Хавар-зун 2019 болон намар-өвөл 2019 улирлуудын чиг хандлагыг тогтоосон загварын долоо хоногуудын үеэр нэгэн гоо сайхны трендийг анзааралгүй өнгөрөх боломжгүй байсан нь бүйлсэн хэлбэртэй хумс юм. Тайзнаа гарсан ихэнх загвар өмсөгчид бүйлсэн хэлбэрийн хумстай байсан төдийгүй тод анхаарал татам маникюр хийлгэсэн нь маш эмэгтэйлэг, гоёмсог харагдлаа. Жишээ нь Jeremy Scott, Moschino ба The Blonds брэндүүдийн загварын шоуг ойроос ажиглавал моделиуд хар-цагаан сараачсан зураг, тод ягаан өнгийн хүрээ, алтан френч зэрэг сонирхолтой будалтууд хийлгэсэн байгаа. Хумсаа бүйлсэн хэлбэрээр янзлуулахыг хүсвэл суурь хэсгээсээ үзүүр лүү нарийсгаж, үзүүрийг нь хэт шовх биш байхаар зөөллөөд өгөөрэй. Хумсыг ийм хэлбэрээр янзлах нь хурууг илүү нарийн, урт харагдуулдаг давуу талтай ба хугарах нь бага байдаг тул та заавал туршаад үзээрэй.