Хайх

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя

Text: Buro.Mongolia


Цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл, улс төрийн будлиан болон сонгууль зэрэг олон асуудлууд биднийг тойрон хүрээлж байна. Тэгвэл энэ их үйл явдал дунд та яаж тайван байдлаа хадгалаж үлдэх гэж байна? Баасан гарагийн орой найзуудтайгаа гадуур гарах уу эсвэл гэртээ тухлангаа дуртай киногоо үзэх үү? Ямартаа ч бидний зүгээс виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялахыг зөвлөж байна. Учир нь уран зургийг харж эсвэл дүрслэх урлагаар хичээллэх нь хуримтлагдсан стрессийг буруулдаг болох нь нэг биш судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, Норвеги улсын 130,000 хүний дунд хийсэн нэгэн судалгаанд хамгийн багадаа дөрвөн удаа урлагтай холбогдолтой арга хэмжээнд оролцсон хүмүүсийн 84 хувь нь эрүүл мэндийн асуудалгүй байсан ба 91 хувь нь өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа санал асуулгын үеэр хэлсэн байна. Тиймээс та яг одоо бидний дурдах уран зургийн үзэсгэлэнгүүдээс сонгон үзэж  гоо зүйн мэдрэмжээ сэргээхийн сацуу стрессээ тайлаарай.

“Faces of Frida”

Google Arts & Culture тавцангаас нэгэн гайхалтай бэлгийг задалсан байна. Тэд домогт зураач Фрида Калогийн 800 гаруй зураг болон түүний эдэлж хэрэглэж байсан хувцаснуудтай ямар ч үнэ төлбөргүйгээр онлайнаар танилцах боломжийг нээжээ. Энэхүү үзэсгэлэн нь анх 2018 онд Лондон хотын Виктория болон Альбертын музейд тавигдаж байсан бөгөөд энэ удаад Google компани нийт 33 олон улсын музейтэй хамтран ажилласны үр дүнд хүн бүрд утас, компьютерын дэлгэцээсээ Фридагийн ертөнцөөр аялах боломжийг бий болгосон байна. 

Үзэсгэлэнг энд дарж үзнэ үү.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 1)

“Platform: New York”

Цар тахал дэгдсэнээс улбаалан уран зургийн галерей, музей үүд хаалгаа барьсан билээ. Энэхүү нөхцөл байдал нь ялангуяа үйлчлүүлэгч цөөн, олонд танигдаж амжаагүй газруудад хүндхэн тусаж байна. Иймд Нью Йорк хотын David Zwirner галерей-с Манхэттен, Брүклиний дүүргүүдэд байрлах нийт 12 галерейтай хамтран “Platform: New York” виртуал үзэсгэлэнг нээжээ. Та тус үзэсгэлэнгээс хараахан дэлхийд танигдаж амжаагүй байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдтэй танилцаж тэдний дотоод ертөнцийг мэдрэх боломжтой.

Зураачдын уран бүтээлтэй энд дарж танилцаарай.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 2)

“From Station to the Renovated Musée d'Orsay”

Seine голын зүүн эрэг дээр байрлах төмөр замын буудлын барилга дотор Парисын хамгийн алдартай музейн нэг Musée d'Orsay байрладаг бөгөөд энэхүү музей нь импрессионизмыг бишрэгчдийн зүглэх дуртай газар гэдгээрээ алдартай билээ. Musée d'Orsay-д хадгалагддаг Эдуард Манегийн “The Luncheon on the Grass”, “Olympia” Винсент Ван Гогийн “The Starry Night” болон Жан Франсуа Миллегийн “The Gleaners” уран зургуудыг үзэхээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс айлчлан ирдэг билээ. Харин тэд цар тахал дэгдэж хүндхэн нөхцөл байдал үүссэний улмаас олон сонирхолтой подкаст болон виртуал үзэсгэлэнг нэвтрүүлээд байна. Бидний зүгээс музейн бүтээн байгуулалтын үйл явцын талаар өгүүлдэг “From Station to the Renovated Musée d'Orsay” үзэсгэлэнг онцолж байна.

Дэлхийд алдартай Musée d'Orsay-ийн түүхийг эндээс үзээрэй.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 3)

“ATELIER E.B: PASSER”

ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах “Гараж” орчин үеийн дүрслэх урлагийн музейд нээгдсэн “ATELIER E.B: PASSER” виртуал үзэсгэлэнгээр ороод гарахыг зөвлөе. Тус үзэсгэлэнг загвар зохион бүтээгч Беки Липскомб болон зураач Люси Маккензи нар зохион байгуулжээ. Тэд бүтээлүүдээрээ дамжуулан загварын утга учрын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд загварыг дүрслэх урлаг болон дизайны салбаруудтай нэгтгэхийг зорьсон байна. Сонирхуулахад, “Гараж” музей нь тусгаарлалтын горим тогтоосноос шалтгаалан бүтээлүүддээ зориулан сонирхолтой playlist-ийг гаргажээ.

Урлаг ба загварын нэгдлийг эндээс үзээрэй

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 4)

“Cats in Art History”

Эртний Египетчүүд бол муурыг шүтэж муурын сэдэвтэй шүлэг, кино болон уран зургийг туурвих дуртай байсан ард түмэн. Тиймээс Universal museum of Arts болон Парисын Grand Palais нар хамтран муурыг дүрсэлсэн уран зургуудаар дэлхийн хаанаас ч онлайнаар үзэх боломжтой үзэсгэлэнг гаргажээ. Эндээс Теодор Жерикогийн бүтээлээс авахуулан Стейнлейны зураг хүртэл дамжин явж буй муурыг харах боломжтой бөгөөд бүтээл бүрт тэдний бэлгэдлийг шингээсэн байна. Тодруулбал, дундад зууны зураг дээр муурыг Сатантай адилтгаж дүрсэлсэн бол эртний Египетчүүд сайхан сэтгэл, эхийн хайрыг муураар дамжуулан харуулжээ.

Тэдний ертөнцөөр энд дарж аялаарай.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх