Контемпорари урлагийн ертөнцөд гайхагдаж буй экспрессионист уран бүтээлчид
Сүүлийн жилүүдэд контемпорари урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө аяс, илэрхийлэмжтэй олон авьяаслаг уран бүтээлч төрөн гарч, урлаг сонирхогчдын мэлмий болоод оюун санааг баясгасаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхийн томоохон галерей, үзэсгэлэнгүүдээр бүтээлүүдээ дэлгэн, урлаг шүүмжлэгч болон цуглуулагчдын таалалд нийцэж, өөрсдийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болоод байгаа таван залуу экспрессионист уран бүтээлчийг сонгон танилцуулж байна.
Oh de Laval-ын секси, сахилгагүй ертөнцөд тавтай морил!
Хөөсөн чихэр мэт гэгээлэг боловч дүнсгэр. Үзэсгэлэн төгөлдөр атлаа түгшүүртэй. Санаа зовмоор секси хэрнээ алиа хошин. Эдгээр үгс Тайланд, Польш гаралтай зураач Ольга Потипиром буюу Oh de Laval-ын сюрреалист уран бүтээлүүдийг төгс тодорхойлно. Яг л хаалга андуурч нээгээд хориотой зүйлсийг харах авч нүдээ цавчилгүй ширтэх мэт ер бусын мэдрэмжийг түүний уран сэтгэмжээс ундран гарсан бүтээлүүд өгч, деталь бүрийг нь нарийн сонжих хүслийг өөрийн эрхгүй төрүүлнэ. 1990 онд Варшав хотод мэндэлсэн уран бүтээлч бүсгүй Cartoon Network сувгийг өдөржин үзэж өссөн бөгөөд The Powerpuff Girls хүүхэлдэйн киноны “HIM” гэдэг чөтгөрийн дүр, Италийн кино урлаг, Францын “New Wave” хөдөлгөөнөөс уран бүтээлийн онгодоо олсон гэнэ. Мөн Oh de Laval рококо стилиэс сэдэл авч таашаал, ёс суртахуунгүй үйлдэл, дур хүсэл, цөхрөл, аз жаргал зэрэг эгэл хүний мэдрэмжүүдийг чадварлагаар дүрсэлж, 21-р зууны эротицизмыг өөрийнхөө өвөрмөц арга барилаар тодорхойлж буйгаараа онцлогтой.
Ганцаардал Луис Боннетын нүдээр
Швейцарын уран бүтээлч Луис Боннетын дэгсдүүлсэн дүрслэлтэй бүтээлүүд нь уйтгар гуниг, ганцаардал, ичгүүр, дурсамжийг ихэвчлэн илэрхийлж байдаг. Тэрээр ямар ч пропорцгүй, хэвийн бус биеийн хэсгүүдийг түлхүү зурдаг бөгөөд хэн нэгний абсурд зүүдэнд ороод ирсэн мэт мэдрэмжийг үзэгчдэд төрүүлнэ. Альфред Хичкок, Питер Сол зэрэг алдарт найруулагчдын уран бүтээлдээ өргөнөөр ашигладаг бие махбод болон сэтгэлзүй хоорондын холбоог Боннет өөрийн зургууддаа тусгаж өгдөг. Тэрээр Gagosian, Basel, Nino Mier болон бусад олон галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байсан туршлагатай.
Өрнө, Дорнын нэгдэл Томоказу Мацуямагийн бүтээлд
Психоделик самурай, харийн ковбой, поп арт, манга, Эдо болон Мэйжийн эрин үе гэхчлэн олон сонирхолтой сэдвээс Томоказу Мацуяма уран бүтээлийнхээ сэдлийг олж авдаг. Тэрээр Нью-Йорк хотод суурьшилтай Японы уран бүтээлч ба абстракт экспрессионизмын өнгө аястай бүтээлүүдээрээ дамжуулан дижитал эрин үеийн даяарчлалыг харуулахыг зорьдог аж. Түүний өнгөлөг бүтээлүүд, Шанхай, Дубай, Лос-Анжелес, Мельбурн зэрэг дэлхийн томоохон хотуудад дэлгэгддэг.
Их хотын амьдралаас залхсан Ян Синьюэ
Төсөөлөл болон бодит байдлын зааг дээр оршин тогтнох түүний бүтээлүүдийг анх хармагц бидний өдөр тутмын амьдралд тохиолддог байдаг л нэг зүйлс дүрслэгдсэн мэт санагдана. Үнэн хэрэгтээ Хятадын Шанхай хотоос гаралтай залуу уран бүтээлч асар хурдацтай хөгжиж буй их хотын амьдрал ямар их түгшүүр мэдрүүлдгийг, орчин үеийн нийгмийн нэг хэсэг байх болон хувь хүн байх хоёрын хооронд хэрхэн зөрчилдөөн үүсдэг болохыг бүтээлээрээ дамжуулан харуулахыг хичээжээ. Түүний зургуудад шингэсэн хошин мэдрэмж, уран дүрслэл нь хүмүүсийг түр ч болтугай бодит байдлаас зугтаж, төсөөллийн ертөнцөд умбахыг уриалдаг билээ.
Хэвшмэл амьдралыг ид шидээр дүүргэсэн Рафа Макарррон
Испанийн уран бүтээлч Рафа Макарроны хачин жигтэй хүн дүрст уран зургууд харь гарагийн ертөнцөд эсвэл хүүхэлдэйн кинонд ороод ирсэн мэт мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ сайтар ажиглах юм бол хоёр болон гурван хэмжээст эдгээр абстракт дүрсүүд үсээ сэнсээр хатаан самнах, буланд зогсоод тамхи татах, ном унших гэхчлэн өдөр тутмын үйлдлүүдийг хийж байгаа нь харагдана. Тэрээр эгэл амьдрал, өдөр тутмын үйл явдлуудыг учир битүүлэг байдал, өдөөн хатгасан өнгө аяс, ид шид, адал явдлаар баяжуулан дэлхий ертөнц хил хязгааргүй болохыг дүрслэн үзүүлэх дуртай бөгөөд түүний хэлснээр өөрийнх нь бүтээлүүд “дахин төрөлт, амьдралын итгэл найдварыг” илтгэж байгаа аж. Рафа Макарроны бүтээлүүдийг урлагийн ертөнцийнхөн өндрөөр үнэлээд зогсохгүй Жан-Мишель Баския, Пабло Пикассо нарын уран бүтээлтэй харьцуулж эхэлсэн юм.