Хайх

Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк

Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк

Даниэл Аршам

Text: Л.Өлзийтөгс


Зураг:

Аюур бид хоёр Венецид тэнэж яваад нэг гудамжны буланд байх жижигхэн галерейд яваад орчихсон юм аа. Тэнд хэсэг залуу зураач үзэсгэлэн гаргах гээд ид дэглэж байв. Сонирхоод нэлээн харж зогслоо. Гэнэт галерейн эзэн эр бидэн рүү дөхөн ирж, монголын жуулчид гэсэнд сонирхон, хэсэг амарч суухыг урьснаар дотно танилцав. Эхнэр нь гэрэл зурагчин тул Азийн орнуудаар уран бүтээлийн эрэл хийн, аялах гэж буй ажээ. Биднийг явахад тэр "Эхнэрийг минь Монголд очиход угтан авч, бүхий л талаар туслаарай" гэж захиад номын сангаасаа цоо шинэ хоёр альбом (гадуурх гялгар бүрээсийг нь ч ураагүй), хоёр нимгэн каталоги бэлэглэсний нэгэнд өнөөдрийн танилцуулах зураачийн бүтээлийг хавсаргасан байсан даа. Ингэж л мэддэг болсон зураач! Италиас нээсэн Америк.

Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк (фото 1)

Даниэл Аршам цэл залуухан, 1980 онд төрсөн уран бүтээлч. Баримлууд нь архитектур, дизайны ажлын элементийг хослуулсан, экспериментал урлагийн төрөлд хамаарагддаг аж. 91 метр үргэлжилдэг, хиймэл бетон ханаар хийсэн инсталляцийг нь та харж байна. Жинхэнэ бетон шиг л санагдах ханыг ихэд хүч гаргасан мэт хэлбэрээр цоолж, цааш нь цонх болгон давхар давхар нээсэн, маш гоё алслалтай, уран хэллэгтэй энэ ажил яг лабиринт шиг, бас цаг хугацааны аялал шиг надад санагдсан. Бүр алсад нэг хар хүний дүр байгаа биз? Судлаачид тэр эрийг "Урлагийг бүтээхэд хүний чадавх хичнээн ихийг илэрхийлж байгаа хэрэг" гэж тайлжээ. Үнэхээр тийм. Урлаг бол аугаа өндөр потенциалтай хүмүүсийн талбар.

Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк (фото 2)

Чухам тэр өндөр, хар хүн л эдгээр ханыг нэвтлээд, нэвтлээд, цөм цөм цохиод, юу ч болоогүй мэтээр цааш алхчихсан шиг ээ. Миний бодлоор энэ БҮТЭЭГЧ хүний дүр! Уншигч, шүүмжлэгч, үзэгчид бол чулуун хана л гэсэн үг. Хаалга болгож ханыг би нээлээ. Араас дагаад явагтун!" гэж зураач хэлэх мэт ээ.
Энэ миний л эргэцүүлэл шүү, өөрөөр унших эрх танд бас бий! Урлагийн үнэ цэн "хязгааргүй тайлалтайдаа" л оршино.

Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк (фото 3)Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк (фото 4)Өлзийгийн галерей XVI: Италиас нээсэн Америк (фото 5)

цааш үзэх