Зовхины тосоо хэрхэн зөв түрхэх вэ?
Зовхины тос бол арьс арчилгааны чухал үе шатуудын нэг. Тус бүтээгдэхүүн нь C амин дэм, кофейн гэхчлэн зөөлрүүлж, цайруулах үйлчилгээтэй найрлагууд агуулдаг ба арьсыг илүү сэргэг, гэрэлтсэн болгодог. Мөн энэ нь нүүрний хамгийн эмзэг арьсанд зориулагдсан гэдэг утгаараа маш зөөлөн бүтэцтэй байдаг. “Зовхины тос зөөлөн бүтэцтэй, концентрац багатайд тооцогддог ба үүнд агуулагддаг ретинол, C амин дэр зэрэг идэвхтэй найрлагууд арьсыг цочроох нь ховор” хэмээн арьсны эмч, Mohs клиникийн мэс засалч Маргарита Лолис Harper's Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл Лолис болон бусад арьсны эмч нар зовхины тосыг зөв хэрэглэснээр үр шим нь нэмэгдэх боломжтойг мөн хуваалцсан байна.
Алхам 1: Цэвэрлэгээ
Ямар ч төрлийн арьс арчилгааг цэвэрлэгээгээр эхлүүлдэг. Тонер, серум, чийгшүүлэх тосоо түрхэхээс өмнө арьсан дахь бохирдлыг арилгах нь чухал юм. Ингэхдээ нүүрэн дэх бохирдлыг юун түрүүнд мицелляр ус, тосон цэвэрлэгч, аль эсвэл балмаар арилган, араас нь арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах Ph түвшин багатай цэвэрлэгчээр угаах боломжтой.
Алхам 2: Чийгшүүлэлт
Тонер, эссенс, серум, ампул гэхчлэн чийгшүүлэх бүтээгдэхүүнээ зовхины тосноос өмнө түрхэнэ. Мэргэжилтнүүдийн үздэгээр эдгээр бүтээгдэхүүн нь зовхи орчмын арьсыг тос хүлээж авахад бэлдэж өгдөг байна.
Алхам 3: Бага зэргийн тосноос эхэл
Зовхины тосонд ихэвчлэн кофейн, гиалуроны хүчил, пептид гэхчлэн хүчтэй найрлагууд агуулагддаг тул 1ш вандуйтай дүйцэхүйц хэмжээний тос байхад л хангалттай юм. Хэт их бүтээгдэхүүн таны зовхийг улам тосорхог болгож тавгүйтүүлэх боломжтой. Мөн үүнийг ихээр түрхэх тусам нөлөөлөл нь нэмэгдэнэ гэх ойлголт ташаа болохыг арьсны эмч нар хэлдэг билээ.
Алхам 4: Хуруугаа ашигла
Зовхины тосны найрлага чухал ч хэрхэн түрхэх нь дүйцэхүйц ач холбогдолтой. Та юун түрүүнд тосоо хэт чанга даралтаар түрхэхээс зайлсхийх хэрэгтэй ба эмч нар арьстай хамгийн зөөлнөөр хүрэлцэх чадвартай ядам хуруугаа ашиглахыг зөвлөдөг. Ингэхдээ хуруугаараа зөөлөн дарах хөдөлгөөнөөр тосоо арьсандаа шингээнэ.
Зовхины арьс улайх, өрөвсөх зэргээр цочрол авахдаа маш амархан байдаг тул хэт чанга үрэхээс зайлсхийгээрэй. Мөн тус бүтээгдэхүүн нь ганцхан шөнийн дотор үр дүн үзүүлэх боломжгүй ба тууштай хэрэглээг эрхэмлэх хэрэгтэйг арьсны эмч Глориа Лин сануулж байна.
ЮУНД АНХААРАХ ВЭ?
Хаана түрхэх нь чухал
Бүтээгдэхүүнээ зовхины доор байрлах ухархайн яснаас эхлэн дээшээ хөмсөгний яс хүртэлх хэсэгт түрхэнэ. Ингэхдээ дээд болон доод сормуусанд хүргэж болохгүйг анхаараарай.
Сайтар шингээх нь чухал
Эцэст нь чийгшүүлэх тос, аль эсвэл нүүрний будаг түрхэхээсээ өмнө зовхины тосоо шингэх хүртэл нь дунджаар хоёр минут орчим хүлээх хэрэгтэй.