Эмми 2023 шагнал гардуулах ёслол хойшилж, Холливүүдийн шуугиант ажил хаялт үргэлжилсээр
Есдүгээр сард болох байсан 75 дахь Эммигийн шагнал гардуулах ёслол дөрвөн сараар хойшилж, нэгдүгээр сард зохион байгуулагдахаар болжээ. Тус наадам нь 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын үеэр хойшилж байсан түүхтэй ба түүнээс хойш анх удаа Холливүүдийн жүжигчид, зохиолчдын нэгдсэн ажил хаялтаас болж хойшилж байгаа нь энэ юм.
Америкийн зохиолчдын эвлэл болон дэлгэцийн жүжигчид томоохон стриминг үйлчилгээнүүд, байгууллагуудтай гэрээгээ сунгах хэлэлцээр болон шударга бус цалингийн тогтолцооноос болж ажил хаялт зарлаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд 1960 онд ийм үйл явдал болж байжээ. Жүжигчдийг эрх ашгийг хамгаалж, төлөөлдөг SAG-AFTRA болон зохиолчдын төлөөлөл WGA байгууллагууд нь стриминг компаниудтай гэрээгээ шинэчлэхээр оролдож байсан ч төдийлөн хэлэлцээрт хүрч чадаагүй учир ийнхүү өргөн хүрээний ажил хаялтад хүрэхээс өөр аргаггүй байсан гэдгээ дурджээ. Мөн энэхүү ажил хаялтаас болж Netflix-ийн “Stranger Things”, HBO MAX-ийн “Hacks” зэрэг алдартай бүтээлүүдийн зураг авалт түр хугацаанд зогссон байгаа юм.
75 дахь Эммигийн шагнал гардуулах ёслолд “The Last of Us”, “Succession”, “The White Lotus”, “Ted Lasso” зэрэг өрсөлдөөнтэй бүтээлүүд нэр дэвшиж байгаа бөгөөд үзэгчид маш өндөр хүлээлттэй байсан. Гэвч ажил хаялтаас болж жүжигчид ямар нэгэн сурталчилгаа, үйл ажиллагаанд оролцох боломжгүй, зохиолчидгүйгээр шагнал гардуулах ёслол хэвийн үргэлжилнэ гэж барагтаа л байхгүй аж.
Мөн Холливүүдэд ид хит болж буй “Oppenheimer” киноны жүжигчид ажил хаялтад оролцохын тулд киноны нээлтийг нэг цагаар урагшлуулж, дундуур нь гарч явсан сонирхолтой үйл явдал болсон билээ. Үүнээс харахад тус ажил хаялт нь тийм ч хурдан шийдэлд хүрэхгүй гэдэг нь тодорхой болоод байгаа юм.