Жаред Лето Gucci Guilty-гийн сурталчилгаанд зориулж ваннд хэвтлээ
Харамсах зүйлгүй залуу нас
Анх 2010 онд нээлтээ хийж байсан Gucci Guilty сүрчгийг тухайн үед Эван Рейчел Вуд болон Крис Эванс нар төлөөлдөг байсан билээ. Тэдний тачаангуй сурталчилгаа тус сүрчгийг дэлхийн хамгийн эрэлттэй таван үнэртний жагсаалтад багтахад нөлөөлсөн байдаг. Үргэлж залуу бас зоримог хэрэглэгчдийг чиглэдэг байсан энэхүү сүрчиг сүүлийн зургаан жилийн дотор хэд, хэдэн удаа өөрчлөгдөөд авсан ч хамгийн чухал шинэчлэлт яг одоо өрнөж байна.
Gucci-гийн бүтээлч захирал Алессандро Микеле брэндийн хэрэглэгчдийн хүрээг тэлэхээр шийдэж, сүрчгийн загварчлалыг өөрчилжээ. Gucci Guilty үнэртэн одооноос эхлэн #GuiltyNotGuilty гэх уриан доор борлуулагдах бөгөөд сурталчилгааны шинэ нүүр царайгаар Жаред Лето тодорсон байна. Энэ шийдвэрээс үзэхэд Gucci брэнд шинэ мянганыханыг чиглэн ажиллахаар болсон бололтой. Сурталчилгаанд жүжигчин, загвар өмсөгч Жулия Хафстром ба Вера Ван Эрп нарын хамтаар ваннд хэвтэж буйгаар гарчээ.