Гуравхан алхмаар уран зургийг ойлгодог болъё
Дүрслэх урлагийн галерей ороод харь гарагт ирчихсэн юм шиг мэдрэгдэж байсан уу? Хаашаа л харна ойлгомжгүй их дүрслэл, холилдсон их будгууд хүний сэтгэхүйгээс хэтэрсэн мэт санагдана. Заримдаа эсвэл “аав” ч гэж хэлж сураагүй балчир хүүхдийн зураг шиг харагдах бүтээлийг олон хүн бүсэлж зогсоод бишрэх үзэгдэл ч ажиглагдана. Үүнийг хараад та дүрслэх урлаг ойлгодог хүмүүс тусдаа байдаг юм байна гэж боддог бол бодлоо өөрчлөх цаг иржээ. Учир нь зураг тайлж уншдаг хүн гэж тусдаа байдаггүй бөгөөд энэ нь төрөлхийн авьяас ч биш юм. Харин ердөө арга барилыг нь мэддэг байхад л хангалттай. Бид маш олон арга байдгаас Еврей гаралтай урлагийн түүх судлаач Эрвин Панофскигийн “Хар, Ширт, Бод” техникийг онцолж байна.
Хар
Та уран зургийн галерей орохдоо нэг зургийг хэр удаан саатаж үздэг вэ? Нэг их удаан биш байх тийм үү? Тэгвэл галерей ороод нэг цаг болов уу үгүй юу гэр лүүгээ яардаг хүмүүс кино театрт ороод тус бүрдээ хоёр цаг үргэлжлэх арван кино гүйлгэж үзээд гарсантай адил гэнэ. Тиймээс одооноос эхлэн хананд өлгөсөн бүтээлийг харахдаа “Юу ашиглаж бүтээлээ туурвисан байна вэ? Эд зүйл үү аль эсвэл будаг уу? Хурдан ширүүн өнгө аястай байна уу эсвэл нямбай удаан байна уу? Бохир уу эсвэл гялалзсан цэвэрхэн үү? Деталь бүрд анхаарч хийсэн үү эсвэл ерөнхийд нь зураглалаа гаргахыг хичээсэн үү?" гэх мэт асуултуудыг өөрөөсөө эхлээд асуугаарай.
Ширт
Харах ширтэх хоёр маш том ялгаатай. Урдаа байгаа бүтээлийнхээ биет байдлыг ажиглах нь та зургийг харж байна гэсэн үг. Харин дараа нь ширтэх үе шат эхэлдэг бөгөөд энэ нь харсан зургандаа утга санаа оруулахыг хэлж байгаа юм. Тайлбарлах зорилгоор алдарт зураач Пабло Пикассогийн Guernica (1937) зургийг жишээ татъя. Бүтээлийн төв хэсэгт газар хэвтэж буй тасарсан гарыг хараад үргэн янцгааж буй морийг дүрсэлсэн бол зүүн хэсэгт нь цогцос тэврээд цурхиран уйлж буй эмэгтэйг зурсан байдаг. Эмэгтэйг зурахдаа цайвар өнгийг сонгож түүний уйлж буй газарт яаг л дэлбэрэлт болж байгаа мэт харагдуулсан юм. Эдгээр дүрслэлүүдийн цаана дайныг эсэргүүцсэн санаа оршиж байгаа бөгөөд тус бүтээл нь төрөлдөө хамгийн хүчтэй илэрхийлэлтэй зургаар шалгарч байжээ.
Бод
Өмнөх хоёр алхмыг хийсний дараа тунгаан бодох хэрэгтэй. Ингэхдээ энэ бол шинжлэх ухаан биш урлаг тул зөв хариулт байхгүй гэдгийг санаад дүгнэлтээ гаргавал зохино. Энэхүү алхмын түлхүүр үг бол “сэдэв” бөгөөд хэдий чинээ өргөн сэдвийн хүрээнд тунгаан бодно төдий чинээ дүгнэлтэд дөхөх болно. Тодруулбал, зураачийн нэр, төрсөн газар, зургийн нэр, туурвисан огноо болон бусад өөрт байгаа мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэж утгыг нь тайлахыг зөвлөжээ. Бодоод үзэхэд, 1930 оны Зөвлөлт Холбоот Улсад төрсөн хүний бүтээл 1960 оны Испанид амьдардаг зураачийн туурвисан зураг дүрслэл хоорондоо өнгө болон илэрхийлэхийг хүссэн утга санаагаараа тэнгэр газар шиг өөр байх нь ойлгомжтой шүү дээ.