Хайх

Гоо сайхны салбарын нөлөө бүхий 4 мейкап артист

Гоо сайхны салбарын нөлөө бүхий 4 мейкап артист

Нүүр будалтыг жинхэнэ урлаг гэдгийг харуулж буй уран бүтээлчид

Text: Buro.Mongolia



Рауль Алехандре

Калифорнийн оршин суугч Рауль Алехандре нүүр будалтыг урлагтай адилтгадаг нэгэн юм. Мейкап артистын Dazed Beauty-тай хамтран хийсэн олон гайхамшигтай нүүр будалтыг харахад л хангалттай. Тэрээр ердийн багс болон нүүрний будгаар моделиудыг харь гарагийн хүн болгон хувиргаж чаддаг юм. Үүнээс гадна Раулийн нүүр будалтуудад маш олон төрлийн өнгө (ягаанаас неон ногоон хүртэл), уусалт, урт нүдний контур, гоёл чимэглэл зэрэг элементүүд давамгайлдаг ба тэрээр үүгээрээ бусдаас ялгардаг билээ. Рауль Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа алдарт Сальвадор Дали, Ричард Аведон, Федерико Феллини нарын бүтээлүүд өөрийнх нь уран бүтээлд багагүй нөлөө үзүүлсэн болохыг дурдаж байсан. Түүний үйлчлүүлэгчид дунд Зендея, Розалия зэрэг орчин үеийн гоо сайхан, загварын салбарын шүтээнүүд бий. Шилдэг мэргэжилтнүүдийн нэгт тооцогддог Раулийн уран бүтээлүүдтэй заавал танилцаж үзэхийг зөвлөж байна.

Одоогийн байдлаар тэрээр Valentino загварын ордны бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хамт ажиллаж байгаа билээ. Тэд загварын ордны хамгийн анхны косметикийн цуглуулга бүтээсэн юм. Уг цуглуулгад хүйс болон насны хязгаарлалд баригдаагүй пудр, хацар өнгөлөгч болон нүдний тень багтсан байна.


Исамайя Френч

Исамайя бол гоо сайхан болон загварын салбарынхны хүндлэлийг хүртсэн авьяаслаг нүүр хувиргагч билээ. Тэрээр олныг цочроох, гайхшруулах нүүр будалтууд болон классик, энгийн зэрэг хоёр эсрэг тэсрэг будалтууд хийх чадвараараа алдаршсан юм. Залуу уран бүтээлч өмнө нь Tom Ford Beauty-д бүтээлч зөвлөхөөр, YSL Beauté болон Christian Louboutin Beauté-гийн төлөөлөгчөөр томилогдож байсан бөгөөд одоогоор Burberry брэндийн нүүр хувиргагчаар ажиллаж байгаа билээ. Исамайя Burberry гэх олон жилийн түүхтэй, түлхүү сонгодог хэв маягаараа танигдсан загварын ордонд шинэлэг санаа авчирч байгаа юм. Тухайлбал, есдүгээр сарын 27-нд болж өнгөрсөн Burberry брэндийн хавар-зуны шоуны үеэр алхсан моделиуд үлгэрийн эльфүүд мэт том чих зүүсэн нь олныг гайхшруулсан билээ. Шоуны дараагаар Исамайя өөрийн Instagram хуудаснаа брэндийн бүтээлч захирал Риккардо Тишид хандан туршилт хийхэд нь зөвшөөрөл олгосонд нь талархсанаа илэрхийлсэн байна. Тэрээр хуванцар болон хальсны тусламжтайгаар хүмүүсийг үлгэр домгийн амьтан болгон хувиргах, өөрийн болон загвар өмсөгчдийн хөмсгийг зоригтой цайруулах, хацар дээрээ амьд цэцэгсийн дэлбээ наах зэрэг туршилтууд хийх үнэхээр дуртай нэгэн юм. Өвөрмөц дүр төрх бүтээж, дахин давтагдашгүй нүүр будалтуудыг хийдэг бүсгүйн Instagram хуудсыг дагаж, бүтээлч санаанууд аваарай.


Дониэлла Дэви

Неон өнгө болон хиймэл сормуусны хатан хаан. Хүмүүс Дониэллаг янз бүрийн хэлбэртэй өнгөт контур зурж, хөмсгөө ягаан эсвэл мөнгөлөг будгаар будаж, этгээд дүр төрх бүтээдгээр нь сайн мэддэг билээ. Мөн тэрээр АНУ-ын алдарт “Euphoria” цувралын гол дүрүүдийн нүүрийг хувиргасан уран бүтээлч юм. Тус цувралын эхний бүлэгт хүрэн өнгийн смоки будалт болон гялалзсан материалаар хийсэн “нулимс” давамгайлж байсан бол Дониэлла хоёрдугаар бүлэгт зөвхөн нүдний доод сормуусыг будаж гялалздаг чимэглэлүүдээс татгалзсан байна.

Сонирхуулахад, тэрээр Amazon Original-ийн бүтээсэн “The Underground Railroad” нэртэй түүхэн цуврал дээр мөн ажилласан юм.


Кики Ян Чжан

Берлин хотын залуу мейкап артист өөрийн будалтдаа Кит Харинг, Фрида Кало, Такаши Мураками нарын уран бүтээлүүдийг тусгасан харагддаг билээ. Мөн үндэс угсаагаа харуулахын тулд Азийн уламжлалт хээ угалзыг нүүрэн дээрээ зурдаг байна. Кикиг Vogue, Dazed, L’Officiel, Interview зэрэг томоохон сэтгүүлүүд онцолж байсан бөгөөд түүнийг гоо сайхны салбарын өсөн дэвшиж буй од хэмээн нэрлэжээ. Хүний нүүр болон арьс нь нүүр хувиргагчдын хувьд зотон, харин мейкап артистууд жинхэнэ урлагийн мастерууд гэдэгт одоо хүртэл эргэлзсээр байгаа бол Кикигийн Instagram хуудсаар зочлоод үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх