Энэ сарын онцлох дөрвөн шинэ ном
Англи хэл дээрх
Бид багадаа зүгээр ч нэг өглөө эрт босч хичээлээ давтаж, ном уншдаг байсан юм биш ээ. Байгалийн цагаар бол өглөө 5 цаг 40 минутаас буюу туулай цагаас эхэлдэг. Энэ үед хүний тархи хамгийн сэргэг, бүхнийг амархан хүлээн авч, тогтоохдоо сайн байдаг юм. Тиймээс өглөө ажилдаа явахаас өмнө багахан хугацаа гаргаж, ном уншдаг хүмүүс маш их. Жишээ нь бидний хамгийн их урам зориг авдаг Карл Лагерфельд гэхэд яг тийм хүмүүсийн тоонд орно. Тэр хэдий 70 нас гарсан ч гэсэн өглөө бүр 6-7 цагийн хооронд ном уншдаг заншлаа орхиогүй хүн. Карл маш бүтээлч, үргэлж шинийг, гайхалтай зүйлийг санаачилдагт нь энэ энгийн зуршил маш их хэрэг болдог гэдгийг тэр өөрөө нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм. Энэ сайн нөлөө хүнд бүрт адилхан үйлчлэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Studio Olafur Eliasson: The kitchen
Цагаан хоолны 100 төрлийн жорноос бүрдсэн энэхүү номыг уншсанаар та намар хүртэл өөрийгөө маш амттай хоолнуудаар баярлуулах олон шинэ санааг үзэх болно. Зуны гурван сард мах иддэггүй монголчууд мартагдсан заншлаа орчин үед амттай цагаан хоолны жороор эргүүлэн сэргээх боломж бий. Тиймээс харахад ч, идэхэд ч маш амттай эдгээр жоруудаар өөрийн эрүүл мэндээ тэтгээрэй. Энэхүү номыг бичсэн Олафур Элиассон нь хоолыг урлаг болгож чадсанаараа алдаршсан хүн юм. Нийт 368 хуудастай энэхүү номонд 500 зураг нийтлэгдсэн байна.
30000 years of art
Хүн төрөлхтний бүтээлч байдлын түүхийг нэг дороос үзэх боломжийг энэхүү ном олгожээ. Дэлхийн алдартай 35 урлагийн музей, галерейн кураторууд хамтран бичсэн "3000 years of art" номны шинэчлэн баяжуулсан энэ удаагийн хэвлэлтэд XХI зуун хүртэлх уран зураг, уран баримал, оёдол, керамикийн зэрэг олон төрлийн 600 урлагийн бүтээл багтсан байгаа. Бүтээлч байдлыг нэмэгдүүлж, ертөнцийг үзэх үзлийг тэлж өгөх энэ номыг ширээний номоороо сонгоход хамгийн тохиромжтой бүтээл байх болно.
Do it Yourself
"Ном унших нүдэнд муу, тиймээс эрхэм баялаг болсон эрүүл мэндээ хайрлацгаая" гэх марзан уриа та харж байсан уу? Хэрэв энэхүү хошин зөвлөгөөг дагах юм бол маш олон зүйлээс хоцрох болно. Жишээ нь Do it Yourself номонд багтсан байгаа дэлхийн хамгийн мэдрэмжтэй 50 дизайнерын бүтээлийг харж чадахгүй өнгөрнө. Гэр орноо тохижуулах, ажлын байраа шинэчлэхээр төлөвлөж байгаа хүмүүс энэ номыг үзэхэд заавал ч үгүй нэг гоё санаа олно гэдэгт итгэлтэй байж болно. Мөн дизайн, интерьерийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст номонд орсон 50 дизайнерын товч намтар, бүтээлч байдлын түүх нь жинхэнэ өдөөгч хүч болж өгөх болов уу.
Steve McCurry: India
Энэтхэгийн түүх шиг гайхамшигтай, баялаг түүхийг энэ дэлхийн хаанаас ч олохгүй. Тэнд хүн төрөлхтний соёл иргэншил, дэлхийн олон хэл үүсч улмаар таван тивд түгэн тархжээ. Харин орчин үеийн хээнцэр ертөнцөд хүмүүс энэтхэгчүүдийг гаднаас нь харж дүгнэх гээд байдаг буруу хандлага их байдаг. Гэвч тэдний дотоод ертөнцийг нь нээж үзвэл хүн бүрийнх нь дотор Будда бий. Энэ бүхнийг үзэж болох нэгэн номыг алдарт гэрэл зурагчин Стив МакКарри өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй 150 зургаа эмхэтгэн гаргажээ. Ер бусын амьдралаар дүүрэн энэтхэгийн өдөр тумын амьдралыг дэргэдээс нь харж буй мэтээр энэ ном өгүүлэх болно.