Хайх

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь

Энэ нь эрүүл зуршил мөн үү?

Text: Buro.Mongolia


Бид арьсаа ойр ойрхон цэвэрлэхээс татгалздаг алдартнуудыг эргэн дурсаж энэ талаар гоо сайхны эмчээс зөвлөгөө авлаа.

Жейк Жилленхол

Prada брэндийн шинэ сүрчигний төлөөлөгчөөр сонгогдсон Жейк Жилленхол тус сүрчигнээс гадна өөр хэрхэн үнэртдэг бол? Ямартай ч таагүй үнэргүй л байх, эс тэгвээс бид бүгд аль хэдийнээ энэ талаар олоод мэдчихсэн байх байлгүй. Гэсэн хэдий ч жүжигчин саяхан Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн усанд орох зан үйлийн талаар сэтгүүлчийн тавьсан асуултад бага зэрэг ойлгомжгүй хариулт өгсөн байна. Тодруулбал, тэрээр мэдээжийн хэрэг усанд ордог, гэхдээ ойр ойрхон усанд орохоос татгалздаг практик байдаг бөгөөд арьс өөрөө өөрийгөө цэвэрлэх чадвартай тул усанд орох давтамжаа багасгах нь арьсанд илүү сайнаар нөлөөлдөг гэдэгт итгэдэг хэмээн хуваалцсан юм.

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 1)

Зарим хүмүүс жүжигчний эдгээр үгсийг шууд утгаар ойлгож, усанд хангалттай их ордоггүй мэт бодсон бол зарим нь түүнийг ердөө л хэтрүүлэн орохоос зайлсхийдэг гэж ойлгожээ. Гэсэн хэдий ч олон нийтийн сүлжээгээр Жейк Жилленхолын энэ ярилцлага “meme” болоод амжсан юм.

Дашрамд дурдахад, хэдэн жилийн өмнө Жейк тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа арай ондоо зүйл хэлж байжээ. Тэрээр "Би шүршүүрт орохыг оюун санааны болон бие бялдрын практик гэдэгт итгэдэг. Өмнө нь би арьсаа гуужуулахыг үнэлдэггүй байсан бол Өмнөд Солонгост нэгэн кино дээр ажилласнаас хойш арьсаа гуужуулах нь гайхалтай бөгөөд эр хүнд тохиромжтой зүйл болохыг олж мэдсэн юм” хэмээн хэлж байсан удаатай.


Мила Кунис

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 2)

Өнгөрөгч сард Мила Кунис нөхөр Эштон Кутчерийн хамт Armchair Expert подкаст дээр зочноор оролцсон билээ. Хөтлөгч Дэкс Шепард арьсныхаа хамгаалалтын давхаргад гэмтэл учруулахгүйн тулд өдөр бүр шүршүүрт орохгүй байхыг хичээдэг гэдгээ тэдэнтэй хуваалцсан байна. Харин Мила хариуд нь хүүхэд байхаасаа л гэрт нь байнга халуун усны асуудалтай байсан талаар дурдаж одоо ч мөн өдөр бүр саван хэрэглэж усанд ордоггүй болохоо хэлжээ. Эштон Кутчер ч энэ сэдвээр ярилцаж, хүүхдүүдээ зөвхөн гаднах байдлаасаа бохир болсон цагт л усанд оруулдаг талаар хэлсэн юм.


Шейлин Вудли

Жүжигчин бүсгүйн Instagram хуудсанд түүний мейкаптай селфи, эсвэл улаан хивсний ёслолын ганган зургууд бараг байдаггүй билээ. Түүний контентын ихэнх нь байгаль дэлхийгээ хамгаалах, байгаль орчны гамшиг болон эко идэвхтэн Грета Тунбергийг дэмжих тухай байдаг. Тэрээр байгаль орчинд санаа зовниж буй өөрийн "ногоон" үзэл бодлоо хэрэглээний усаа хэмнэх байдлаар нотолдог билээ. Мөн Шейлин усны оронд арьсандаа маш их хэмжээний эфирийн тос түрхдэг бөгөөд бидний зүгээс зөвлөхөд энэ нь арьс арчилгааны хувьд зөв шийдвэр биш төдийгүй арьсанд харшилж магадгүй зуршил билээ.

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 3)

Дуэйн Жонсон

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 4)

Дээр дурдсан алдартнуудын зуршлууд ил болсны дараа фенүүд Холливүүдийн бүх алдартнуудын эрүүл ахуй, ариун цэврийн талаар мэдэхийг хүсжээ. Twitter-ийн нэгэн хэрэглэгч Дуэйн Жонсонг энэхүү шинэ трендийг дагаагүй гэж найдаж байна хэмээн бичсэнд Jumanji киноны од “Би тэдгээр алдартнуудтай харьцуулбал өөр хүн. Сэтгэлээ сэргээхийн тулд орноосоо босохдоо хүйтэн шүршүүрт ордог. Бэлтгэл хийсний дараа бүлээн шүршүүрт, ажлаа тарж ирээд халуун шүршүүрт заавал ордог" хэмээн хариулсан байна. Тийм ээ, жүжигчин эсрэг зүйл дээр туйлширч, өдөрт гурван удаа хөөс, гуужуулагчтай усанд ордог байна.


Гоо сайхны эмч Марина Лекомцевагийн зөвлөгөө

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 5)

"Хүний бие өөрийгөө цэвэрлэх чадвартай систем гэдэг нь үнэн боловч маш төгс орчин болон нөхцөлд л тэгж чадах юм. Ерөнхийдөө орчин үеийн нөхцөл байдалд хүний хамгийн их тосны булчирхайтай биеийн хэсгүүд түрүүлж бохирддог. Тухайлбал, нүүр, суганы орчим, алга, хөлийн ул, цавины хэсэг их хэмжээний тосны булчирхайтай тул хурдан бохирддог юм.

Арьсны бохирдолд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Жишээлбэл олны дунд алдаршсан нүүрс ус ихтэй хоолны дэглэм нь бидний бие дэх микрофлор буюу биеийн хэвийн бичил биетнүүд буруу чиглэлээр хөгжихөд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл "сайн" гэхээсээ илүү "муу" бактериуд үүсэж эхэлдэг. Харин муу бактери нь биеэс эвгүй үнэр ялгаруулдаг билээ. Эрүүл хүний ​​биед агуулагдах биологийн шингэн нь бараг ямар ч үнэргүй байдаг юм.

Ерөнхийдөө “sebum” буюу арьсны тослог бодис нь хэвийн хэмжээтэй байх үедээ нян устгах, вирус болон мөөгөнцрөөс хамгаалах үйлчилгээтэй байдаг. Гэвч хүмүүс омега-3 өөх тосны хүчлийг хангалттай хэмжээгээр хэрэглэдэггүй, ихэнх нь дааврын тэнцвэргүй байдалтай байдаг, мөн олон хүн хордлого, стресстэй нөхцөлд амьдардаг тул хэвийн арьсны тослог бодистой хүн бараг байдаггүй билээ.

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 6)

Нүүрний хувьд бол арьсны төрлөөс их зүйл шалтгаалдаг. Бас нөгөө л хоол хүнсний хэрэглээ, шим тэжээл, витамины тэнцвэрт байдал, хүний амьдралын хэв маяг болон гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ зэрэг нь арьсанд ихээр нөлөөлдөг. Зарим хүмүүс усанд оройгүйгээс батга, фурункулоз буюу идээт үрэвсэлт өвчин, арьсны мөөгөнцөрт өвчин үүсдэг гэж боддог. Үнэн хэрэгтээ хэрэв эв эрүүл хүн удаан усанд ороогүй бол түүнээс зүгээр л эвгүй үнэр ялгарах болно. Харин арьсны өвчин нь дотоод шалтгааны улмаас үүсдэг. Жишээ нь нүүрс ус ихтэй хоолны дэглэмээс үүдэлтэй инсулины эсэргүүцлээс болж нүүрний арьсны байдал мууддаг. Мөн бага зэрэг хөлрөх үед л хөлсний таагүй үнэр гарах нь элэг, бөөрний хоргүйжүүлэх систем муудсан байж болзошгүйг илэрхийлнэ. 

Жэйк Жилленхол зэрэг Холливүүдийн жүжигчдийн талаар би нэг л зүйлийг хэлж чадна. Тэд маш сайхан нөхцөлд амьдардаг, сайн чанарын хоол иддэг мөн тэдний даавар тэнцвэртэй байдаг (үгүй байсан бол тэд арай өөр харагдах байсан байх). Тиймээс, мэдээжийн хэрэг тэд хоёр, гурван хоног шүршүүрт орохгүй байсан ч тэдэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй.

Алдартнуудын дунд хүчээ авч буй тренд: Шүршүүрт орох давтамжаа багасгах нь (фото 7)

Арьсаа цэвэрлэхдээ хөлс, тосны булчирхайн идэвхжил өндөртэй хэсгийг зөөлөн орц найрлага, рН-ийн зөв түвшинтэй бүтээгдэхүүнээр цэвэрлэхийг зөвлөж байна. Харин биеийн бусад хэсгийн арьсаа зүгээр усаар угааж, долоо хоногт хоёр удаа зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнээр цэвэрлэж болно. Мөн мэдээж өдөр бүр SPF-тэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг өдрийн турш арьсан дээрээ түрхсэн бүх зүйлээ зайлж угаах нь чухал юм шүү".

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх