79 дэх удаагийн Венецийн кино наадам нээлтээ хийх гэж байна
Лидо арал дээр дэлхийн одод чуулах нь тодорхой болоод байна
Европын хамгийн том гурван кино фестивалийн нэг болох 79 дэх удаагийн Венецийн кино наадам нээлтээ хийх гэж байна. Дэлхийн анхны олон улсын үзэсгэлэнгийн нэг Венецийн биеналийн нэг хэсэг болох уг наадам есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл уламжлал ёсоор Венец хотын Лидо арал дээр зохион байгуулагдана.
Цар тахлын үеэр томоохон кино наадмууд дундаас Венецийн кино наадам л ёслолын үйл ажиллагааны зочдоо биеэр оролцуулж байсан ч мэдээж хэрэг зочдын тоог хязгаарлаж байсан бол энэ жилээс тус хязгаарлалтыг болиулж, аюулгүй байдлын үүднээс босгосон ханыг буулгажээ. Ингэснээр өмнөх хоёр жилийнх шиг нээлтээ хийсэн кинонуудын жүжигчид нээлтдээ оролцох боломжгүй байсан үе төгсгөл болж, Лидо арал дээр дэлхийн кино ертөнцийн одод чуулах нь тодорхой болж байна.
Сүүлийн жилүүдэд “La La Land”, “Roma”, “Joker”, “Nomadland” гэхчлэн Оскарын шагналд өндөр амжилт үзүүлсэн кинонууд ихэнх нь Венецийн кино наадмаар анхлан үзэгчдийн хүртээл болсон учир тус наадмаар нээлтээ хийх бүтээлүүд мэргэжилтнүүдийн сонирхлыг ихэд татаж буй юм.
Венецийн Бүгд найрамдах улсын төрийн бэлгэ тэмдэг байсан алтан шаргал өнгийн арслангийн дүр бүхий дээд шагнал Алтан арслангийн эзнийг тодруулах шүүгчдийн багт ахлах шүүгчээр жүжигчин Жулианна Мур, шүүгчдээр Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүро, өмнө оны Алтан арслан шагналын эзэн, найруулагч Аудри Диван зэрэг алдартай мэргэжлийн хүмүүс багтжээ.