Хайх

Целлюлиттэй хэрхэн тэмцэх вэ

Целлюлиттэй хэрхэн тэмцэх вэ

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Целлюлитын асуудалтай ихэвчлэн огцом жингийн хэлбэлзэлтэй эсвэл хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг хөтөлдөг эмэгтэйчүүд тулгардаг. Хөдөлгөөн багатай байх нь цусны эргэлтийг удаашруулж, тунгалаг шингэний урсгалыг тогтонги болгодог юм. Ингэснээр хүний бие хавагнаж, энэ нь аажмаар целлюлит үүсэхэд хүргэдэг.

"Целлюлитын анхны шинж тэмдгүүд нь ихэвчлэн бэлгийн бойжилт явагдаж дууссаны дараагаар илэрдэг. Энэ үе шатан дээр бүсгүйчүүд өөрсдийн бие махбодыг сайтар ажиглаж, нөхцөл байдал дордохгүй байхад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хөдөлгөөн багатай байж, нүүрс усаар баялаг хоолны дэглэм барих үед целлюлит үүсэх анхан шатны шинж тэмдгүүд маш хурдан хоёр дахь шат руу шилжиж, арьсан дээр өөхөн эдээс бүрдэх жижиг овойлтууд үүсэж эхэлдэг. Тиймээс хамгийн сайн хамгаалалт бол идэвхтэй амьдралын хэв маяг хөтөлж, үүний ачаар булчингийн давхарга бий болгох явдал юм. Мөн зөв хооллосны ачаар өөхөн эсийг тэнцвэртэй хуваарилах хэрэгтэй" хэмээн Weleda брэндийн мэргэжилтэн Марина Верещетина ярьж байна.

Целлюлиттэй хэрхэн тэмцэх вэ (фото 1)

Целлюлиттэй тэмцэхийн тулд иж бүрдэл аргачлал нэгэн зэрэг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тодруулбал хөдөлгөөн их хийх, эрүүл хоолны дэглэм баримтлах, мөн цусны эргэлт ба тунгалаг шингэний урсгалыг сайжруулах зорилгоор тодорхой хэмжээний косметик бүтээгдэхүүн ашиглах шаардлагатай юм.

Дасгал болон хооллолт

"Целлюлиттэй тэмцэж, биеийнхээ булчинг чангалахад TRX бэлтгэл маш үр дүнтэй байдаг. Дотроо олон төрлийн дасгал агуулдаг энэ төрөл нь биеийн хөдөлгөөн, тогтвор, тэвчээр, хүч ба тэнцвэрийг сайжруулдаг. TRX бэлтгэлд хамрагддаг хүчний дасгалуудын үр дүнд бие организм дахь өөх тос багасаж, булчин нэмэгдэнэ. Булчин калори шатаадаг тул таны бие бүхэлдээ галбиржиж, эрүүл харагдах болно.

Целлюлиттэй хэрхэн тэмцэх вэ (фото 2)

Гэрийн нөхцөлд дасгал хийхийг хүсвэл суниалт, гэдэс таталт, суулт, биеийн өргөлт ба планк тохиромжтой байх болно. Эдгээр хүчний дасгалуудыг дороо гүйх, өвдгөө өндөр өргөн үсрэх гэх кардио дасгалуудтай хослуулснаар гайхалтай үр дүнд хүрч болно" гэж Fitness Junkie студийн дасгалжуулагч Михаил Резников зөвлөж байна.

Харин хооллолтын хувьд гэвэл чихэр, нарийн боов гэх зэрэг хүнсэнд агуулагддаг энгийн нүүрс болон давсны хэрэглээгээ аль болох багасгах хэрэгтэй. Ингэснээр хаван бууна. Михаил Резников мөн ойр ойрхон хэрнээ бага хэмжээгээр хоол хүнс хэрэглэж сурах хэрэгтэйг онцлон хэллээ. "Хэрвээ хоорондоо хол зайтай атлаа их хэмжээгээр хоол хүнс хэрэглэвэл таны организм калори хурдан шатаах шаардлагагүй гэж ойлгоно. Учир нь дараагийн хоолны хэрэглээ удаан хугацааны дараа тохиох учир организм удааширдаг юм. Харин ойр ойрхон хоолловол энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж, организм калори хуримлуулалгүйгээр илчлэгийг хурдан шатаах болно" хэмээн мэргэжилтэн онцолсон юм.

Залхуу хүмүүст зориулсан нэгэн арга бий. Тэр нь EMS (Electric Muscle Stimulation) буюу цахилгааны ачаар булчинг өдөөх аргачлал юм. "Тусгай өмсгөлөөр маш сул тог дамжуулагддаг. Спорт зааланд удаан хугацааны турш хичээллэсэнтэй тэнцэхүйц ачааллыг булчинд өгөхийн тулд 20 минут байхад л хангалттай" гэж «Эрте» гоо сайхны төвийн EMS дасгалжуулагч Валентина Букина хэллээ.

Целлюлиттэй хэрхэн тэмцэх вэ (фото 3)

Гэрийн арчилгаа

Гэрийн нөхцөлд арьсныхаа хатуу чанга байдал болон тонусыг дэмжихийн тулд өдөр бүр халуун хүйтэн усны зөрчилдөөнтэй шүршүүрт орж, пилинг болон целлюлитын эсрэг бүтээгдэхүүнээр өөртөө массаж хийвэл үр дүнтэй байх болно. Целлюлитын эсрэг үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүнүүд тос, сэрум ба гель хэлбэрийн бүтэцтэй байдаг бөгөөд тэдгээрийн найрлагад кофеин, картинин, мөлхөө ургамал ба ногоон цайны ханд, гаа гэх зэрэг орцнууд багтдаг. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүн нь цусны эргэлт сайжруулж, биенээс шингэн гадагшлуулах үүрэгтэй байх учиртай.

Салоны арчилгаа

Целлюлиттэй хэрхэн тэмцэх вэ (фото 4)

Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд салоны процедурыг курсээр нь хийлгэх хэрэгтэй. Олон сонголт дундаас хамгийн үр дүнтэйг нь нэрлэхэд хэцүү. Учир нь процедур бүр тухайн хүний эрүүл мэнд ба амьдралын хэв маягаас шууд хамаардаг юм. "Яг одоогийн байдлаар аппаратын аргачлалууд болон целлюлитын эсрэг массажууд хамгийн эрэлттэй байгаа. Аппаратын аргачлалууд дотор LPG массаж хамгийн алдартай. Энэхүү процедур нь механик вакуум технологи дээр суурилдаг бөгөөд өнхөрдөг хошууны ачаар арьсанд нөлөөлдөг юм" гэж Weleda брэндийн мэргэжилтэн тайлбарлалаа.

Илүү өвдөлттэй атлаа ижил хэмжээний үр дүнтэй бас нэгэн аргачлал бол гарын массаж юм. Энэ нь тунгалаг шингэнийг тараах шилдэг арга болж өгдөг. Мөн дуут чичирхийллийн ачаар өөх тосыг тараадаг бас нэгэн арга бий. Гэхдээ үр дүнд хүрэхийг хүсвэл ийм зэргийн процедурт хамгийн багадаа таваас арван удаа хамрагдах хэрэгтэй.

цааш үзэх