Хайх

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ?

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ?

Туршлага судалцгаая

Text: Ө.Тодгэрэл


Монголын дараагийн топ модель болохоор өрсөлдөж буй Ю.Балжидмаа, Б.Бат-Оюун, Г.Ижилцэцэг, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ, М.Анхбаяр ба Э.Оюунбилэг нар арьсаа хэрхэн арчилдаг, ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг тухайгаа бидэнтэй хуваалцлаа

Өсвөр болон хориод насандаа бид арьс арчилгаандаа төдийлөн ач холбогдол өгөлгүй, үүрд үзэсгэлэнтэй хэвээр үлдэх юм шиг санадаг. Гэтэл үнэн хэрэгтээ яг энэ үе нь бидний арьсны хувьд хамгийн чухал үүрэгтэй он жилүүд юм. Одоо арьсаа хэрхэн арчлахаас шалтгаалж та өөрийн ирээдүйн дүр төрхийг бүрдүүлэх болно. Учир нь залуу насанд таны арьс байж болох хамгийн их коллагены дэмжлэгтэй, уян хатан, эрүүл байдаг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам байгалийн нөлөө болон арьс арчилгааны зуршлаас шалтгаалж өөрчлөгдөж эхэлдэг.

Тэгэхээр яг энэ сайхан бас нөгөөтээгүүр хариуцлагатай үе дээрээ явж байгаа Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн оролцогч охид арьсаа хэрхэн арчилдаг нь магадгүй уншигч та бүхэнд сонирхолтой байна байх.

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 1)

Ю.Балжидмаа - «Би энэ нэвтрүүлэгт орсноосоо хойш их зүйлийг ойлгож авлаа. Бид энэ нэвтрүүлгийн орчинд гар утас, зурагт, интернет, чихэвчний хөгжим гэх мэт цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байгаа. Ерөнхийдөө биднийг ядраах ямар нэгэн зүйл огт байхгүй гэж хэлж болно. Бид биеийн хөдөлгөөнд илүү анхаарч байгаа. Ингээд харахад арьсанд хамгийн гол нь амралт л хэрэгтэй байдаг юм байна. Утас удаан ширтэхээр нүдний доод хэсэг хөхөрдөг шүү дээ. Харин бид арьсаа маш сайн амрааж чадаж байгаа. Мөн хооллолт их чухал гэдгийг ойлгосон. Би өөрөө хийжүүлсэн ундаа, халуун ногоотой хоол хүнс хэтрүүлэн хэрэглэчих гээд байдаг талтай. Харин энд орж ирснээс хойш биед муу бүх хүнсээ хориглоод, хөх тарианы гурил, овьёос, тараг гэх зэрэг ихэвчлэн эрүүл хүнс хэрэглэж байгаа. Арьс ч бас үүнийгээ дагаад илүү цэвэрхэн болсон.

Гэхдээ хамгийн гол нь цэвэрлэгээ гэж би боддог. Миний бодлоор би арьсаа маш сайн цэвэрлэдэг. Бид нэвтрүүлгийн нэг дугаарт арьсны эмчтэй уулзаж, зөвлөгөө авсан. Тэгэхэд эмч намайг хамгийн эрүүл арьстай нь байна, цэвэрлэгээгээ маш зөв хийдэг бололтой гэж хэлсэн. Би арьсаа эхлээд тосон цэвэрлэгчээр цэвэрлээд, нүднийхээ будгийг зориулалтын будаг арилгагчаар арилгаад, дараагаар нь clarisonic электрон цэвэрлэгч ашиглаж, тоник түрхэж, хамгийн сүүлд нь тосоо түрхээд, арьсаа амраадаг. Ийм шат дараалалтайгаар цэвэрлээд маш олон жил болж байгаа болохоор арьсан дээр юм гарч, бохирдох нь арай бага байдаг болов уу».

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 2)

Б.Цэрэндолгор - «Би ингэж боддог юм. Одоо залуу байгаа үедээ өөрийгөө гоё байлгахын тулд хэтэрхий анхаарч, олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэвэл хөгшрөх үед арьс надаас илүү их зүйлийг шаардаж, улам муухай болчих юм шиг санагддаг. Тийм болохоор би арьсаа аль болох бага зүйлсээр тордож, аятайхан аваад явахыг хүсдэг. Тухайлбал өдөр, шөнөдөө би будаг арилгагчаар нүднийхээ будгийг арилгаад, өөрт таардаг ердийн савангаар нүүрээ цэвэрлээд, Nivea Soft тос түрхдэг. Мөн хааяа маск тавина. Ер нь бол олон юм хэрэглэх дургүй».

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 3)

Т.Номин-Эрдэнэ - «Унтахдаа цэвэрлэгээгээ л сайн хийдэг дээ. Өөрийгөө тослог арьстай гэж боддог байтал саяхан оношилгоонд ороод хэвийн арьстай гэдгээ мэдсэн. Тэгэхээр өөрийнхөө арьсыг мэргэжлийн хүнээр оношлуулаад, арьсандаа тохирсон арчилгаа хийх нь зүйтэй юм байна гэж ойлгосон. Би гэхдээ ерөнхийдөө арьсаа их энгийн байдлаар арчилдаг бөгөөд хааяа маск тавиад л болчихдог доо».

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 4)

Б.Бат-Оюун - «Миний арьс арчилгаа маш энгийн. Хооллолтондоо их анхаарч, ус их ууж, мөн энгийн үед нүүрээ буддаггүй. Шат дараалалтай арчилгаа гэвэл эхлээд сүүн шингэнээр цэвэрлээд, дараа нь хуурай арьсанд тохирсон савангаар нүүрээ угаагаад, тоникоор арьсаа арчаад, хамгийн сүүлд нь тосоо түрхдэг. Ер нь арьс арчилгааны тал дээр гаднаас нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхээс илүү дотроосоо хооллолтондоо сайтар анхаарвал арьс илүү цэвэрхэн болдог юм шиг санагдсан. Аль болох стресс багатай, тайван байх үед арьс гоё болж эхэлдэг шүү».

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 5)

Г.Ижилцэцэг - «Энэ нэвтрүүлэгт орсноос хойш Hada Labo брэндийн бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа. Өмнө нь эрүү хэсгээр юм гарах хандлагатай байсан бол Hada Labo-г хэрэглээд ямар нэгэн асуудалгүй болсон. Дээрээс нь их чийг өгдөг юм байна лээ. Арьсны төрөл тогтоох оношилгоо хийлгэхэд миний хамрын хэсгээр хуурайшдаг, холимог арьстай болж таарсан. Тэгэхээр ер нь арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь их чухал». 

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 6)

М.Анхбаяр - «Одоо бол Nivea-гийн энгийн цэнхэр савтай тосыг хэрэглэж байгаа. Үнэхээр таалагдаж байгаа. Миний өмнө нь хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээс арьсанд маань хамгийн ихээр тохирч байгаа нь энэ тос санагдсан. Манай бусад охидоос ганцхан надад л энэ тос байдаг юм. Тэгээд л бүгд миний тосыг асуугаад, их эрэлттэй байдаг шүү. (Инээв)».

Mongolia’s Next Top Model-ийн оролцогчид хариулж байна: Тэд арьсаа хэрхэн арчилдаг вэ? (фото 7)

Э.Оюунбилэг - «Би ерөнхийдөө олон төрлийн бүтээгдэхүүн холиод хэрэглэчихдэг. Будаг арилгагчаар нүднийхээ, сүүн шингэнээр нүүрнийхээ будгийг арилгаж, дараагаар нь Nivea-гийн ягаан өнгөтэй хөөсөн цэвэрлэгчээр гурван удаа арьсаа угаадаг. Эхний удаадаа массаж хийх маягаар бага зэрэг удаан цэвэрлэдэг бол, хоёр дах удаа илүү хурдан, харин хамгийн сүүлд нь хөнгөн байдлаар угаагаад болчихдог. Цэвэрлэснийхээ дараа тоникоор арьсаа арчаад, эцэст нь Tony Moly-гийн шөнийн маскийг түрхээд унтдаг. Хамгийн гол нь нүүрээ сайн л цэвэрлэх хэрэгтэй. Арьсаа тоникоор арчих үед хөвөн дээр ямар нэгэн бохирдол үлдэлгүй, цав цагаан хэвээр байх хүртэл нь цэвэрлэх ёстой гэж боддог. Мөн өглөө арьс тослогтож, бохирдол цуглуулсан байдаг тул өглөөнийхөө цэвэрлэгээг бас сайн хийх нь зүйтэй».

цааш үзэх