Хайх

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал

Шинэ ба алдартай

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдийгээр зуны улиралд ихэнх цуврал кинонууд завсарлага авдаг ч энэ гурван сард сайн хийгдсэн цөөнгүй олон ангит кино шинээр гарах болно. Тиймээс бид энэ дундаас хамгийн гол, сонирхолтой гэсэн цувралуудыг түүж, жагсаалт болгон хүргэж байна

"Aquarius", хоёрдугаар улирал

Хэзээ: Зургаадугаар сарын 16

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 1)

Сүүлийн үед Дэвид Духовны хаа сайгүй харагдах болсон. Tүүний тоглосон "X Files"-ын Х улирал өндөрлөөд удаагүй байхад л Дэвидийн "Aquarius" нэртэй цувралын шинэ хэсэг эхэлж байна. Уг киноны үйл явдал 1960-аад оны сүүлд өрнөх бөгөөд Лос- Анжелес хотын мөрдөгчид алга болсон өсвөр насны охиныг хайдаг. Энэхүү кино нь бодит хүн буюу алдарт алуурчин Чарльз Мэнсоны дүр дээр суурилсан ч үйл явдал нь зохиомол юм. "Aquarius" цувралын эхний улиралд рок-н-рол, секс, хөгжим гээд 1960-аад оныг маш бодитоор дүрсэлж өгдөг. Харин удахгүй гарах гэж буй хоёрдугаар улирал нь илүү сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.

"Feed the Beast", нэгдүгээр улирал

Хэзээ: Зургаадугаар сарын таван

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 2)

Энэ жил Дэвид Швиммерийн хувьд "Friends" цувралаас хойшхи хамгийн амжилттай жил нь болж байна. Тэр саяхан "The People v. O. J. Simpson: American Crime Story" нэртэй цувралд Роберт Кардашьяны дүрийг бүтээсэн. Тэгвэл одоо түүний тоглосон "Feed the Beast" гэх бас нэгэн шинэ цуврал AMC кабелийн телевиз дээр эхэлж байна. Киноны гол дүрд Дэвид Швиммерээс гадна Жим Стержесс тогложээ. Үйл явдалд хоёр сайн найз мөрөөдлийнхөө рестораныг нээх бөгөөд харамсалтай нь дээрэмчидтэй тулгардаг. Дашрамд дурдахад, AMC кабелийн телевиз нь "Breaking Bad", "Mad Men" зэрэг цувралуудаараа алдартай.

"Orange Is the New Black", дөрөвдүгээр улирал

Хэзээ: Зургаадугаар сарын 17

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 3)

Netflix-ийн хамгийн алдартай кинонуудын нэг болох "Orange Is the New Black" цувралд эмэгтэйчүүдийн шоронгийн доторх амьдрал болон хоригдож буй эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлдэг. Өнгөрсөн гурван улирлын турш гол дүрийн бүсгүй шоронгийн амьдралд дасан зохицдог бол энэ удаа тэр илүү туршлагатай болсон байна. Хэдийгээр их хүнд сэдэвтэй ч маш инээдтэй байдлаар хийсэн нь энэхүү цувралын амжилтанд хүрсэн гол шалтгаан болж байгаа юм. Мөн ямар ч хүнд асуудалтай тулгарсан бай гарах гарц заавал байдаг гэдгийг кино харуулдаг.

"The Night Of", нэгдүгээр улирал

Хэзээ: Долоодугаар сарын 10

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 4)

"Game of Thrones" цувралын одоо гарч байгаа улирлын араас HBO суваг дээр "The Night Of" гэх цоо шинэ гэмт хэргийн сэдэвтэй олон ангит кино гарч эхэлнэ. Энэ кинонд нэгэн өмгөөлөгчийн (Жон Туртурро) тухай гардаг бөгөөд тэрээр аллагын хэрэгт сэжиглэгдэж буй пакистан залууг өмгөөлдөг. "The Night Of" цуврал нь 2008 онд гарч байсан "Criminal Justice" олон ангит кинон дээр суурилж бүтээгдсэн байна.

"Roadies", нэгдүгээр улирал

Хэзээ: Зургаадугаар сарын 26

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 5)

"Jerry Maguire", "Vanilla Sky" киноны найруулагч Камерон Кроу болон Жей.Жей Абрамс нарын бүтээж байгаа энэхүү инээдмийн утга уянгын цуврал нь Showtime кабелийн телевиз дээр удахгүй нээлтээ хийнэ. Уг кинонд алдартай хамтлагийн аялан тоглолт зохион байгуулдаг багийн тухай гардаг бөгөөд багийн гишүүд маш өөдрөг үзэлтэй, том болохыг хүсдэггүй зан чанартай хүмүүс байдаг.

"Mr. Robot", хоёрдугаар улирал

Хэзээ: Долоодугаар сарын 13

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 6)

"Mr.Robot" цахим триллерийн нэгдүгээр улирал өнгөрсөн зуны гол хит цувралаар тодорсон. Тэгвэл тун удахгүй энэхүү олон ангит киноны үргэлжлэл гарах гэж байна. Кинонд Эллиот Алдерсон хэмээх цахим аюулгүй байдлын инженер, хакер залуугийн тухай гардаг. Мөн нууц хакеруудын бүлэглэл өндөр технологийн тусламжтайгаар Америкийн капитализмыг нураахын тулд Эллиотыг хөлслөнө. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний хийж байгаа зүйл ёс суртахуунтай нь зөрчилдөж эхэлнэ. Орчин үед хүн бусдаас нуугдах боломжгүй болсон ба түүнтэй холбоотой мөрдлөгө, мөшгөлт, нийгмийн давхаргын ялгаа зэрэг өнгөрсөн улирлын гол сэдвүүд энэ удаа ч мөн үргэлжлэх болно. Нэмж хэлэхэд, энэхүү цуврал нь бараг бүх кино сайтууд дээр хамгийн өндөр үнэлгээтэй байгаа.

"Stranger Things", нэгдүгээр улирал

Хэзээ: Долоодугаар сарын 15

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 7)

Netflix-ийн бас нэгэн шуугиан тариад байгаа бүтээл бол "Stranger Things" нэртэй, учир битүүлэг үйл явдалтай найман ангит кино юм. Киноны үйл явдал нь 1983 онд өрнөх бөгөөд Индиана мужийн нэгэн жижиг хотод 12 настай хүү ор сураггүй алга болдог. Харин түүний ээж (Вайнона Райдер) хүүгээ хайж эхлэхэд учир битүүлэг, хар бараан үйл явдлууд ар, араасаа цувран гарах болно. Цувралын бүх анги долоодугаар сарын 15-нд Netflix дээр тавигдана.

"Vice Principals", нэгдүгээр улирал

Хэзээ: Долоодугаар сарын 17

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 8)

"Pinapple Express" киноны уран бүтээлчдийн хийсэн энэхүү инээдмийн цувралд ахлах сургуулийн хоёр хичээлийн эрхлэгчийн хоорондох өрсөлдөөний талаар үзүүлдэг. Сургуулийн захирал (Билл Мюррей) тэтгэвэртээ гарах болж, түүний албан тушаал эзэнгүй үлдсэнээр хоёр хичээлийн эрхлэгчийн тэмцэл эхэлнэ. Тэд бүр зорилгодоо хүрэхийн тулд сурагчдыг хүртэл ашиглах болно. Ямартаа ч HBO суваг "Game of Thrones" цувралаас өөр бас нэгэн амжилттай олон ангит кинотой болж магадгүй байна.

"The Get Down", нэгдүгээр улирал

Хэзээ: Наймдугаар сарын 12

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 9)

Баз Лурманы бүтээсэн "The Get Down" нэртэй шинэ цувралд 1970-аад оны Нью-Йорк хотын хөгжмийн ертөнцийг маш бодитойгоор харуулахыг хичээжээ. Netflix-ээр гарах тус кинонд дампуурлын ирмэгт ирсэн Нью-Йорк хотод хэрхэн хип хоп, панк, диско урсгалууд үүсч байгаа талаар гарна. Баз Лурманы хэлж буйгаар бол тэр энэ цуврал дээр 10 жилийн турш ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр гурван жилийн өмнө гарсан "Great Gatsby" киноноос хойш огт кино хийгээгүй тул энэхүү цуврал нь маш их хүлээлт үүсгээд байна.

"You're the Worst", гуравдугаар улирал

Хэзээ: Наймдугаар сарын 31

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 шинэ цуврал (фото 10)

Хосуудын харилцааны тухай сүүлийн жилүүдэд гарсан хамгийн хөгжилтэй ба сонирхолтой цуврал киноны гуравдугаар улирал FXX кабелийн телевизээр удахгүй гарах гэж байна. Үйл явдалд бие, биедээ хэзээ ч тохирохооргүй зан ааштай хоёр хүн болзохыг хичээнэ. Өнгөрсөн улиралд хосуудын нэг нь сэтгэлийн гүн хямралд ордог ч маш романтик уур амьсгалтай төгссөн байгаа. Харин гуравдугаар улиралд гарах үйл явдлыг цувралын шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх