Далайн эрэг дээр мөрөөдлийнхөө хуримыг хийсэн бидний түүх

Вьетнам улсын Фукуок арал дээр хуримаа хийсэн туршлага болон зөвлөгөө

Яг жилийн өмнө хүйтэн өвлийн жавар бүлээссэн хоёрдугаар сарын эхээр цэцэрлэгт хүрээлэн хавьд давхиж явахдаа санамсаргүй хуримын даашинзны дэлгүүр олж хараагүй бол, хамгийн анх харсан даашинзандаа тэгтлээ сэтгэл татагдаагүй бол, сиси даашинзаа өмсөж зогсохдоо хуримаа хийе гэж эрсхэн шийдээгүй бол нар жаргах агшинд далайн эрэг дээр хуримлах бидний мөрөөдлийн гал бөхчхөж мэдэх л байсан. Гэвч бодолд багтсан бүхэн амьдралд багтдаг билээ.


ПАРИСТ СҮЙ ТАВЬЖ, ХУРИМЫН ЗУРАГ АВАЛТАА ХИЙСЭН НЬ

/2022 оны дөрөвдүгээр сар/

Жаахан охин байхдаа мөрөөддөг байсан хуримын даашинзаа авсны дараахан эртнээс төлөвлөчихсөн байсан Францын аяллын виз гарч, нөхөртэйгөө ярилцаад тэнд хуримын зураг авалтаа хийхээр зориг шулуудав. Том чемоданд хуримын даашинзаа арай ядан багтаагаад хайр дурлалын хот Парист буусан тэр өдрөөс бидний мөрөөдөл амилж эхэлсэн билээ. Instagram-аас хайж олсон украин гэрэл зурагчинтай тохирсны дагуу үүрийн зургаан цагт алдарт Эйфелийн цамхгийн дор очиход орон орны хосууд өнгө өнгийн даашинзтай зургаа авхуулах гээд ид бужигнаж байлаа. Парис дахь олон улсын гэрэл зурагчдын цагийн үнэлгээ доод тал нь 150 еврогоос эхлээд янз бүр бөгөөд урьдчилж холбогдоод үнээ тохироход асуудалгүй. Мэргэжлийн гэрэл зурагчдын чансааг сорьсон, хайрт хосуудын мөрөөдөл болсон зартай тэр цэгт хэдхэн минутад амжиж хэдэн зуун кадр даруулна гэдэг бол жинхэнэ сорилт байв. Парисын өглөө хүйтэн байсан ч зураг авалт амжилттай дуусаж, нар мандахтай зэрэгцэн хайрт минь надад сүйн бөгж өгч, өнөөх алдарт асуултыг асуусан билээ. Миний хариулт мэдээж "Yes".

НОМХОН ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭР НАР ЖАРГАХ АГШИНД БИЕЛСЭН МӨРӨӨДӨЛ

/2023 оны хоёрдугаар сарын 21/

Парисаас буцаж ирээд тэр зундаа хуримаа хийхээр болж, бэлтгэл ажлынхаа тэн хагасыг нугалчхаад байх үедээ бид хоёр гэнэт бүхнийг цуцалж орхив. Эх орондоо хамаатан садан, хайртай найзуудтайгаа хамт хөл гишгэх зайгүй нижгэр хуримлая гэж төлөвлөсөн ч хуримын талаарх зарим нэг уламжлалт сэтгэлгээ, үзэл хандлага, тогтсон хэв маяг бидний сэтгэлд ер нийцэхгүй байлаа. Хамгийн эхний тулгарсан асуулт бол "Хүмүүс хуримаа өөрсдөдөө зориулж хийдэг үү, эсвэл бусдад зориулж хийдэг үү?". Хуримд түрээсэлдэг гоё ганган машинуудын цуваа, нүсэр болгохын тулд нэмдэг элдэв чимэглэлүүд, хуримаасаа өөр газар өмсөхөд хэт сүрдэм хаан хатны хувцас, уугуул биш суугуул зарим нэг ёс жаяг, хэтийдсэн их энтертэйнмент зугаа, архи дарс... Энэ бүгдийг өөрсдийнхөө аз жаргалын төлөө хийж байна уу, эсвэл хожим хуримынх нь талаар жиг жугхийх хүмүүсийн таалалд нийцүүлэх гэж хичээж байна уу? Хүний амьдралын хамгийн нандин, хамгийн гайхалтай дурсамжийг мөнгөөр хэмжиж болдог уу? Магадгүй эдгээр асуултад "Үгүй" гэж ам нийлүүлэн хариулах үедээ чухам яагаад бидний сэтгэл нийлдгийг олж таньсан байх. Ингээд л хуримаа гэр бүлийн хүрээнд цомхон хийхээр шийдэж, найрын ширээний ард хайрын дуу дуулах газраа гадаадад товлохоор болсноор номхон далайн шаргал элст арал Фукуокийг сонгов. Бүх зүйлс нь өөр хоорондоо ойрхон, үзэж харах юм ихтэй нь Азийн бусад арлаас ялгарах давуу тал байлаа. Харин тус арал дээрх зочид буудал, резортуудаас сонголт хийхдээ хуримын багц үйлчилгээтэй эсэх, далайн эрэгтэй ойрхон эсэх, гэр бүлийнхэн маань байрлах вилланы тав тух, үйлчилгээ зэргийг харгалзан үзээд 5 одтой, олон улсын сүлжээ буудал Sheraton-ийг сонгосон нь хамгийн зөв байлаа. Энэхүү шийдвэрээ сэтгэлдээ хадгалсаар он солигдох торгон агшинд аав ээждээ шинэ жилийн даруухан мэндчилгээ өгөв. Тэд минь энэ гэнэтийн бэлгэд магнай тэнийн баярлаж, явах хүртлээ яг л хүүхэд шиг догдолж байсныг санах бүрд самсаа шархирдаг юм.

Хуримын өдөр товлогдсоноос хойш бэлтгэл ажил ундарч, Францаас газар дээрх ганц дүү минь нисэн ирж, цаг хугацаа од харвах шиг гялсхийж бидэн хоёр арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуримын аялалдаа гарав. Хуримын тайз чимэглэл, хүндэтгэлийн зоог, гэрэл зурагчин, үсчин, мейкап артист гээд ерөнхий зохион байгуулалтаа нэг сарын өмнө интернэтээр харилцаад жин тан болгочихсон байсан учраас санаа зовох зүйл төдий л тохиосонгүй. Google, сошиал сувгууд байхад хуримаа хаана ч хийх боломжтой нь хэчнээн сайхан бэ. Гэвч аялалд гарахаасаа өмнө бүх зүйлийг нарийн тооцох хэрэгтэй бөгөөд хуримын ёслолд хэрэглэгддэг уламжлалт зүйлс болох хадаг, мөнгөн аяга, цагаан идээ, тулга, гал асаах хэрэгсэл гэх мэт жижиг сажиг зүйлсийг мартах магадлалтайг анхаараарай. Түүнчлэн арал дээр дэлгүүр хэсэх боломж бага, сонголт муу тул жижиг хавчаараас эхлээд бүх зүйлсээ Монголоос бэлдээд авч явах нь зүйтэй. Хүнээсээ олон чемодантай манай аяллын баг нэг бол хүнээ тоолоод, үгүй бол ачаагаа тоолоод хөгжилтэй газардлаа. Энэ удаагийнх дөрвөн сайхан аав ээж, хоёр хөөрхөн үрийн маань хувьд анхны аялал, онгоц, далай нь байв. Тэр ч утгаараа шинэ бүхнийг сонирхох хандлага, баяр хөөр нь бидний хуримын уур амьсгалыг улам гоё болгож байсан юм.

Аяллын өдөр хоногууд жаргалтайгаар үргэлжилж, туулай жилийн шинийн нэгэнд сүйт бүсгүйн хувиар сэрсэн тэр өглөө миний амьдралын хамгийн сайхан өглөө байлаа. Өмнөх өдөр нь аадар асгарч байсан бол тэр өдөр нар жаргахдаа түмэн өнгөөр солонгорч далайн мандалд шингэсэнсэн. Хуримын жижигхэн ёслолын маань зохион байгуулалтад хориод хүн, хоёр машин дайчлагдаж, далайн хөвөө, шаргал элстэй залгаа ногоон зүлгэн дээр цэцгэн чимэглэлтэй, гэрлэн дээвэртэй тайз, ширээ засагдсанаар бүх зүйл бэлэн боллоо. Анх далайн эргийн элсэн дээр тайз болон зоогийн ширээгээ засуулна гэж төлөвлөж байсан ч урт хормойтой хуримын даашинз, өсгийтэй гуталтай элсэн дээр явах нь бэрх ажил байснаас гадна цэлийсэн элсэн дээр тайз маань хэтэрхий жижиг, зэлүүд харагдаж байв. Түүний оронд шаргал элстэй залгаа нов ногоон зүлгэн дээр далдуу модны дэргэд тайз засуулах нь хамгийн оносон шийдэл байлаа. Туршлага ихтэй вьетнам артист намайг товхийсэн хөөрхөн сүйт бүсгүй болгон хувиргасны дараа хайртынхаа гараас сугадаад бяцхан үрсийнхээ цацсан цагаан цэцгийн дэлбээн дээр далайн зүгт алхах тэр мэдрэмж яг л зүүд шиг. Хуримын үндсэн ёслол цаг орчим үргэлжилж, далайн эрэг дээр нар шингэхтэй зэрэгцэн зураг авалт хийгдсэний дараа бидний хурим хүндэтгэлийн зоог болон after party-аар өндөрлөсөн юм.

Зочид буудлын зүгээс бидэнд Ази, Европ хоёр төрлийн сет меню гаргаж өгсөн бөгөөд уух зүйлс нь багцаараа тусдаа байдаг юм билээ. Европ хоолны ахлах тогооч, өндөр нуруутай шар нөхөр бусад туслах тогоочдын хамт зоогийн ширээний хажууханд хоолоо бэлтгэж, тухай бүрд хурдан шуурхай үйлчилж байсан нь тэдний үйлчилгээний соёлоос мэдэрч болох том кайф байв. Хуримын үйлчилгээний багц үнэлгээг бид нэмэлтээр тусдаа төлсөн. Вьетнам гэрэл зурагчны хувьд өмнөх Парисын зурагчинтай харьцуулахад уран сайхны гэрэл зураг авах туршлага муу, англи хэл мэдэхгүй нь нэлээн төвөгтэй байлаа. Түүний эхнэр болох нүүр будагч бүсгүй маань нөхрийнхөө өмнөөс бидэнтэй англиар харьцаж байсныг тэнд очсон хойноо мэдсэн билээ. Фото зургаас гадна видео бичлэг хийх тусдаа хүн байх ёстойг заавал анхаараарай. Хамаг бүхэн бороо мэт арилж гэрэл зураг л шороо мэт үлддэг тул туршлагатай, санаачилгатай, ажлын цаг дээрээ уян хатан, мэргэжлийн зурагчин хөлслөх нь зүйтэй. Бид зурагчин болон нүүр будагчтайгаа тохироод хоёр цагийн ажлын хөлсөнд нийт 250 доллар төлсөн нь зочид буудлын зүгээс санал болгосон үнээс хямд туссан. Хэдий цомхон хурим ч гэлээ өмнөх өдөр нь заавал нэг удаа сургуулилт хийх ёстой байсныг бид тооцоолоогүйгээс хуримын үеэр гэнэтийн хөгжилтэй зүйлс бишгүй тохиолдсон. Жишээ нь, нөхрийн маань гар хөөгөөд хуримын бөгж нь багтахгүй, тэрүүхэн хооронд сандаргаад амжсан шүү.

Хэдэн өдрийн турш нэг нэгнээсээ нууж, сэтгэл догдлон байж бичсэн хуримын тангаргаа хоолой зангируулан уншаад, хатан сүйхтэй бэлзэг зүүж, жаргах нарны шаргал туяанд "Beautiful in White" дуун дээр дөрвүүлээ бүжиглэсэн тийм л нандин мөчүүдийг сэтгэлдээ зурах гэж том зориг гаргасан маань буруудаагүй. Тэнгэртээ залбирч суудаг ээж аавдаа тэнгис далай үзүүлэх гэж уламжлалыг сөрж, өөр түүх бичих гэж хичээсэн нь тэдний маань хувьд ч нэг насны том дурсамж болж үлдсэн билээ. Хэдийгээр бидний хурим зуу зуун зочидтой нүсэр том болоогүй ч гэлээ, долоо хоногийн турш үргэлжилсэн, хэзээ ч мартагдашгүй нандин, романтик хурим болж чадсан. Монголд энгийн хурим хийх 70 гаруй сая төгрөгийн төсвөөр буюу тэнгэрийн биш үнээр энэ бүхэн амилсан юм шүү. Мэдээж аав ээжүүдийнхээ бүх зардлыг бид гаргаж, бусад зочид маань үндсэн зардлаа өөрсдөө төлсөн ба тус дүнд арал дээрх чөлөөт аяллын зардал ороогүй болно. Хуримын аялал дууссаны дараа бидний дурсамж бал сараар үргэлжилсэн юм.

Хүсэл мөрөөдлөөс өөр хөрөнгөгүй оюутан байхдаа мөр мөрөө дэрлээд ярилцдаг байсан амлалтаа биелүүлж, аз жаргалаа өөрсдийнхөөрөө бүтээсэн бидний энэ түүх хуримаа хийхийг хүсдэг хосуудад маань урам хайрлаасай. Энгийн хэр нь ээ хамгийн гайхалтай зүйл бол Хайр билээ...


Т.Номин-Эрдэнэ

2023-03-21, 16:46