Хайх

Жүжигчин Б.Тэргэл Венецийн кино наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртлээ

Жүжигчин Б.Тэргэл Венецийн кино наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртлээ

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн эртний гэх тодорхойлолттой Венецийн 80 дах удаагийн кино наадмын гол шагналуудын нэг болох "Orizzonti" төрөлд Монгол найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Сэр сэр салхи” буюу “City of Wind” хэмээх уран сайхны кино нэр дэвшсэн билээ. Тус төрөлд нийт 18 бүрэн хэмжээний болон 13 богино хэмжээний кино өрсөлдсөн бөгөөд “Шилдэг кино” төрөлд Унгар улсын “Explanation for Everything” кино шалгарсан. Харин “Сэр сэр салхи” киноны залуу жүжигчин Б.Тэргэл Зэ хэмээх зайрангийн дүрээрээ “Orizzonti” төрлөөс “Шилдэг эрэгтэй жүжигчин” хүндэт шагналыг хүртжээ.

Тус кино нь онгод тэнгэр хүртсэн залуухан зайран хүү Зэ, түүнийг гадаах ертөнцтэй танилцуулахыг хичээж буй Марал охин нарын хооронд өрнөх сонирхолтой харилцаа болон бөө мөргөлийн ёс жаягийг харуулсан бүтээл юм.

Жүжигчин Б.Тэргэл Венецийн кино наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртлээ (фото 1)
Жүжигчин Б.Тэргэл Венецийн кино наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртлээ (фото 2)

“Сэр сэр салхи” бүтээлийн зохиолч, найруулагч П.Лхагвадулам “Нэг удаа би бөөгийн зан үйлд оролцсоны дараа гэрийнхээ гадаа байж байтал хоёр гараараа дүүрэн шивээстэй, гялалзсан ээмэгтэй, надаас дүү гэмээр залуу гарч ирээд утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгээд түүнийг ажиглатал тэр бөө байсан. Ийнхүү миний толгойд киноны маань хэсгүүд зурвас хийгээд л бууж эхэлсэн төдийгүй хөгшин сүнсний цаанаас залуу хүүгийн дүр төрхийг илчилж буй талаарх бөөгийн тухай киноны санаа минь урган гарч ирсэн дээ” хэмээжээ.

Венецийн дараагаар тэд Торонтогийн 48 дах удаагийн кино наадамд “Centrepiece” төрөлд олон орны бүтээлүүдтэй өрсөлдөхөөр явж байгаа юм. Тус наадмын 47 дах удаагийн ёслолын үеэр найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” бүтээл “Шилдэг олон улсын богино хэмжээний кино” шагналыг хүртэж байсан түүхтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх