Номыг хавтсаар нь дүгнэх хэрэггүй: Ном сонгоход тань туслах шинэ үйлчилгээ гарлаа
recommendmeabook.com
"Номыг хавтсаар нь дүгнэх хэрэггүй" гэдэг хэлц үг ихэвчлэн хүнийг гаднах төрхөөр нь дүгнэх хэрэггүй гэдэг утгаараа хэрэглэгддэг. Тэгвэл хэрэглэгчдэд ном санал болгодог Recommend me a book гэдэг шинэ үйлчилгээ энэ үгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна.
Энэхүү вебсайтад зочилсон хүнд тохиолдлын байдлаар сонгосон ямар нэг номын эхний хэдэн хуудсыг уншуулна. Гэхдээ энэхүү номын зохиолч болон хавтас нь далд байх бөгөөд хэрэв мэдэхийг хүсвэл тусгай товчлуур дээр дарах хэрэг гарах аж. Recommend me a book вебсайтын гол зорилго нь уншигчдад номын хавтас болон зохиолчийн нэр хүндээс шалтгаалахгүйгээр тухайн зохиолыг үнэлэхэд оршдог юм байна.
Уг үйлчилгээг Лондонгоос гаралтай график болон веб дизайнер Гиви Пирцхалава зохиожээ. Сонирхуулахад, хэдэн доллар нэмж төлөөд өөрийн дуртай номын жагсаалтыг ч энэхүү вебсайтын цуглуулгад оруулж болно шүү.