Клоуи Севиньи болон Кристен Стюарт нар Лиззи Бордены тухай кинонд
Хар түүх
Лиззи Борден гэр бүлийнхээ хүмүүсийг хөнөөсөн хүн амины хэрэгт буруутгагдаж, эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгосон түүх кино болно. Энэ киног бүтээхээр найруулагч Питер Ван Хес болон жүжигчин Клоуи Севиньи, Кристен Стюарт нар хэлэлцээр хийж байна.
Бордены дүрд Клоуи Севиньиг, харин Кристен Стюартыг аллагын үед гэрт нь байж, шүүх хурал дээр гэрчээр татагдсан гэрийн үйлчлэгч Бриджит Салливаны дүрд тоглуулах санал тавьжээ.
Ирээдүйд гарах уг кинонд одоохондоо нэр өгөөгүй байгаа ч кино зохиолчоор Брайс Касс, харин зураглаачаар Наоми Деспрес ажиллах нь тодорхой болоод байна.
Энэхүү 1892 онд болж өнгөрсөн гэмт хэрэг нууцлаг бөгөөд одоог хүртэл маш аймшигтайд тооцогддог юм. Бордены түүх олон тооны кино, цувралын дүрд орж мөн түүний тухай дуу хүртэл гарч байжээ.