Хайх

Венецийн архитектурын биенналд оролцсон Монгол уран бүтээлчид ба бусад 10 орны онцлох төслүүд

Венецийн архитектурын биенналд оролцсон Монгол уран бүтээлчид ба бусад 10 орны онцлох төслүүд

Заавал үзэх

Text: Buro.Mongolia


Зураг:

Тавдугаар сарын 28-нд Венец хотод XV Архитектурын биеннал эхэлсэн билээ. Олон улсын шүүгчид тус биенналд оролцсон бүтээлүүдэд шагнал өгч дууссаны дараа энэхүү үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болсон. Тэгвэл та бүхэнд бид арваннэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс заавал үзэх хэрэгтэй 11 төслийг нэрлэж байна

Монгол хоёр уран бүтээлчийн оролцсон төсөл

Энэ жилийн Венецийн архитектурын биеннал нь "Reporting from the Battlefront" буюу нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудлуудыг архитектураар хэрхэн шийдэж болохыг харуулсан сэдэвтэй байлаа. Монгол улс хэдийгээр бие дааж биенналд оролцоогүй боловч "Ger Hub" ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Бадруун, уран бүтээлч Б.Дөлгөөн /дуучин Magnolian/ нар Хонг Конгийн "Rural Urban Framework" нэртэй архитекторуудын багтай хамтран "Settling the Nomad" нэртэй үзэсгэлэнгээр оролцсон. Тэд "Монгол гэр болон гэр хороолол" гэсэн сэдвээр бүтээлээ хийн оролцсон байна. Энэ төслийг Жош Борчовер болон Жон Лин гэдэг Хонг Конгийн Их сургуулийн архитектурын хоёр багш анх санаачилжээ.

"Settling the Nomad" үзэсгэлэнгийн танхимд бага зэрэг өөрчилсөн гурван монгол гэр байршуулжээ. Энэхүү гэрнүүдийн нэгт гэр хорооллын тулгамдсан асуудлуудыг харуулсан видео гарч байгаа. Тухайлбал, дэд бүтэц байхгүй тул ус зөөх шаардлага гардаг, нэгдсэн бохирын шугам байхгүйгээс хөрсний бохирдол үүсдэг гэх мэт асуудлуудыг хөндсөн бөгөөд үүнийг шийдвэрлэх санаануудыг видеонд тусгасан аж. Харин үлдсэн хоёр гэрийг Г.Бадруун, Б.Дөлгөөн нар хийсэн ба дотор нь монгол гэрийн панаром дүрс болон гэр хороололд амьдардаг монгол айлуудын хөрөг видео байршуулж өгчээ. 

Их Британи

"Home Economics" нэртэй энэхүү төсөл нь сүүлийн үед эрс өөрчлөгдөж байгаа орон гэр гэдэг ойлголт болон орчин үеийн суурин амьдралын уламжлалт загварыг харуулахаар зорьсон байлаа. Home Economics төслийн эрхлэгчид ахуй амьдралыг харуулсан таван загвар гаргасан ба дотор нь байх хугацаанаас шалтгаалан цаг, өдөр, сар, жилүүдэд хуваан тавьжээ. Энэхүү төслийн гол зорилго нь Их Британий сонгодог барилгууд одоо орчин үед ихэнх хүмүүсийн амьдралын хэв маяг болон хэрэгцээнд нийцэхгүй байгааг харуулах гэсэн байна. Мөн архитекторууд энэхүү байшингийн загваруудыг дахин шинэчилж, олон төрлийн шинэ төлбөрийн арга зам нэвтрүүлээсэй гэсэн санааг "Home Economics" төслийн эрхлэгчид гаргажээ. Үзэсгэлэнгийн үүдэнд сонгодог англи байшингийн хаалганы загвар угтах ба зохиолч Уилл Селфийн дуу хоолойтой аудио хөтөч болон ил захидал дагалдаж байгаа юм.

Герман

Хэдийгээр Германы павильонд тавигдсан "Making Heimat. Germany, Arrival Country" нэртэй үзэсгэлэн тийм ч сонирхолтой байгаагүй ч илэрхийлэх гэсэн санаа нь заавал үзэх хэрэгтэй төслүүдийн тоонд оруулж байгаа юм. Энэхүү төслийн бүтээлчид дүрвэгсдэд тохирсон орон сууцны асуудлыг хөндсөн байлаа. Мөн архитектурын салбар болон хот төлөвлөлт энэхүү улс төр, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар олон асуулт дэвшүүлжээ. "Making Heimat. Germany, Arrival Country" төслийн багийн үзэж буйгаар бол Герман улс дүрвэгсдийн хямралд өртөөгүй, харин орон сууцны хямралтай тулгарсан гэнэ.

Дани

Данийн "Art of Many and the Right to Space" нэртэй төслийн баг энэхүү биенналд эх орноо төлөөлөхөөр сайтар бэлдсэн нь харагдаж байлаа. Тэдний павильонд урлаг соёлын талбай, эмнэлэг, үйлчилгээний төвүүд, оршуулгын газар гэх мэт сүүлийн 15 жилийн хугацаанд Дани улсад бий болсон архитектурын бүтээлүүдийн жижиг хэмжээтэй үзүүлэнгийн загваруудыг танилцуулжээ. Тиймээс энэхүү мод, органик шил болон хуванцар материалуудаас бүрдсэн бичил ертөнцийг үзэж сонирхсоноор цаг хугацааг умартаж мэднэ.

Израиль

"LifeObject" нэртэй төслийн бүтээлчид хурц, нийгмийн сэдвээс аль болох хөндийрөхийг хүсчээ. Харин тэд архитектур болон биологийн огтлолцох цэгийг олох тал дээр илүү анхаарал хандуулсан байв. Израилийн павильон нь үзэсгэлэнгийн танхим гэхээсээ илүүтэй судалгааны талбар болон хувирсан юм. "LifeObject" төсөлд микробиологи, бионик, вирус судлалын эрдэмтэд болон архитекторуудыг урин авчирч архитектурын салбарт ирээдүйд ямар хувьсал хийх арга замууд байгааг танилцуулжээ.

Испани

"Unfinished" буюу "Гүйцээгүй" гэх энэхүү төсөл нь Архитектурын биенналийн дээд шагнал болох "Golden Lion" шагналыг хүртсэн юм. "Unfinished" төсөл нь 2008 оны эдийн засгийн хямралын үеэр баригдаж дуусаагүй орхигдсон барилга байгууламжуудын төслийн зургуудыг танилцуулсан байна. Мөн залуу болон олонд танигдсан архитекторууд энэхүү гүйцэд баригдаагүй төслүүдийг хэрхэн дахин "амилуулах" талаар сонирхолтой, ер бусын арга барил бүхий санаануудыг дэвшүүлжээ.

Перу

"Our Amazon Frontline" төсөлд Амазоны ширэнгэн ой болон түүний уугуул оршин суугчдын хувь тавилан гол сэдэв нь болж байлаа. Энэхүү төслийг Архитектурын биенналийн шүүгчид тусгайлан дурдаж байсан юм. Энэхүү төсөлд "Plan Selva" нэртэй асар өргөн хүрээтэй боловсролын хөтөлбөр тусгагдсан байна. Тодруулбал, Перугийн засгийн газар Амазоны ширэнгэн ойд алслагдсан нийгмийн бүлэгт олон зуун сургууль барьж өгөхийг хэсэг бүлэг архитекторуудад даалгасан юм. Тэдгээр нутгийн индианууд нь уншиж, бичиж чадахгүй, ан хийж, жимс, ногоо түүж амьдардаг ба өвдсөн нэгнийгээ үндэс, ургамлаар л эмчилдэг байжээ. Харин хөтөлбөрийн үр дүнд мод болон металаар бүтээсэн, дасан зохицоход хялбар, Амазоны амьдралын хэв маягийг хүндэтгэсэн сургуулиуд бий болжээ.

Португали

Португалийн "Neighbourhood: Where Alvaro meets Aldo" төсөлд ХХ зууны сонгодог архитектор Альвару Сизагийн бүтээлээр нийтийн орон сууцны төслийг харуулахыг хичээжээ. Венецийн Жудекка арал дээр орших Сизагийн 1985 онд эхлүүлсэн "Campo di Marte" орон сууцны цогцолборын барилгын талбайд үзмэрийг байрлуулсан нь Португалийн үзэсгэлэнг бүр ч онцгой болгож байгаа юм. Мөн "Neighbourhood: Where Alvaro meets Aldo" төсөлд Порто, Гааг, Берлин зэрэг хотуудын нийтийн орон сууц болон хөршүүдийн харилцааны талаар өгүүлжээ.

Венецийн архитектурын биенналд оролцсон Монгол уран бүтээлчид ба бусад 10 орны онцлох төслүүд (фото 1)

Орос

ОХУ энэ жилийн архитектурын биенналд "ВДНХ" архитектурын үзэсгэлэнгийн цогцолборын түүхийг харуулсан сэдэвтэй бүтээлээр оролцлоо. Тодруулбал, 1939 онд ЗХУ үед байгуулагдсан ВДНХ цогцолборыг 2013 онд дахин шинэчлэлтэнд оруулсан юм. Энэхүү цогцолбор нь анх Зөвлөлтийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн танхим байжээ. Харин одоо бол нийт 500 га талбайтай, дотроо соёл амралтын хүрээлэн болон олон тооны үзэсгэлэнгүүдтэй асар том цогцолбор болон хувирсан. Архитектурын биенналд "ВДНХ"-гийн түүхийг өгүүлэх соёлын дурсгалт эд зүйлсийг дэлгэжээ. Мөн энэхүү цогцолбор цаашид хэрхэн хөгжих ирээдүйн төлөвлөгөөг ч эндээс үзэх боломжтой.

Скандинавын орнууд

Норвеги, Швед, Финланд улсууд "In Therapy: Nordic Countries Face to Face" нэртэй төсөл танилцуулжээ. Энэхүү төсөлд Скандинавын орнуудын орчин үеийн архитектурыг сэтгэлзүйн талаас авч үзсэн байна. Мөн павильоны төвд Абрахам Масловын хэрэгцээний пирамидын гурвалжинг дүрсэлсэн ба Норвеги, Швед, Финланд улсуудын 300 гаруй архитекторын төслийг энэхүү пирамидад байршуулжээ. Түүнчлэн энд Скандиновын орнуудын архитекторуудын ярилцлагыг буйдан дээр тухлан үзэж, сонирхох боломжтой. 

Япон

Японы уран бүтээлчдийн танилцуулсан "En: Art of Nexus" төсөл нь 2011, 2013 онуудад Япон улсад тохиолдсон байгалийн гамшгийн үр дагаврыг хөндсөн байв. Мөн тэд өнгөрсөн жил танилцуулсан төслийнхөө сэдвийг энэ удаа дахин үргэлжлүүлжээ. Тэгэхэд таазнаас улаан утсаар дүүжлэгдсэн зэвэрсэн түлхүүрүүдтэй инсталляцын зургийг хүмүүс хамгийн их авч байсан юм. Энэ удаа эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүд хүмүүсийн хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг зураг, үзүүлэнгийн загвар болон киногоор дүрслэн үзүүлсэн байна.

цааш үзэх