилцуулж байна

30 орчим сая хүн амтай Шанхай хот нь Хятад улсын хамгийн өндөр хөгжилтэй, аялал жуулчлалын бүс нутаг төдийгүй дэлхийн санхүү, эдийн засаг, бизнес, техник технологийн томоохон төвүүдийн нэг билээ. Жил бүр олон сая жуулчин хүлээн авдаг Шанхай хотод Хятадын хамгийн өндөр, дэлхийн гурав дахь өндөр барилга Шанхай тауэр, Диснейленд, Аврора музей зэрэг маш олон аяллын цэгүүд бий. Тэгвэл тэд энэ есдүгээр сард Пудонг нисэх онгоцны буудлын ойролцоо L*SNOW нэртэй байгууламж доторх дэлхийн хамгийн том цанын баазыг ашиглалтад оруулж, жуулчдын заавал очиж үзэх газрыг нэгээр нэмлээ.

Нордикийн бүс нутгаас санаа аван бүтээсэн тус байгууламж нь нийт 350,000 метр квадрат талбайг эзэлж байгаа бөгөөд албан ёсны нээлтээ хийгээгүй байгаа ч гадна, дотнын жуулчдыг хүлээн авч эхэлсэн байна. Усан парк, анхан, дунд, ахисан түвшний цанын талбай болон цасан тоглоомын талбай гэсэн гурван үндсэн хэсгээс гадна үзвэр үйлчилгээ, дэлгүүр, ресторан зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Мөн түүнчлэн өрөөнөөсөө шууд цанын талбай руу нэвтрэх боломжтой Shanghai Snow World болон Crown Plaza гэсэн хоёр зочид буудлыг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа юм.

Үнийн хувьд цанаар гулгах тасалбар дөрвөн цагийн 410 юань буюу 196,000₮, цасан тоглоомын талбай дөрвөн цагийн 210 юань буюу 100,000₮, усан парк бүтэн өдрийн 90 юань буюу 43,000 төгрөгийн үнэтэй байна. Мөн цана болон снөүбордын мэргэжлийн багш нараас 100 минутын хичээл авч болох ба суралцагчдын түвшнээс хамаарч үнэ 400-1000 юань буюу 191,000-480,000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

А.Сарнай

2024-09-04, 12:25