Хайх

Лондонгийн загварын долоо хоног дээрх зургаан үс засалт

Лондонгийн загварын долоо хоног дээрх зургаан үс засалт

Загварын тайзууд дээрх үс засалтыг хэрхэн дуурайх вэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хайхрамжгүй сүлжсэн эсвэл доор боосон үс, шингэн чёлк гэх зэрэг хавар-зун 2017 улирлын хамгийн шилдэг үс засалтуудыг хэрхэн дуурайж болохыг мэргэжлийн стилистүүд зөвлөж байна

Шанаан дээрх хууз

Лондонгийн стилистүүд ирэх хавар-зуны улиралд контуринг буюу нүүр хэлбэржүүлэх будалтыг ор тас мартаж, үүний оронд туг үс ашиглан шанаагаа тодотгохыг санал болгож байна. Энэхүү засалтыг хийснээр та хуузтай мэт харагдаж, илүү нухацтай дүр төрхтэй болно.

Лондонгийн загварын долоо хоног дээрх зургаан үс засалт (фото 1)

Обруч маягийн тууз

Лондонгийн загварын долоо хоног дээр хамгийн ихээр ашиглагдсан аксесуар бол маргаангүй өргөн тууз юм. Үсээ задгай тавьсан ч бай, боосон ч бай тууз танд гарцаагүй хэрэг болно. Шулуун тууз эсвэл мушгиралдсан торгон алчуурыг та обруч маягаар зүүж, өнцгийг нь эрвээхий зангилаа болгож эсвэл нуун дарагдуулах үүднээс үснийхээ доор зангидаж зүүгээрэй. Erdem маркийн стилистүүд энэхүү үс засалтыг зөвхөн өдөр тутмын гэлтгүй, мөн үдшийн хувцаслалттай хослуулсан байлаа.

Маш доор боосон үс

Урт үстэй бүсгүйчүүдэд тохирох маш хялбархан засалт. Илүү дутуу үйлдэл хийлгүйгээр ердөө л дал, мөрнөөс доогуур хэсэгт үсээ туузаар уяхад л хангалттай. Ингэснээр таны үс урдаасаа задгай тавьсан мэт харагдана. Хялбархан, эвтэйхэн бас загварлаг аргачлал байгаа биз?

Лондонгийн загварын долоо хоног дээрх зургаан үс засалт (фото 2)

Birdie салоны хамтран эзэмшигч Николай Риш: "Үзүүр хэсэгтээ боосон үс нь задгай тавьсан мэт харагдах болов ч, илүү цэмцгэр төрх бүрдүүлдэг давуу талтай. Хэтэрхий их хичээл зүтгэл гаргаагүй хэрнээ ганган харагдах шаардлагатай үед төгс тохирох засалт юм. Илүү даруухан харагдахын тулд өнгөгүй резинээр боож, эсрэгээрээ олны анхаарлыг татахыг хүсвэл торгон туузаар уяарай".

Ретро маягийн долгионтой үс

Дизайнер Шарлотт Олимпиягийн загварын шоу 1920-оод оны ретро долгионтой үс засалтыг дахин нэг удаа моодонд орууллаа. Тэгэхээр ирэх хаврын улиралд үсээ далий хувааж, том долгионтой ороолт хийж, нүдээ аль болох том харагдуулах будалт хийцгээе. Энэхүү маш эмэгтэйлэг засалт нь үдшийн дүр төрхөд илүү зохицно.

Лондонгийн загварын долоо хоног дээрх зургаан үс засалт (фото 3)

Хайхрамжгүй сүлжсэн үс

Preen by Thornton Bregazzi маркийн стилистүүд 2017 оны хавар-зуны улиралд жижиг сүлжсэн үсээр гоёхыг зөвлөж байна. Хамгийн гол нь үсээ аль болох хайхрамжгүй сүлжих хэрэгтэй. Харин Simone Rocha ба Emilia Wickstead маркууд толгойн орой хэсгээс эхэлсэн, үзүүр нь задгай тавигдсан сүлжилтийг онцоллоо.

Legend New York салоны шилдэг стилист Наталья Лаврухина: "Хоёр эсвэл гурван туг үснээс бүрдсэн хайхрамжгүй сүлжсэн засалт нь өдөр тутамд эсвэл коктейль үдэшлэгт сайхан зохицдог. Хамгийн гол анхаарах зүйл нь дэгжин маягийн хайхрамжгүй дүр төрхийг бохир маягийн замбараагүй байдалтай андуурч болохгүй. Тиймээс үсээ үргэлж эрүүл бас цэвэрхэн байлгах нь их чухал шүү".

Шингэн чёлк

Лондонгийн загварын тайзнаас ажиглагдсан хамгийн гол трендүүдийн нэг бол яахын аргагүй хэдхэн хэсэг үснээс бүрдсэн, шингэн чёлк юм. Christopher Kane, Peter Pilotto болон Simone Rocha маркуудаас жишээ аваарай. Сануулж хэлэхэд, чёлкоо огтхон ч самналгүйгээр, хайхрамжгүй байлгах ёстой шүү.

цааш үзэх