Хайх

Сониуч зүрх номоос: Улаан утас

Сониуч зүрх номоос: Улаан утас

@chansysdesk

Text: Д.Чанцалдулам


Загвар, урлаг, аяллын тухай тэмдэглэлүүдээс бүтсэн "Сониуч зүрх" нэртэй нэгэн сонирхолтой ном гарчээ. Дэлхийн алдартай загварын орднууд болон урлагийн галерейгаар зочилж үзсэнээ Д.Чанцалдулам энэхүү номондоо бичсэн байна

Хүн бүрийн харах өнцөг өөр байдаг болохоор тус номыг бичсэн Д.Чанцалдуламын тэмдэглэл танд сонирхолтой байх болов уу. Бид "Сониуч зүрх" номоос нэгэн өгүүллийг нь танд бүтнээр нь толилуулж байна. Цаана нь "Мисс Диороор амьсгалсан нэг өдөр", "Шанель хэмээх домогт уусахуй", "Хатан хаан Сиссигийн мөрөөр" зэрэг олон сонирхолтой өгүүлэл энэ номонд бий. Номын редактороор яруу найрагч Л.Өлзийтөгс ажилласан байна.

Бид мөн энэхүү нийтлэлийг цахим сүлжээндээ public тохиргоотой share хийж түгээсэн хүмүүсээс таван азтан шалгаруулж, тус бүр нэг "Сониуч зүрх" ном бэлэглэх болно. 

-

Улаан утас

/154 нүүр/

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 1)

Мюнхен хотын хамгийн тансаг өргөн гудмыг Максимилианы гудамж хэмээнэ. Нэр хүндтэй загварын ордны дэлгүүрүүд эгнэж, шилэн хоргонд нь үнэтэй сор бүтээгдэхүүн ярайж, аргагүй тансаг орчинг бүрдүүлэх аж. 

Максимиланы гудамжны эхэнд нэгэн хаалга анхаарал татах нь Луи Виттоны орон зай гэгдэх урлагийн галерей юм. Луи Виттон загварын ордон нь хувцас загвараас гадна орчин үеийн урлагийг дэмжин, үйл ажиллагааныхаа чухал нэгэн чиглэл болгосоор иржээ. Урлагийг дэмжих үйлсээ бататгах зорилгоор 2006 онд Парис хотноо анхны "Луи-Виттон-Орон зай" галерейгаа нээж байсан бол өдгөө Токио, Венец, Сингапур, Мюнхен хотноо галерейтай болоод байна. 

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 2)Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 3)

Мюнхен дэх 320 кв.метр талбай бүхий энэхүү орон зайдаа гурван жилд гурван удаа үзэсгэлэн дэлгэж, орон нутгийн болон олон улсын уран бүтээлч, урлагийг дэмжигч, цуглуулагч, сонирхогчдыг уулзуулах нь уг галерейн эрхэм зорилго аж. Тэд Луи Виттоны бүтээгдэхүүнүүдийн язгуур нэгэн хэрэглэгдэхүүн болох утсанд энэ удаагийнхаа урлагийн үзэсгэлэнг зориулжээ. Энэ нь Парис, Токио, Мюнхен хотын орон зайд нэгэн зэрэг, нэгэн сэдэвтэйгээр дэлгэгдэж буй бүлэг үзэсгэлэн. Маш онцлог, өвөрмөц ажээ. Гурван өөр хотод, нийт найман уран бүтээлч 12 бүтээлээрээ утас, түүний хэрэглээг урлагт хэрхэн олон янзаар тусгаж болохыг харуулсан бөгөөд үүнээс дөрвөн уран бүтээлчийн ажлуудыг Мюнхенд дэлгэсэн байна. 

Токио дахь үзэсгэлэнд утас хэрэглэх арга замыг илэрхийлэхийг урьтал болгосон бол, Парис хотноо томоохон инстолляци танилцуулж, харин Мюнхенд утсаар хэрхэн хатгамал хийж, урлагийн бүтээл бүтээж болох тал дээр анхаарлаа хандуулжээ. 

Номыг хавтсаар нь дүгнэж болдоггүйтэй адил аливаа үзэсгэлэнг хэмжээгээр нь дүгнэж болдоггүй. Анх ороход авсаархан мэт санагдах жижигхэн энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд гүн утга агуулж, сонирхогчдын урлагийн мэдрэмжийг сорино.

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 4) 

Хатгамал гэхээр эмэгтэй хүний хийх ажил гэж нэн түрүүнд ойлгогддог. Жан-Жак Руссо "Эмил буюу хүмүүжлийн тухай өгүүлэхүй" номондоо "...Охид уншиж бичиж сурахдаа дургүйхэн байдаг бол зүү гарт нь бариулвал үргэлж зугаатай суралцдаг. Гартаа зүү барих охид өөрсдийгөө хэдийнэ насанд хүрсэн мэтээр төсөөлж, оёх чадвар нь нэг л өдөр тэдэнд өөрийгөө гоёход нь туслах болно хэмээн мөрөөддөг" гэж бичсэн нь үнэний ортой. Оёж хатгах нь эм хүйстэй л холбогддог. Их хэцүү биш ч хүндлэл хүлээдэг энэхүү гар урлал, мэргэжил 1990-ээд оноос урлагийн бүтээлүүдэд үзэгдэж эхэлжээ.  

Үзэсгэлэнд уран бүтээлээ дэлгэсэн Кайро хотоос гаралтай уран бүтээлч Гада Амер эмэгтэйлэг хэв маягаар зурах эрлийнхээ үзүүрээс хатгамалыг олсон тухай өгүүлжээ. Учир нь, уран зураг бол түүний хувьд эрчүүдийн бий болгосон зүйл бөгөөд энэ урлагийг эмэгтэйлэг болгохдоо утас ашиглан хатгамалаар зурсан байна. 

Аравдугаар зууны үеийн арабын "Таашаалын тухай бүхнийг өгүүлэхүй" судар нь эдүгээ хориотой бөгөөд Гада Амер тэрхүү түүврийг олж уншаад "Таашаалын нэвтэрхий толь" бүтээлээ туурвих санааг олж авчээ. Тэрбээр уг бичвэрүүдээс англи хэлнээ орчуулж, түүнийг нь эхлээд эмэгтэйчүүд зотон даавуун дээр буулгаж, харин эрэгтэй оёдолчид хатгамлыг урласан байна. Өнөө ч Египетэд голчлон эрчүүд хатгамал хийдэг аж. Гада Амер энэ бүтээлээрээ хориотой бөгөөд мартагдах шахсан эртний бичвэрүүдийг сэргээж, арабын ертөнцөд хаалттай "бэлгийн харилцаа, ижил хүйстэн" гэх мэт сэдвүүдийг нээлттэй бөгөөд алагчлалгүйгээр хэлэлцэх нөхцлийг бий болгожээ. 

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 5)

"Таашаалын нэвтэрхий толь" бүтээл, алтан утсаар хатгамалдан бичсэн үгс бүхий хайрцаг хэлбэрт судар

Галерейн доод давхрын зүүн ханыг Трейси Эминий "Хүлээлт" сэдэвт, даавуун дээр хар утсаар хатгамалдсан бүтээл чимнэ. Өнгөц харвал хар бэхээр таталган зурсан уран зураг мэт санагдах уг бүтээл ойроос ажиглавал утсаар хатгаж оёсон нь илхэн. 

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 6)

Михайл Редекерийн бөс даавуун дээр утсаар шаглан, акрил будгаар зурсан бүтээлийг "Том зураг" гэх ба зотон даавууны ар талаас хатгаж, нүүрэн тал руу буюу дээш татаад, буцаан доош түлхэх үйлдлийг олон дахин давтах үед бий болсон хатгамлаа, ганцхан утсаар олон дахин орж гарч бүтсэн тэр л мөрүүдээ оновчтойгоор "Оролт ба гаралт" хэмээн нэрийджээ.

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 7)Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 8)

Удаах бүтээл нь, заяаны ханиуд хөлийн шагайнд ороосон, нүдэнд үл үзэгдэх улаан утсаар бие биетэйгээ холбоотой байдаг тухай хятадын нэгэн домгоос уран бүтээлч Ханс Оп де Бек санаа авч бүтээсэн, гурван хотноо үзэсгэлэн тус бүрт нэгэн зэрэг гарах богино хэмжээний кино юм. Утсан хүүхэлдэйг нүдэнд саад үл болох хар хувцаст хүмүүс амь оруулан дэлгэцнээ хөдөлгөх бөгөөд панк хөвгүүн, охин хоёрын залуу нас, хайр сэтгэл, амьдрал, өтөл нас, үхлийг харуулсан уг кинонд мөнөөх холбогч утас нь тасарснаар амьсгал хурааж буй тухай өгүүлнэ. Улаан утас, улаан шугам ихэнхдээ аливаа зүйлийг таслах, төгсгөх эсвэл шинэ цэгээс эхлүүлэх чиг болдог бол Парис, Токио, Мюнхен гурван хотноо тус, тусдаа дэлгэгдсэн Луи Виттоны орон зай дахь үзэсгэлэн улаан утсаар хоорондоо холбогдон, нэгэн бүхэл утга санааг илэрхийлж байлаа. 

Мюнхен хот 2015

Сониуч зүрх номоос: Улаан утас (фото 9)

цааш үзэх