40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан нүүр будалтын 11 зөвлөгөө
Нүүр будалтын зөв аргачлалууд сурснаар цагийг ухраах боломжтой
Эмэгтэй хүн 40 насны босгыг давсан даруйдаа өмнө нь будаж заншсан нүүр будалт нь одоо төдийлөн сайхан харагдахаа больсныг анзаарч эхэлдэг. Өмнө нь арьсан дээрх өө сэвийг дардаг байсан суурь крем одоо эсрэгээрээ үрчлээс тодотгож, нүд тодруулдаг байсан нүдний тень одоо нүдийг жижиг харагдуулж, харин сормуусыг өтгөн болгодог байсан будаг эсрэгээрээ сормуус унахад хүргэдэг.
Гэхдээ үүнд санаа зовох шаардлага огтхон ч байхгүй юм. Хүн бүрийн арьс цаг хугацааны эрхээр өөрчлөгддөг бөгөөд аливаа өөрчлөлтийг тайван хүлээж аван, шаардлагатай шинэчлэлтийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэх нь нэн чухал. Залуу насны бүсгүйчүүд нүүр будалт хийхдээ нүүрнийхээ хэсгүүдийг улам бүр тодотгох зорилготой байдаг бол 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жижиг өө, сэвээ даран байгалиасаа гэрэлтсэн, эрүүл төрхтэй байхыг эрхэмлдэг.
Юуны түрүүнд маш их хэмжээний чийгшүүлэгч түрхэх
Энэ нь маш ойлгомжтой алхам хэдий ч, нэн чухал үүрэгтэй учир бид дахин дахин давтаж хэлэхийг хүслээ. Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрсэн арьсыг хэзээ ч чийгшүүлэгчгүйгээр орхиж болохгүй. Чийгшүүлэгч хангалттай түрхээгүй аваас нүүр будалт хийгээд ч нэмэргүй юм.
Праймерын ач холбогдлыг хэзээ ч бүү дутуу үнэл
Нүүр ба нүдний арьсанд зориулагдсан праймерууд арьсны гадаргууг илүү гөлгөр болгож, аливаа нүх ба үрчлээсийг бөглөж, косметик бүтээгдэхүүний гайхалтай суурь болж өгдөг. Праймер түрхсэний дараагаар мөн будаг бөөгнөрөх, урсах асуудлууд үгүй болдог.
Шингэн бүтэцтэй өө дарагч хэрэглэх
Одооноос эхлэн та зөвхөн шингэн бүтэцтэй өө дарагч хэрэглэх хэрэгтэй. Илүү өтгөн бас хатуу бүтэцтэй бүтээгдэхүүнүүд таны үрчлээсийг улам бүр л тодруулах болно.
Харин өө дарагчийнхаа өнгийн сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал инээсний улмаас үүсдэг нүдний үрчлээс нь ихэвчлэн бор туяатай байдаг учир ягаан эсвэл цайвар шар өнгийн өө дарагч хэрэглэснээр үрчлээсний харагдах байдлыг багасгаж болох юм. Зарим эмэгтэйчүүдэд мөн арьсных нь өнгөөс хамааран тоор эсвэл шар зосын өнгөтэй бүтээгдэхүүнүүд илүү тохиромжтой байдаг. Ийм зэргийн үрчлээс нь ихэвчлэн доошоо чиглэлтэй байдаг учир өө дарагчаа дээш чиглэсэн хөдөлгөөнөөр түрхээрэй. Энэ нь түүнчлэн дух, уруул, хацар хэсгийн үрчлээснүүд болон нүдний доорх хар хүрээнд хамааралтай алхам юм.
Цайвар шар туяатай шингэн суурь крем сонгох
Таны арьс хэт их тослогжилттой биш л бол 40-өөс дээш насны босгыг давсан даруйдаа аль болох шингэн бүтэцтэй суурь крем хэрэглэж заншаарай. Нунтаг бүтэцтэй аливаа бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Тэдгээр нь арьсны гадаргуу дээр тогтож, үрчлээсийг илүү тод харагдуулдаг сул талтай юм. Суурь крем түрхсэний дараагаар өдрийн турш арьс тань тослогжиж байвал зориулалтын тос авдаг цаас ашиглаж болно. Харин нунтаг пудрыг ор тас мартаарай.
Түүнчлэн шар туяатай крем арьсыг илүү дулаан туяатай болгоно. Харин дулаан туяатай арьс нь илүү залуу харагдахад нөлөөлдөг юм.
Бага зэрэг чийгтэй спонж ашиглах
Идэр насны эмэгтэйчүүд арьсан дээрх өө, сэвээ дарах зорилгоор будгаа хэтрүүлэх нэгэн том алдаа гаргадаг. Хэт зузаан түрхсэн крем нь байдлыг харин ч эсрэгээрээ дордуулна. Шаардлагатай бүрхүүлийг өгөх хэрнээ, байгалийн харагдах нимгэн давхарга бий болгох будалт нь хамгийн зөв сонголт юм. Харин үүнд танд бага зэрэг чийгтэй спонж тусална. Мэргэжилтнүүдийн онцолсноор чийгтэй спонжоор крем түрхэх үед усны үлдэгдэл бүтээгдэхүүний зарим хэсгийг шингэлж, арьсанд чийг өгч, төгс хэмжээнд бүрхдэг байна.
Дулаан өнгийн нүдний тень рүү шилжих
Хүйтэн туяатай бор, саарал, хар эсвэл тод өнгөнүүд таны нүдийг илүү ядарсан харагдуулна. Харин дулаан туяатай, цайвар өнгөнүүд төрхийг илүү амарсан, залуу харагдуулж, нүдний цагааныг тодотгож, нүдийг бүхэлд нь "өргөж" өгнө. Ерөнхийдөө нүдний тенийг хэтрүүлэн түрхэхгүй байх нь их чухал. Нүдээ тойруулан хараар буддаг байсан залуу насны өдрүүд ард хоцорсон тул илүү сонгодог хэв маяг эрхэмлэх нь зүйтэй. Цайвар шар ба бор, бүүдгэр ногоон, усан хөх ба тоорын өнгө зохимжтой байх болно.
Цайвар бор өнгийн хөмсөгний харандаа хэрэглэх
Хөмсгөө будахдаа байгалийн үсний өнгөнөөсөө нэг туяагаар цайвар өнгө сонгох хэрэгтэй. Хөмсөгний харандаагаа мөн 45 хэмийн өнцөгт барьснаар илүү зөөлөн, байгалийн будалт хийх болно.
Сормуусаа дэрвийлгэх
Насны хэрээр бидний сормуусны хэлбэр илүү тэгшхэн болж, доошоо чиглэж эхэлдэг. Үүнийгээ дагаад нүд ч бас илүү жижиг харагддаг. Тэгэхээр байгалийн таталцлын хүчтэй тэмцэж, бүхий л зүйлсээ дээш нь өргөх хэрэгтэй юм. Сормуусны дэрвийлгэгч хэрэглэснээр таны нүд нээгдэж, том бас залуу харагдана.
Бор өнгийн нүдний харандаа хэрэглэх
Ерөнхийдөө нас ахих тусам тод хар өнгийн будалт хэтэрхий хурц болж ирдэг. Залуу харагдах хүслийнхээ дагуу зарим эмэгтэйчүүд эсрэгээрээ наснаасаа хөгшин будалт хийх нь элбэг байдаг. Гүн бор өнгийн нүдний харандаа нүдийг хангалттай тодруулахын зэрэгцээ илүү даруу, дэгжин төрх бий болгоно. Нүднийхээ өнцгийг бага зэрэг муур хэлбэрт оруулахыг хүсвэл хөвөнтэй модны тусламжтайгаар өнцгийг нь өргөөрэй. Түүнчлэн шингэн контураас татгалзаж, гель эсвэл харандаа хэлбэрийн будаг сонгохыг зөвлөж байна.
Хацар өнгөлөгч түрхэх
Дотроосоо гэрэлтсэн, бага зэрэг ягаарсан эрүүл арьсны эффектийг хацар өнгөлөгч бий болгоно. Гэхдээ хэтрүүлэн түрхсэн тохиолдолд та алиалагч шиг харагдах тул арьсандаа байгалийн харагдах хөнгөн өнгө нэмээрэй.
Жимсгэнийн өнгөтэй уруулын будаг сонгох
Харамсалтай нь цаг хугацааны үр нөлөөнд бидний уруул нимгэрч, өнгөө алдаж эхэлдэг. Уруулынхаа байгалийн өнгөтэй ойролцоо эсвэл жимсгэний ягаан туяатай будаг сонгох нь уруулыг залуу бөгөөд дүүрэн харагдахад тусална. Мөн 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд матт эсвэл гялалзсан биш, харин энгийн тослог бүтэцтэй уруулын будаг хамгаас тохиромжтой.