"Гэртээ Ганцаараа" кинонд гардаг байшин 5,5 сая ам.доллароор худалдаалагджээ
Шинэ жилийн баярын уур амьсгал оруулж чаддаг хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол мэдээж 1990 онд үзэгчдийн хүртээл болсон Home Alone буюу Гэртээ Ганцаараа кино. Тус бүтээлд зул сарын баяраар гэртээ ганцаараа үлдсэн Кевин хүүгийн хөгжилтэй, адал явдалтай түүхийг өгүүлдэг. Тэгвэл киноны эхний ангийн гол үйл явдал өрнөдөг МакКаллистерын гэр бүлийн байшин 5,5 сая ам.доллароор худалдаалагдсан байна.
Энэхүү байшин нь АНУ-ын Иллиной мужийн Виннетка дүүрэгт байрладаг бөгөөд 1920 онд анх баригджээ. Байшингийн анхны эзэд болох Абэндшиений гэр бүл таван сарын турш Гэртээ Ганцаараа киноны зураг авалттай зэрэгцэн байшиндаа амьдарсан гэдэг. Учир нь зураг авалт байшингийн зөвхөн нэгдүгээр давхар, гол шат, зоорь болон гадаах хэсгүүдэд л хийгдсэн аж. Харин унтлагын өрөө, угаалгын өрөө зэрэг гэрийн дотоод хэсгүүдийн зураг авалтыг New Trier хэмээх ахлах сургуулийн биеийн тамирын заалыг тохижуулан хийж байжээ.
Харин 2012 онд Тим Жонсон хэмээх залуу гэр бүлийн хамтаар 1,58 сая ам.доллароор уг байшинг худалдан авч, илүү орчин үеийн хэв маягтай болгон засвар хийсэн бөгөөд улмаар 2024 оны тавдугаар сард зарах шийдвэр гаргасан аж. Зар тавигдсан даруйд маш олон хүн холбогдож, байшин бараг л тэр дороо зарагдсан гэнэ. Гэвч Тим болон түүний гэр бүл гэртээ сүүлийн удаа зул сарын баяраа тэмдэглэх хүсэлтэй байсан учир байшингийн шинэхэн эзэд саяхан л шинэ гэртээ нүүж орсон байна.
Одоогоор тус байшинг худалдаж авсан хүний мэдээлэл нууц байгаа хэдий ч тэрээр Гэртээ Ганцаараа киноны нэг хэсэг болсондоо туйлын баяртай байгаа гэдгээ хуваалцжээ.