Энэ намрын маникюр ямар байх ёстой вэ?
Гол чиг хандлагууд
Хумсны урт ба хэлбэр
Энэ тал дээр бүх зүйл хэвэндээ байгаа. Аль болох байгалийн үзэмжтэй, богинохон хумснууд ойрын хугацаанд моодноос гарахгүй. Хумсныхаа хэлбэрийг сонгохдоо хурууныхаа байгалийн онцлогийг анхааралдаа авч, зөөлөн өнцөгтэй дөрвөлжин, аль эсвэл зууван хэлбэрээр засуулаарай. Мөн мэдээж хэрэг аль эртнээс загварлаг байхаа больсон акрил хумс хийлгэлгүй, өөрийнхөө хумсаар гоёорой.
Бүтэц ба бүрхүүл
Энэ намар матт, элсэн, нунтган, торгон ба илгэн бүтэцтэй будгууд моодонд орж байна. Танд хэрэгтэй өнгийн матт будаг олдохгүй байвал өнгөгүй матт бүрхүүлээр ердийн будаг дээрээ давхарлан будахад л хангалттай. Төрөл бүрийн бүтэцтэй лакуудыг хооронд нь хослуулж бас болно. Тухайлбал матт будаг дээр гялалзсан лакаар зураас татаж болох юм. Өнгөний хувьд гэвэл энэ улирлын загварын тайзууд дээр ихэвчлэн nude туяанууд ноёрхлоо. Ерөнхийдөө ямар ч хамаагүй өнгийн матт бүрхүүл улирлын хамгийн том трендээр нэрлэгдээд байна.
Хээ ба дизайн
Хумсны будаг үйлдвэрлэдэг ихэнх алдартай брэндүүд Америк гаралтай байдаг тул тэдгээр үйлдвэрлэгчид ихэвчлэн Нью-Йоркийн загварын долоо хоногийн трендүүдийг дагадаг. Энэ улиралд Нью-Йоркийн тайз дээр геометрын дүрснүүд ба төрөл бүрийн чиглэлтэй зурааснууд олноороо үзэгдсэн байгаа. Ийм зэргийн хээг хар өнгийн лакаар гаргавал илүү анхаарал татам, "сүрлэг" харагддаг бол, тод өнгийн хээнүүд илүү баяр баясгалантай уур амьсгал нэмж өгдөг.
Өнгө
Неон өнгийн лакнуудыг дараа зун хүртэл шүүгээнийхээ мухар луу далд хийхийг зөвлөх байна. Харин үүний оронд намрыг санагдуулам намган ногоон, шоколадны бор, эсвэл усан цэнхэр өнгийг туршаад үзээрэй. Бага зэрэг уйтгартай сонголтууд мэт санагдаж байна уу? Тэгвэл алтан лак санал болгох байна. Гэхдээ ямар ч шинэ тренд үүссэн бай, хар, дарсны хүрэн ба хүрэн ягаан өнгөнүүд үргэлж сонгодог хэвээр байх болно гэдгийг бүү мартаарай.
Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Dior-ын нүүр хувиргагч Роксана Аракелян
"Энэ намар сүүн эсвэл пастель өнгөнүүдийг түр мартаарай. Нэлээд хэдэн улирлын өмнө моодонд орсон эдгээр өнгөнүүд одоо тийм ч шинэлэг биш болсон. Цайвар ягаан эсвэл бүүдгэр ногооныг хойш нь тавьж, үүний оронд кофены өнгө сонгож болох юм. Хусныхаа уг хэсэгт саран хэлбэр гаргадаг будалтыг мөн омбре трендийг бас мартах хэрэгтэй. Түүнчлэн хумсан дээрээ цэгэн бүтэцтэй хээ угалз зурсны хэрэггүй шүү. Эдгээр нь бүгд хоцрогдсон шийдлүүд юм".
OPI маркийн технологич, хумс загварчлалын дэлхийн аварга Матвеева Ника
"Ядам ба долоовор хуруугаа, аль эсвэл зөвхөн ядам хуруугаа өөр өнгөөр будсаны хэрэггүй. Энэ нь аль хэдийнэ моодноос гарсан аргачлал юм шүү дээ. Бүх хумсаа жигд өнгөөр будах хүсэлгүй байвал ядахдаа эрхий эсвэл чигчий хуруугаа л онцлоорой".
Fame салоны хумсны мэргэжилтэн Татьяна Цой
"Хумсан дээрээ гялалзсан шигтгээ нааж, ирвэсний хээ зуруулсны хэрэггүй. Мөн хиймэл хумс бүр ч хийж болохгүй. Эдгээр нь хумсыг маш ихээр гэмтээдгээс гадна, мөн бүдүүлэг харагддаг юм. Түүнчлэн хумсныхаа өнгийг цүнх, ороолт эсвэл хувцастайгаа тохируулан сонгосны хэрэггүй. Таны маникюр бие даасан элемент байх нь зүйтэй".
Essie Professional сургалтын удирдагч Людмила Шумбасова
"Зуны тод неон туяанууд, халуун орны уур амьсгалтай цэцгэн хээнүүд, урт хумс ба хурц өнцөгтэй дөрвөлжин хэлбэрээс зайлсхийгээрэй".