Солонгос бүсгүйчүүд яагаад нүүрээ будахаас татгалзаж байна вэ?
“Би өмнө нь косметик бүтээгдэхүүнийг маш чухал хөрөнгө оруулалт гэж хардаг байсан бол одоо зүгээр л хог гэж бодох болсон”
Солонгосын олон нийтийн сүлжээний хэрэглэгчид дунд "корсетоос мултарцгаая" нэртэй феминист хөдөлгөөн өрнөж байна. Охид бүсгүйчүүд өөрсдийн косметик бүтээгдэхүүнийг сүйтгэн эвдэлсэн зургаа нийтэлж, үүгээрээ Өмнөд Солонгост тогтсон эмэгтэй хүний гоо сайхны стандартыг эсэргүүцэж байна.
The Guardian сонины онцолж буйгаар Өмнөд Солонгосын нийгэм эмэгтэй хүн бүрээс өөрийгөө тордож, үзэсгэлэнтэй харагдахыг шаарддаг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд арьс арчилгаа, нүүр будалт зэрэг нь яг л нэгэн төрлийн ажил мэт болон хувирчээ.
БНСУ нь дэлхийн косметик бүтээгдэхүүний найм дах том зах зээл юм. Энэ орны ачаар BB ба CC кремууд болон эмгэн хумсны найрлагатай бүтээгдэхүүнүүд өргөнөөр дэлгэрсэн билээ. Солонгос бүсгүйчүүдийг олон шат дараалал бүхий арьс арчилгаа хийн маш олон төрлийн косметик бүтээгдэхүүн хэрэглэсний ачаар ямар нэгэн өө сэв нүхгүй, гэрэлтсэн арьстай байхыг уриалдаг бөгөөд нийгэмд энэхүү үзэл нь гүн суусан байдаг. 2012-2017 онуудын хооронд улсын косметик бүтээгдэхүүний зах зээл 7% өссөн ч, одооноос энэ үзүүлэлт нь бүсгүйчүүдийн эсэргүүцлийн улмаас унах магадлалтай байна.
Уг хөдөлгөөний идэвхтэй оролцогчдын нэг Ча Живон "Хүнд хүч чадал ба энергийн хязгаарлагдмал нөөц бий. Харин би өмнө нь хэтэрхий их энергийг нүүрээ будаж, арьсаа арчлахад зарцуулж, өдөр бүр хангалттай хөөрхөн харагдаж байгаа эсэхдээ санаа зовнидог байлаа" хэмээн бодлоо хуваалцжээ.