Хайх

\"Mean Girls\" киноноос авах 6 феминист сургамж

"Mean Girls" киноноос авах 6 феминист сургамж

Бидэнд эмэгтэйчүүдийн эв нэгдлийн талаар заасан романтик инээдмийн кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Одоогоос 15 жилийн өмнө "Mean Girls" гэх романтик инээдмийн кино дэлгэцнээ гарч байжээ. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч энэ киноны үнэлгээ Rotten Tomatoes дээр 84%-иас буураагүй хэвээр л байна. Үүгээр ч зогсохгүй энэ киноноос одоог хүртэл иш татаж, сэдэв нь олон янзын бүтээл төрөн гарах шалтгаан болж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдахад дуучин Ариана Гранде "thank you, next" дууны видео клипэнд киноны алдарт бүжигтэй хэсгийг давтсан байдаг.

"Mean Girls" киноноос авах 6 феминист сургамж (фото 1)

Анх харахад "Mean Girls" киноны зохиолыг нэгэн хэвийн улиг болсон сэдэвтэй гэж тодорхойлж болох юм. Ахлах сургуульд шинэ сурагч элсэн орсноор сургуулийн амьдралыг орвонгоор нь эргүүлнэ. Шинэ охин ирснээр сургуулийн "хатан хаан" ба түүний найзууд жинхэнэ утгаараа түүнтэй дайн эхлүүлдэг. Линдси Лохан, Рэйчел Макадамс, Аманда Сейфрид, Лэйси Чеберт нарын бүтээсэн гол дүрийн охидын сонирхол хөвгүүд, үс засалт, биеийн галбираар хязгаарлагдаж хоорондоо дайсагнадаг ч эцэст нь охид бүхнийг ойлгож дайснуудаас сайн найзууд болон хувирдаг. Тийм ээ, эхэндээ энэ кино нь мэдрэмж муутай, болхи, хэвшмэл зохиолтой бүтээл шиг санагдах болно. Гэхдээ "Mean Girls" нь өсвөр насныхны амьдралыг харуулахын зэрэгцээ өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн авах, сайхан сэтгэл, үзэн ядалтын хор хөнөөлийн талаар өгүүлдэг билээ. Ингээд Кейди, Режина, Гретчен, Карен нарын бидэнд заасан зургаан сургамжийг харцгаая.

"Mean Girls" киноноос авах 6 феминист сургамж (фото 2)

Сургамж 1. Жинхэнэ найзыг хэрхэн таних вэ?

Кинонд гол баатруудын рейтингээс шалтгаалан дүрүүдийн онцлогийг харуулаад зогсохгүй хуурамч нөхөрлөл юунд хүргэдгийг маш дэлгэрэнгүй үзүүлдэг. Киноны гол баатар Кейди шинэ сургуульд орсноор эхэндээ "жийгддэг" ч төд удалгүй сургуулийн алдартай охидын бүлгэмд элсэж, тэдний зуршлыг даган дуурайснаар эдгээр охидын нэг болж чаддаг. Гэхдээ энэ нөхөрлөл түүнийг огтхон ч аз жаргалтай болгодоггүй. Өөрөөр хэлбэл энэ кино нь жинхэнэ найзууд бие, биенээ дорд үзэх бус дэмжиж, хүлээн зөвшөөрдөг гэдгийг бидэнд сургадаг.

Сургамж 2. Охид нэгнээ шүүмжилж гутаах хэрэггүй

Киноны нэг хэсэгт математикийн багш хатагтай Норбери охидод бие, биенээ янз бүрийн үгсээр гутаан доромжлох хэрэггүй хэмээн хэлж энгийн феминист үзлийг түгээдэг. "Та нар бие биенээ завхай гэх зэрэг үгсээр тодорхойлох хэрэггүй. Яагаад гэвэл ингэснээр та нар хөвгүүдэд өөрсөдтэй чинь ийм байдлаар харьцахыг зөвшөөрч байна гэсэн үг" хэмээн тэрээр хэлдэг. Ухаалаг байгаа биз?

"Mean Girls" киноноос авах 6 феминист сургамж (фото 3)

Сургамж 3. Өө сэвэнд хэт анхаарал хандуулах нь эрүүл мэндэд хортой

"Би өмнө нь хэт туранхай эсвэл хэт илүүдэл жинтэй байх нь муу гэж боддог байсан бол одоо биеийн галбирт үүнээс ч илүү олон асуудал байдгийг мэдэж авлаа" хэмээн Кейди Хирон хуваалцдаг. Түүний хэлсэн энэхүү үгний цаана бодипозитив үзэл нуугдаж байгаа юм. Өөрийгөө, биеийн галбираа байгаагаар нь хүлээж авах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай бөгөөд энэ үзэл нь орчин үеийн гоо сайхны философи болох ёстой гэдгийг "Mean Girls" бидэнд сануулж байв. Мөн гоо үзэсгэлэнгийн хуучинсаг стандарт болон төгс төгөлдөрт нийцэх гэж хэт хичээх нь эрүүл мэндэд хортой гэдгийг Кейдигийн жишээ харуулсан юм.

Сургамж 4. Хэн нэгэнд таалагдахын тулд байгаагаасаа тэнэг харагдах гэж хичээх хэрэггүй

Режина Жоржийн хуучин найз хөвгүүнийг өөртөө татахын тулд Кейди Хирон математикийн хичээлийг огт ойлгодоггүй мэт дүр эсгэдэг. Гэсэн ч тэрээр эцэст нь сургуулийнхаа тооны Олимпиадад оролцож өөрийн ур чадвараа батална. Энэ үйл явдал охидыг хэн нэгэнд таалагдахын тулд байгаагаасаа ухаан муутай харагдах гэж хичээх хэрэггүй гэсэн санааг агуулж байгаа юм. Хэрэв эрчүүд ухаалаг эмэгтэйчүүдээс эмээдэг бол энэ тэдний л асуудал!

"Mean Girls" киноноос авах 6 феминист сургамж (фото 4)

Сургамж 5. Хэн нэгнийг доромжлох нь асуудлыг шийдвэрлэхгүй

Математикийн Олимпиадын дараа өрсөлдөгчөө доромжилсноор өөрөө ялалтад хүрэхгүй гэдгийг Кейди ухаарна. Тэрээр "Хэн нэгнийг бүдүүн гэж хэлснээр чи өөрөө гоолиг болохгүй. Хэн нэгнийг тэнэг гэж хэлснээр чи өөрөө ухаантай болохгүй. Режина Жоржийн амьдралыг балласнаар би аз жаргалтай болоогүй. Чиний амьдралдаа хийж чадах ганц зүйл чинь өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх" гэж хэлэн энэ үзлээ баталдаг билээ.

Сургамж 6. Эмэгтэйчүүдийн эв нэгдэл бүхнийг ялан дийлнэ

"Mean Girls" киноны төгсгөлд гол дүрийн баатруудын дайсагнал ор мөргүй алга болсон байдаг. Төгсөлтийн үдэшлэгийн үеэр Кейди үдэшлэгийн хатан хаанаар сонгогдож бүх нийтийн өмнө охидыг магтан дуулсан үг хэлдэг. Тэрээр дайсагнаж байсан охидтойгоо эвлэрснээ тэмдэглэн хатан хааны титмээ хэдэн хэсэг хугалан бүгдэд тараадаг. "Эмэгтэйчүүд эвтэй байхдаа хүчтэй" гэх санааг дэлгэрүүлж, бүсгүйчүүдийн эв нэгдэл нь орчин үеийн феминизмийн тулгуур болдог гэдгийг "Mean Girls"-ын баатрууд яруу тодоор харуулдаг билээ.

"Mean Girls" киноноос авах 6 феминист сургамж (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх