Таны гоо сайхан идэж буй зүйлээс тань шалтгаална
Нүдний дор үүссэн уут, хаван, арьсны улайлт зэрэг шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд бие организм ба амьдралын хэв маягийн онцлог, удамшил болон наснаас хамаардаггүй. Заримдаа бүх зүйл маш энгийн шалтгаантай байдаг. Жишээ нь бидний нүүр царай шууд утгаараа бидний идэж буй зүйлсийг илтгэдэг. Тиймээс та зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг цэснээсээ хасах төдийд л таны нүүр царай гэрэлтэж эхлэх болно.
Сүүн бүтээгдэхүүн
Заримдаа насанд хүрсэн хүний бие организмд лактоз буюу сүүний сахарыг боловсруулахад хүндрэлтэй байдаг. Жишээ нь лактоз нь цөцгийн тос, бяслаг, ээдэм, сүү болон бусад сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг. Зовхины арьс хавагнах, нүдний доод зовхинд бараан туяа үүсэх, доод зовхи унжих зэрэг шинж тэмдгүүд нь сүүн бүтээгдэхүүнээс завсарлага авах цаг ирснийг илтгэнэ. Мөн лактозоос болж жижиг цагаан батганууд гарах өндөр магадлалтай. "Хэрэв тухайн хүн лактозын харшилгүй л бол би сүүг хоолны цэснээс бүр мөсөн хасахыг зөвлөхгүй. Гэхдээ хамгийн гол нь зөв бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Харамсалтай нь ихэвчлэн нэг аяга сүүнд гормон, амьтны өсөлтийг түргэсгэх үйлчилгээтэй антибиотик болон химийн бодисууд агуулагдаж байдаг. Хэрэв боломжтой бол фермийн бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөж байна" гэж дотоод шүүрлийн эмч, арьс судлалын мэргэжилтэн Маргарита Светлова ярьж байна. "Харин нүүрний арьсны тухайд гэвэл шөнө унтахаасаа өмнө сүү болон сүүн бүтээгдэхүүн уухгүй байхыг зөвлөж байна. Учир нь өдрийн хоёрдугаар хагаст тус бүтээгдэхүүнийг боловсруулахад бие организмд хүндрэлтэй байдаг. Хэрэв сүүн бүтээгдэхүүн хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг тухайд эргэлзээ төрвөл прогестерон ба эстроген гормоны шинжилгээ өгөхийг зөвлөх байна" гэж тэрээр нэмж онцоллоо.
Согтууруулах ундаа
Үдэш бүр хоёр хундага дарс уухад л хөмсөг хооронд, хацар ба хамар дээр улайлт үүсч, ам ба хамрын хооронд гүн үрчлээ суун, арьс хуурайшиж, зовхи унждаг байна (80% магадлалтай). Согтууруулах ундаа нь арьсны чийгийг үгүй хийдэг тул эмч ба хоол тэжээлийн мэргэжилтнүүд ийм төрлийн ундаа хэрэглэсэн тохиолдолд бие организмаа эрдэстэй усаар тэнцвэржүүлэхийг зөвлөдөг. Үрэвслийн үйл явцтай тэмцдэг бидний бие организмын маш чухал бодисын ялгарлыг этилийн спирт муутгадаг. "Таны бие организм баярын үеэр хэр их ачаалал авсныг харахын тулд ердөө өөрийнхөө хэлийг харахад л хангалттай. Хэрэв таны хэл хөх ягаан өнгөтэй байвал элэг тань муу байгаагийн шинж. Согтууруулах ундаанд хордсон шинж тэмдэг ийм төрлийн ундаа ууснаас хэд хоногийн дараа ч алга болдоггүй. Хэдийгээр та өөрөө хэвийн мэдэрч байгаа ч таны бие организмын дотоод үйл явц үүнээс эсрэг байх өндөр магадлалтай. Мөн шинж тэмдгүүд үргэлж тэр дороо илэрдэггүй" гэж хоол тэжээлийн мэргэжилтэн, эмч Ольга Рождественская ярилаа. Гэхдээ мэдээж хэрэг согтууруулах ундаа тогтмол хэрэглэвэл үр дүн нь шууд л нүүрний арьсан дээр илэрдэг байна. Жишээ нь хялгасан судас хагарч, улайлт үүсч, үрчлээ илүү тод харагдах болно. Тиймээс согтууруулах ундааг хамгийн ихдээ долоо хоногт нэг удаа хэрэглэх хязгаар тогтоох хэрэгтэй. Хэрэв та дарсанд дуртай бол, элсэн чихрийн агууламж багатай, хуурай сортыг сонгоорой.
Элсэн чихэр
Зарим тохиолдолд ядарсан төрх, өнгө алдсан арьс нь хангалттай унтаж амраагүйгээс болж үүсдэггүй. Бялуу, бусад төрлийн гурилан бүтээгдэхүүн, шоколад зэрэг нь бие организмд кортизол (стрессийн гормон) ялгаруулдаг байна. Ингэснээр арьс саарал туяатай болж, үрэвсэлтэй тууралт гардаг ба арьс ерөнхийдөө нимгэрч, хөндлөн үрчлээ үүснэ. Үүнээс гадна амттанд дурлагсад өтгөн хөмсөгтэй байх нь ховор үзэгдэл юм. Учир нь инсулин огцом ялгарснаар бөөрний булчирхайд муугаар нөлөөлж, үр дүнд нь хөмсөг шингэрдэг байна. Мөн хэт их сахар нь коллаген ба глюкозын молекулыг хооронд нь бэхлэгдэхэд хүргэдэг. Ингэснээр арьсны уян хатан байдал алдагдаж, унжиж, үрчлээ үүсдэг гэдгийг Ольга Рождественская бидэнтэй хуваалцлаа. Хүмүүс арьсан дээр тууралт гарахыг харшил эсвэл шоколадтай холбож тайлбарладаг. Гэхдээ боловсруулсан нүүрс ус нь тодорхой хэмжээнд ходоодны бичил орчны үйл ажиллагааг алдагдуулснаар нүүрний арьсанд үрэвсэл үүсдэг байна. "Би хүмүүст амттаны хэмжээгээ багасгаж, үүний оронд хатаасан жимс хэрэглэхийг зөвлөж байна. Гэсэн ч хоолны дараа шууд хатаасан жимс идэж болохгүй гэдгийг санаарай. Ингэснээр бид бие организмдаа завсарлага авах боломжийг олгоно" гэж тэрээр тайлбарласан юм.
Цавуулаг
Улаан буудай, арвай болон бусад үр тарианд агуулагддаг цавуулаг гэх тусгай уургийг шингээж чадаагүйгээс болж хацар дээр хаван, улайлт үүсч, эрүү ба дух орчимд нөсөө толбо үүсдэг байна. Энэ тохиолдолд хоол тэжээлийн мэргэжилтнүүд хүнсэндээ ногоо, жимс болон эслэгээр баялаг хүнс нэмэхийг зөвлөдөг. Ийм төрлийн хүнс нь хаванг багасгаж, цусны бүтцийг сайжруулна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт