Хайх

Монгол хэл дээрх бестселлер номууд

Монгол хэл дээрх бестселлер номууд

Шинэ ба шилдэг

Text: Buro.Mongolia


Өнгөрч буй дөрөвдүгээр сард борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг зуун номоос онцлох бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Эдгээр номууд дотор дөнгөж энэ сард хэвлэлтээс гарсан Г.Аюурзаны "Тэнгэрийн судар" зохиол, 49 жилийн өмнө хэвлэгдсэн "100 жилийн ганцаардал" зэрэг өөр, өөр цаг үед бичигдсэн бүтээлүүд бий

Бюро 24/7 хамгийн эрэлттэй байгаа номуудыг нэрлэсээр байна. Бид өнгөрсөн удаа New York Times-ын шилдэг борлуулалттай номуудын тухай товч тайлбарыг хүргэсэн бол энэ удаад Интерном дэлгүүрт хамгийн эрэлттэй байсан 100 номоос дараах есөн бүтээлийг онцлон танилцуулж байна. 

 

Г.Аюурзана - Тэнгэрийн судар /Нууц товчооны цохолборууд/

Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 1)

"Номоос үгийг бус, утгыг олж уншихыг л боловсрол хэмээмүй. Боловсролын хүчээр нээн олсон үнэт санааг л эрдэм хэмээмүй. Эрдмийн утга нь ердөө л сэтгэлээ эсэн бусын буртгаас ангид, төв төвшин авч явахуйд оршмуй" гэж зохиолч Г.Аюурзана бичжээ. Түүний хамгийн сүүлд хэвлүүлсэн "Тэнгэрийн судар" ном нь яг л энэ зорилгын хүрээнд бичигдсэн байна. Монголын түүх-уран зохиолын сод туурвил болох "Монголын нууц товчоон"-оос эртний үг хэллэгийг тайлан уншиж, нууц далд утга санааг нь тэрбээр өөрийнхөөрөө нээж, цохолбор хийн тэмдэглэснээ ном болгон туурвижээ. Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана сүүлийн гурван жилийн хугацаанд хэвлэлд ярилцлага өгөх бүрдээ "Монголын нууц товчоо бол хамгийн хосгүй бүтээл" гэж хэлдэг байсан юм.  


Хайрлах урлаг - Э.Фромм

Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 2)

"Хайрлах урлаг" ном анх хэвлэгдэн гарсан цагаасаа хойш олон сая хувиар борлуулагдсаны гол учир нь хүн бүхний эрж хайдаг "хайр"-ын хүчийг өөртөө агуулсанд байгаа юм. Эрих Фроммын бичсэнээр бол хайр гэдэг зүгээр нэг бий болоод, цаашаа өөрөө учраа олчихдог зүйл биш аж. Зарим хүмүүс хүнийг хайрлаж чаддаг, зарим нь чаддаггүй. Анхны хайраа, эхнэрээ, ээжийгээ гээд дотны хүмүүсээ хайрлаж чадалгүй, зөвхөн өөрийн "эго"-г эн тэргүүнд тавьсаар явдагаа мэддэггүй хүмүүс ч байдаг. Тэгтэл зарим хүмүүс ямар нэгэн зорилго, ухамсаргүйгээр хүмүүсийг хайрлаж, дотроо энэрч, гаднаа тэмүүлж явдаг. Энэ номонд өгүүлсэн байгаа хүнийг хайрлах урлаг гэж юу болохыг уншиж, мэдсэнээр амьдрал илүү амттай, бас жаргалтай болж мэдэх юм. 

 

Алганы хээ - Б.Эрхэмбаяр 

Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 3)

Сүүлийн үед бичсэн ном, зохиол нь олны анхаарлыг татаж, шилдэг борлуулалттай номын жагсаалтад байнга багтах болсон Б.Эрхэмбаярын шинэхэн ном хүний хувь заяа, түүнийг хэрхэн чиглүүлэн жолоодох талаар өгүүлжээ. Хорвоо дээр яг ижилхэн алганы хээтэй хүмүүс байхгүй гэлцдэг. Яг түүнтэй адил хүн гэдэг өөрөө маш давтагдашгүй, цорын ганц бодгаль юм. Бидний бие хийгээд сэтгэлийг төрүүлсэн өвөг дээдэс, эцэг эхийн зам мөрийг хааш нь хэрхэн хөгжүүлэх нь хүнээс, өөрөөс нь л шалтгаалах болно. Өөрөөр хэлбэл энэхүү ном "Хүн өөрөө амьдралаараа алганы хээгээ урладаг юм шүү" гэх санааг хэлэхийг зорьжээ. "Алганы хээ" номыг уншсанаар ганцаараа амьдралыг туулах уу, өнөр өтгөн гэр бүлтэй болох уу, өтөл насандаа сэтгэл хангалуун байх уу, эсвэл тасарч, алга болсон зүйлсийн хойноос гашуудан суух уу зэрэг олон зүйлсийн талаар эргэцүүлэх болно.


100 жилийн ганцаардал - Г.Г.Маркес

Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 4)

Г.Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал" романыг та нэг л уншаад шууд ойлгож байвал өөрийгөө бага зэрэг тоож болох юм. Харин эхлээд уншихдаа юу ч ойлгохгүй байсан ч шууд л хаачихаж чадахгүй, цааш нь бага багаар ахиулаад байвал та өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ номыг уншиж дуусгаснаар та хорвоод хосгүй нэгэн төрлийн сэтгэлийн цэнгэлийг амсах болно. Испани хэлт зохиолчид дэлхийд илүү их таниулсан шидэт реалист төрлөөр бичигдсэн энэхүү зохиол нь гайхалтай баялаг хийсвэр ертөнцтэй.

Зохиолд Буэндиа гэх нэгэн гэр бүлийн зургаан үеийн түүх гарна. Тэдний анхны өвөг дээдэс нь  "Макандо" гэдэг суурин байгуулж, улмаар үр хүүхдүүд нь тэндээ амьдрал цогцлоож, дурлаж, урваж, хайрын төлөө тэмцэж, хувьсгал гаргаж, ялагдаж, бас хорвоог танин мэдэж, алхимид нэвтэрч, улмаар гэгээрч, хожим нь бүгд ор мөргүй хоосон руу хуйлран татагдаж, алга болно.

Анх энэ зохиолыг уншихад "Ямар санааны зоргоор бурсан юм бэ" гэж бодмоор болдог ч энэ зохиолд өгүүлэгдэх бүхэн тийм ч санамсаргүй хийсвэрлэл биш юм. Амьдралд нэг өдөр сэргэн мандах цаг байхад өнөө өдөр нь шоргоолзонд идэгдэх мөч ч байна. Гэхдээ эцсийн үр дүнд ...

Дашрамд дурдахад ХХ зууны сод бүтээл болсон энэхүү зохиолд "Угтаа тэр нь татар дайсны зураг байлаа" гэж Монголчууд бидний тухай зурвас хэсэг гардаг нь сэтгэл их хөдөлгөдөг.

 

Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ - К.Мегре

Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 5)

XXI зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийг хөгжилтэй бас зоригтойгоор өгүүлсэн энэхүү номыг Ж.Энхбаяр монгол хэл рүү орчуулсан бөгөөд тус номын нээлтийг 2015 оны есдүгээр сард Бюро 24/7 хамтран хийсэн билээ. Номонд Парис бүсгүйчүүдийн соёл, хувцасны стиль, тэдний ойлгомжгүй, зөрчилдөөнтэй зан чанарын талаар өгүүлсэн байгаа. Бас эрчүүдийн тухай, тэднийг хэрхэн эвгүй байдалд оруулж, эцсийн мөчид үгүй гэж хэлэх тухай дэггүй зөвлөгөө ч энд олон бий.



Эх сурвалж:http://www.buro247.mn/culture/news/kherkhen-parischuud-shig-baykh-ve-nomyn-neelt-bolno.html

Мөн Парист шөнө дунд хаашаа очих, эсвэл хэн нэгний төрсөн өдрөөр хаанаас бэлэг авах, болзоонд хаашаа явах, хуучны эдлэлийг хаанаас авч болох гэх мэт онцгой газруудын тухай номын зохиогчид зааж өгнө. 

 

1Q84 - Харуки Мураками
Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 6)
Харуки Муракамигийн 1Q84 зохиолыг та уншсанаар зүгээр ч нэг уран зохиолд нэвтрэхгүй. Тэр яг л Холливүүдын чадварлаг найруулагчид шиг өөрийн зохиолоо хэрхэн амттай болгохоо мэддэг юм. Хөгжим, хоол, эрүүл амьдралын хэв маяг, хэрхэн жингээ хадгалах тухай, эрчүүд урхидах тухай, сексийн хүсэл тэмүүлэл, Токиогийн болоод Японы бусад сонирхолтой газруудад байдаг онцгой зүйлс гэх зэргээр тэр номоо уншууртай болгох бүх л аргыг чадварлаг ашигласан.  
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс авчээ. Гэмт хэрэг, цуврал аллага, уран зохиолын ертөнц, дотоод амар амгалан, ертөнцийн үнэнд тэмүүлэх хүсэл гээд олон сонирхолтой сэдвүүд энэ номон дотор таныг хүлээж байгаа.

DK Бизнес - Агуу санааг энгийнээр тайлбарлах нь
Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 7) 
Орчин үеийн танин мэдэхүйн номын гол чиг хандлага болсон "Bookazine" хэлбэрээр бичигдсэн "Бизнес" ном маш олон зүйлсийн тухай товч, тодорхой өгүүлэх болно.  Амжилттай брэнд хэрхэн бий болдог, агуу бизнес санаачлагч хүн ямар байдаг, яагаад зарим компаниуд өсөн дэвжиж байхад нөгөө хэсэг нь дампуурдаг вэ гэх зэрэг зүйлсийн тухай та эндээс уншина.
Энэхүү номын хамгийн гол онцлог нь мэргэжлийн үг хэллэггүйд оршино. Онол сургасан зааварчилгаанаас арай өөр хэлбэрээр,  уншууртай байдлаар бичигдсэн болохоор өсвөр насны хүүхэд ч ойлгоно. Тиймээс бизнесийн онолын төрөл бүрийн ээдрээт зүйлсийг алхам, алхмаар ойлгож авах боломжтой. 

Apple-ын удирдагчийн инновацийн нууцууд - К.Галло
Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 8)
Хүн бүр л Стив Жобсыг гайхалтай гэж боддог. Тэгэхдээ түүний юу нь гайхалтай байсан бэ гэдгийг одоо зөвхөн ном л хамгийн тод өгүүлж чадна. Энэхүү номын товч агуулгад "Инноваци гэдэг нь товчхондоо ердийн хүмүүс онцгой амьдралаар амьдрахын тулд өдөр бүр хийж байдаг тэр л зүйл юм. Та энэ номын хуудаснаас Стив Жобсын аргаар инновацыг нэвтрүүлэн, бизнес, нийгэм, амьдралаа өөрчлөн хувиргасан эрэгтэй, эмэгтэй олон хүмүүстэй уулзах болно" гэж бичжээ.
Стив Жобс Энэтхэг орноор аялсаны дараагийн гучин жилийн замнал нь түүнийг хувийн болон мэргэжлийн амьдралд нь гайхмаар өндөр амжилт авчирч, басхүү сэтгэл эмзэглэм уналтад хүргэсэн. Түүний амжилтанд хүрсэн замнал, өөрийн мөрдлөгө, эрхэмлэж явсан зарчмууд нь хожмын бүтээлчдэд ч бас хэрэг болж, ертөнцийг үзэх үзлийг нь тэлж өгөх биз ээ.
 
Нөхөрлөл - Х.Экслей
Монгол хэл дээрх бестселлер номууд (фото 9)
Хүнд заримдаа маш хөнгөхөн, жижигхэн зүйл бэлэглэмээр санагдах үе байдаг. Тэр үед Хелен Экслейн бэлгийн номууд маш тохиромжтой сонголт болдог юм. Гэр бүл, найз нөхдийн холбоо, хувь хүний үнэт чанарууд гээд хүний харилцааны хамгийн гол зүйлсийг тэр жижигхэн номондоо багтаасан байгаа. Тиймээс "Тэр юу унших дуртай билээ?" гэж толгойгоо гашилгах хэрэггүй, эдгээр номоос сонгож болдог.
Энэхүү 368 хуудастай ном нөхөрлөлийн тухай хамгийн шилдэг эш үгсээр дүүрэн байгаа. Хүнд үг шиг хүчтэй тусч, урам зориг өгдөг өөр зүйл бий гэж үү? Сэтгэлд хоногшиж үлдсэн нэг л сайхан үг амьдралыг туулах бүх л цаг үед эргэн дурсагддаг гэдэг. Яг тийм үгс энэ номон дотор олон бий гэдэгт эргэлзэхгүй байж болно. 
цааш үзэх