Хайх

Бид яагаад залуу зураачдын бүтээлийг худалдан авах хэрэгтэй вэ?

Бид яагаад залуу зураачдын бүтээлийг худалдан авах хэрэгтэй вэ?

Зураг цуглуулагчид болон үзэсгэлэнгийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна

Text: Buro.Mongolia


Орчин үеийн урлагийн «ФОРМА» фестивалийг үүсгэн байгуулсан Юрий Кассин

«Үзэсгэлэнгийн мэргэжилтнүүд, кураторууд болон дуудлага худалдааны байгууллагуудтай харьцаа тогтоох хэрэгтэй. Ингэснээр та өнөөдөр ямар бүтээл үнэд хүрч байгааг ойлгоно»


Манайд филантропийн институт муу хөгжсөн байдаг. Соёл ба урлаг нь бидний оршин тогтнолын утга учрыг илэрхийлдэг. Тиймээс бид урлаг гэдэг зүйлийг хадгалж үлдэхийн тулд үүнийг дэмжиж, худалдан авч байх учиртай.

Мэдээж хэрэг урлагийн бүтээлийг хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Паниковскийгийн хэлж байсанчлан "Би та бүгдийг зарна, дараа нь худалдан авна, мөн дахин нэг удаа зарна. Гэхдээ энэ удаад илүү өндөр үнэд хүргэж зарах болно". Зарим тохиолдолд энэхүү систем нь ажилладаг ч, удаан хүлээх шаардлага гарна. Таны бодлоор Баския хайрцаг дотор амьдардаг байхдаа ямар үнэд хүрдэг байсан бол? Миний бодлоор тийм ч өндөр үнэлэгддэггүй байсан байх. Харин одоо бол Баския хамгийн үнэ цэнэтэй зураачдын нэг шүү дээ.Бид яагаад залуу зураачдын бүтээлийг худалдан авах хэрэгтэй вэ? (фото 1)

Урлагийн бүтээл залуу байх тусам зах зээл дээр илүү үнэлэгдэж, орчин үеийн нөхцөл байдалтай илүү нийцдэг. Гэхдээ эцэст нь зөв сонголт хийх нь л хамгаас чухал. Зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд урлагийн зах зээлээр мэргэшсэн хүнтэй харьцаж, орчин үеийн урлагийн фестиваль эсвэл биеннале гэх зэрэг чухал ач холбогдолтой үйл явдлуудыг судлах хэрэгтэй. Үзэсгэлэнгийн мэргэжилтнүүд, кураторууд болон дуудлага худалдааны байгууллагуудтай харьцаа тогтоо. Ингэснээр та өнөөдөр ямар бүтээл үнэд хүрч байгааг ойлгож, тустай зөвлөгөө авах болно. Нөгөөтээгүүр мэргэжилтнүүдийн санал бодлыг хүндэтгэх хэрэгтэй ч, өөрийн биеэр үзэсгэлэнгүүдээр явж үзэн, өөрт таалагдсан зүйл худалдан авна гэдэг чухал ач холбогдолтой. Урлагийн бүтээл гэдэг нь шилдэг бэлэгнүүдийн нэг юм.

Би дайны өмнөх үеийн чулуун бичлэг цуглуулах дуртай. Өмнө нь ийм төрлийн бүтээл 10 000 рублиэр үнэлэгддэг байсан бол өнөөдөр олон мянган долларт хүрч байна.

Орчин үеийн урлагийн «База» институтийн удирдагч Анатолий Осмоловский


«Зураачидтай нөхөрлөх хэрэгтэй. Тэгвэл танд сонголт хийхэд амар байх болно»

Залуу зураачдын бүтээлийг яагаад худалдан авах хэрэгтэй вэ гэвэл хориод жилийн дараа та тэрхүү худалдан авсан зүйлээ хараад өөрийгөө хичнээн нарийн мэдрэмжтэй болохоо ойлгоно. Энэ чинь гайхамшигтай мэдрэмж шүү дээ. Надад Германы үзэсгэлэнгийн мэргэжилтнээр ажилладаг байсан нэг танил бий. Тэрээр нэгэн удаа Зигмар Полькегийн 30 гаруй график бүтээлийг иж бүрийг нь нэг мянган германы мөнгөн тэмдэгтээр үнэлэн авч байсан. Харин хорин жилийн дараа тэдгээр бүтээлүүд иж бүрдээ 30 мянган еврогийн үнэд хүрсэн. Тэрхүү танил маань энэ ухаалаг хөрөнгө оруулалтынхаа ачаар хангалттай их хөрөнгөтэй болж, түүгээрээ юугаар ч дуталгүй амьдарч, бүр өөрийн гэсэн үзэсгэлэн хүртэл нээж байсан түүхтэй.Бид яагаад залуу зураачдын бүтээлийг худалдан авах хэрэгтэй вэ? (фото 2)

Зураачидтай нөхөрлөх хэрэгтэй. Тэгвэл танд сонголт хийхэд амар байх болно. Зураачид бүгд л бие биенээ мэддэг. Тэдний хүрээлэлд орсон даруйд бүх зүйл ойлгомжтой болж ирдэг. Гадны хүний үзэл бодол бас их чухал. Гэхдээ тэрхүү хүн нь маш өргөн мэдлэгтэй, нарийн мэдрэмжтэй байх ёстой.


Зураач ба куратор Владимир Логутов


«Хэрвээ хүн өөртөө зориулан худалдан авалт хийж байгаа бол таалагдсан зүйлээ сонгох нь их чухал»

Залуу зураачдын уран бүтээл тухайн цаг үеийнхээ тэмдэглэл болдог. Харин тэрхүү бүтээлийг худалдан авч байгаа хүн тухайн үеийг дурсамж болгон хадгалж үлддэг. Энэ нөхцөлд урлагийн бүтээл гэдэг нь хүний амьдралын түүхэн дэх тодорхой үеийн илэрхийлэл болдог юм. Хэрхэн зөв сонголт хийх вэ гэж үү? Шилдэг дүрэм бол өөрт таалагдсан зүйлээ л худалдан ав. Хүн өөртөө зориулан хөрөнгө оруулалт хийж байхад үүнээс илүү тустай зөвлөгөө гэж юу байх билээ.

Зураач Валерий Чтак

«Зураачтай эсвэл үзэсгэлэнгийн мэргэжилтэнтэй наймаа хийх эсэх нь тухайн хүний хувийн сонирхлоос хамаарна»

Залуу зураачдын бүтээлийг худалдан авснаар та тэдэнд их чухал зүйлийг ойлгуулна. Тэд зөвхөн үүний ачаар өөрсдийгөө уран бүтээлээрээ тэжээж чадах эсэх, эсвэл энэ нь ердөө л нэг сонирхол төдий зүйл эсэхийг ойлгодог. Яг л ийм зүйл надад тохиолдсон. Би уран бүтээлээрээ мөнгө олж чадах юм байна гэдгээ ойлгох үе миний хувьд их чухал байсан. Тэр мөчид л би үүнийг жинхэнэ мэргэжил юм байна гэж ойлгосон.Бид яагаад залуу зураачдын бүтээлийг худалдан авах хэрэгтэй вэ? (фото 3)

Зураачтай эсвэл үзэсгэлэнгийн мэргэжилтэнтэй наймаа хийх эсэх нь тухайн хүний хувийн сонирхлоос хамаарна. Хүн урлагийн бүтээл сонгохдоо хувийн хүсэл, сонирхлоо л харгалздаг. Уран бүтээл цуглуулагчид зөвхөн ийм аргаар л сонголтоо хийдэг. Харин хэрвээ та урлаг судлахыг хүсч байгаа бол энэ нь мэдээж хэрэг өөр асуудал юм. Зарим хүмүүс үнэхээр сонирхолтой, хоорондоо тэс ондоо бүтээлүүд цуглуулсан байдаг. Энэ нь тухайн хүний олон талт сонирхолоос хамаарч байгаа юм шүү дээ.

Орчин үеийн урлагийг дэмжих зорилготой «Винзавод» сангийн ерөнхийлөгч Софья Троценко

«Тухайн зураач ямар боловсролтой болохыг, тэрээр орчин үеийн үйл явдлуудтай хэрхэн уялдаж ажилладгийг, мөн ямар үзэсгэлэнгүүд түүний бүтээлийг дэлгэдгийг олж мэдэх хэрэгтэй»

Орчин үеийн урлагийн бүтээл худалдан авахын тулд заавал олон сая хөрөнгө зарцуулах шаардлагагүй. Ажлын гараагаа дөнгөж эхлүүлсэн залуу зураачдын бүтээл эхэндээ ихэвчлэн маш багаар үнэлэгддэг. Залуу зураачдад хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн эдийн засгийн өнцгөөс ашигтай төдийгүй урлагийн хөгжилд чухал хувь нэмэр болдог. Карьерынхаа эхэн үед зураачид үндсэн сэдвээ боловсруулж, нарийн деталиудыг олж тогтоон, цаашид эдгээр шинж тэмдгүүдээ баримтлан ажилладаг. Хэрвээ зураач "голыг нь онож" чадвал түүний бүтээлүүд цаг хугацааны хэрээр улам бүр л үнэлэгдэх болно. Ингээд харахад та урлагийн ертөнцөд тодорхой нэгэн тренд үүсэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан болж таарна шүү дээ.

Сонголтоо хийхдээ тухайн зураач ямар боловсролтой болохыг, ямар үзэсгэлэнгүүд түүний бүтээлийг дэлгэдгийг, мөн тэрээр бие даасан үзэсгэлэн гаргаж байсан эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Юуны түрүүнд зураач орчин үеийн үйл явдлуудтай хэрхэн уялдаж ажилладгийг дүгнэх нь зүйтэй. Мөн мэдээж хэрэг өөрийнхөө мэдрэмжид итгэж, тухайн уран бүтээл таны сэтгэлийг хөдөлгөж байгаа эсэхийг анзаараарай.Бид яагаад залуу зураачдын бүтээлийг худалдан авах хэрэгтэй вэ? (фото 4)

цааш үзэх