Хайх

Холливүүдийн зохиолч, жүжигчдийн ажил хаялт өндөрлөлөө: Тэд ямар шийдэлд хүрэв?

Холливүүдийн зохиолч, жүжигчдийн ажил хаялт өндөрлөлөө: Тэд ямар шийдэлд хүрэв?

Text: Buro.Mongolia


Холливүүдад 11 мянга гаруй зохиолчид, 160 мянган жүжигчид өөрсдийн эрх ашгийг хамгаалан нэгдсэн бослого зарлаад удаж буй. Зохиолчдын ажил хаялт 148 өдөр үргэлжилсний дараагаар өнгөрөгч есдүгээр сард зөвшилцөлд хүрч албан ёсоор дууссан. Харин жүжигчдийн хувьд саяхныг хүртэл тодорхой үр дүн д хүрч чадахгүй хэвээр байсан ч дөрвөн сар тэмцсэний эцэст тэд бослогоо өндөрлөлөө. Энэ нь Холливүүдийн түүхэнд үргэлжилсэн хамгийн удаан ажил хаялт болж байгаа бөгөөд хоёр тал жүжигчдийн эрх ашгийг хамгаалсан чухал заалтуудаас болж тохиролцоонд хүрч чадахгүй байсан юм.

Тухайлбал жүжигчдийн үйлдвэрчний эвлэл студийн зүгээс хиймэл оюун ухаан хөгжсөн энэ үед дараа нь гарах эрсдэлээс сэргийлж жүжигчдийн гэрээг дахин хянаж шинээр байгуулах, жүжигчдийн зөвшөөрөлгүйгээр тэднийг хиймэл оюун ухаанаар орлуулах, дуу хоолойг нь ашиглахыг хориглох болон цалин хөлсийг одоо байгаа хэмжээнээс нь нэмэгдүүлэх зэрэг шаардлагуудыг тавьсан юм. Мөн жүжигчдийг нас барсны дараа тэдний дүр төрхийг ашиглахыг хүсвэл тодорхой гэрээ байгуулж, зохих ёсны төлбөр төлөх ёстой хэмээн үзэж байгаа юм. Учир нь кино студиүдийн зүгээс жүжигчдийн царай төрхийг цаашид ашиглах саналыг тавихдаа тэдний нэг өдрийн цалинг санал болгосон нь асуудал үүсгээд байсан билээ. Ийнхүү жүжигчдийн эрх ашгийг хамгаалж төлөөлдөг SAG-AFTRA байгууллагаас удаа дараалан хүсэлт тавьсны эцэст тэдний саналыг хүлээн авч тодорхой хэмжээний цалин хөлс, нөхөн олговор зэргийг өгөхөөр болсон байна. Энэ нь технологи, хиймэл оюун ухаан хүний ажлыг булаан авахаас сэргийлсэн, жүжигчдийг хамгаалсан үйл явдал болж байна хэмээн олон нийт үзэж байгаа юм.

Харин жүжигчдийн цалин хөлсний хувьд доод хэмжээг одоо байгаагаас нь таван хувиас дээгүүр үзүүлэлтэд хүргэж чадсан байна. Харамсалтай нь тэд Disney, Netflix, Amazon зэрэг томоохон видео стриминг платформуудаас орлогын тодорхой хэмжээг авах тал дээр бүтэлгүйтжээ. Харин оронд нь тэдний тоглосон цуврал, кинонууд платформд тавигдсаныхаа дараагаар буюу 90 хоногийн дотор хэрэглэгчдийн 20%-тай тэнцэхүйц үзэгчидтэй байж чадвал нэмэлт цалинг арын албаны ажилчид, үйлдвэрчний эвлэл студи болон жүжигчид хувааж авахаар болсон юм.

Хэлэлцээрийг энэ сарын 10-ны өдөр эцэслэж, нэгдсэн шийдвэрийг зарлах бөгөөд ингэснээр жүжигчид, зохиолчид эргэн ажилдаа орж дараагийн бүлэг нь хүлээгдээд байсан олон цуврал, бүтээлүүд үзэгчдийн хүртээл болоход ойртох юм. Мөн ажил хаялтаас болж олон наадам, шагнал гардуулах ёслол хойшлогдоод байсан бол эргэн хэвийн байдалдаа орох ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх