Хайх

Өлзийгийн галерей XIV: Илбэчин

Өлзийгийн галерей XIV: Илбэчин

Жеймс Ли Бяарс

Text: Л.Өлзийтөгс


Зураг:

Жеймс Ли Бяарсыг ХХ зууны хамгийн нууцлаг, "оньсого мэт зураач" гэж нэрлэдэг. Тэрээр төсөөлөл ба бодит зүйлсийн хооронд мэдэгдэлгүйгээр хувиран шилжигч нэгэн байв. Контемпорари урлагийн олон чиглэлийг туршиж, гайхалтай яруу найраглаг ажлуудаараа өөрийгөө илэрхийлж чадсан хүн. Түүний ажлууд эгээ л илбэ жатга шиг, өөрөө ч чадварлаг илбэчин шиг санагдаад болдоггүй юм.

Америкт төрсөн ч, салхи мэт хэрэн тэнүүчлэгч энэ эр Итали, Япон, Швейцарь, Египет гээд хаа сайгүй нүүдэллэн амьдарчээ. Бас инсталляци, баримал, зураг, перформанс гээд бүхий л төрлөөр ур чадвараа сорьж, дүрслэх урлагаас гадна сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцсан гэх.

1994 онд Жеймс нэгэн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр тас хар хувцас өмсөн, хар гивлүүрээр нүдээ таглан тайзнаа гарч ирээд үзэгчид рүү нууцлаг инээмсэглэчихээд, буцаад орчихжээ. Энэ агшин зуурын "өдөлт"-ийг хожим ТӨГС ИНЭЭМСЭГЛЭЛ хэмээн нэрлэж, дүрслэх урлагийн түүхэнд тэмдэглэсэн байна. Нэг судлаачийн тайлбараар бол энэ нь "Төгс гэхдээ нэгэнт болоод өнгөрчихсөн агшин". Янз бүрээр л тайлбарладаг бололтой. Харин надад энэ перформанс яг зэнгийн коан шиг санагддаг. Зэнгийн ламын ертөнцийг үзэх үзэл Жеймсийнхээр ийм урлаг болон төсөөлөгдсөн юм биш биз хэмээн би бас төсөөлнөм.

Өлзийгийн галерей XIV: Илбэчин (фото 1)

Харин хажуугийн алтан шар өрөө бол ҮХЭЛ хэмээх нэртэй инсталляци. Навч, алтлаг цаас зэрэг энгийн зүйлсийг ашиглан хийжээ.

Үхэл үнэхээр ийм байдаг ч юм билүү? Сүүлчийн амьсгалаа татахдаа хүн ийм өнгө, гэрлийг үздэг, хардаг гэвэл би лав эргэлзэхгүй. Уран бүтээлч хүний зүрхэн дэх нүд магад диваажинг хардаг ч байж мэднэ ээ.

Өлзийгийн галерей XIV: Илбэчин (фото 2)

Гурав дах нь буюу голдоо шоо мэт шар дөрвөлжинтэй улаан өрөө бол Жеймсийн маш сэтгэл татам ажлын нэг. Нэр нь "Төгс төгөлдрийн ширээ". Шар нь өчнөөн нууцыг дотроо нуусан, хүртэшгүй ариуны төгс билэгдэл мэт. Улаан нь харин шарыгаа тодруулагч, улам гэрэлтүүлэгч, бас өөртөө агуулагч, хамгаалагч. Эгээ л эхнэр нөхөр хоёр шиг.

Үнэн хэлсэн байгаа биз? Тэр бол жинхэнэ илбэчин

Өлзийгийн галерей XIV: Илбэчин (фото 3)

цааш үзэх