Хайх

Нэг өдрийн дотор үзэж дуусгах Netflix-ийн 3 цуврал

Нэг өдрийн дотор үзэж дуусгах Netflix-ийн 3 цуврал

Нойргүй хонохдоо бэлдээрэй

Text: Г.Тэмүүлэн


Таны үздэг цувралуудын дараагийн бүлгүүд гарах болоогүй ч та аль хэдийнэ уйдаж эхэлсэн бол бид танд дахин шинэ цуврал эхлүүлэхийг санал болгож байна. Дундад зууны үеийн Солонгосын зомби апокалипсис, ер бусын чадвартай хүүхдүүдийн академи, аймшигтай бас дур булаам мөшгөгч гээд Netflix тавцан дээр танилцуулагдаад удаагүй байгаа гурван шинэ цувралыг танилцуулахаар шийдлээ. Хэрэв та эдгээр цувралуудыг нэгэнт эхэлсэн л бол дуусгаж байж л санаа тань амарна гэдэгт итгэлтэй байна.

Kingdom

Нэг хэсэг нэр хүнд нь унаад байсан зомбинуудыг "The Walking Dead" цуврал эргээд "cool" болгосон бол Өмнөд Солонгосын "Kingdom" цуврал тэднийг илүү бодитой, бүр аймшигтай болгож, цоо шинэ түвшинд хүргэж байна. Дундад зууны үеийн Солонгост үхсэн хүмүүсийн цогцоснууд учир битүүлгээр амилснаар улс орон даяар аюул нүүрлэнэ. Зомбинуудаас гадна хаан ширээний төлөөх тэмцэл, далд явуулга зэрэг маш сонирхолтой үйл явдал гарах болно. Өөрөөр хэлбэл "Game of Thrones" ба "The Walking Dead" цувралуудын шүтэн бишрэгчдийн заавал үзэх ёстой бүтээл болсон байгаа.

The Umbrella Academy

My Chemical Romance хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Жерард Уэй зохиолыг нь бичиж, Бразилийн уран бүтээлч Гэбриэль Ба зурагжуулсан "The Umbrella Academy" комик зохиол нь энэ салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогддог Айснерын шагнал хүртэж байсан юм. Харин энэхүү комик зохиолыг продюсер Стив Блэкман олон ангит кино болгон гаргажээ. Киноны эхлэлд дэлхий өнцөг бүрт жирэмсний шинж тэмдэггүй 43 эмэгтэй гэнэт хүүхэд төрүүлдэг. Харин тэрбумтан Режиналд Харгривс хүн төрөлхтнийг аврах зорилгоор ер бусын чадвартай долоон хүүхдийг өргөн авч, тэднийг өөрийн үүсгэн байгуулсан "Umbrella Academy" гэх супер баатруудын академид элсүүлнэ. Цувралд супер баатруудын адал явдлыг үзэхээс гадна гайхалтай дуунуудыг сонсож болно.

You

Хэрэв та маньяк, цуврал алуурчныг зөвхөн Чарльз Мэнсоноор төсөөлдөг бол энэхүү цуврал танд тэдгээр хүмүүсийг огт өөр өнцгөөс харуулах болно. Сэтгэл зүйн триллер ба романтик инээдмийн киног чадварлагаар хослуулж чадсан энэхүү кинонд нэгэн номын дэлгүүрийн менежер Жо хэмээх энгийн залуугийн тухай гардаг. Гэхдээ нэгэн удаа түүний ажилладаг дэлгүүрт Бэк гэх оюутан бүсгүй орж ирснээр түүнийг харагдаж байгаа шиг ээ тийм ч энгийн нэгэн биш болохыг үзэгчид ухаарна. Үйл явдал Жогийн өнцгөөс үзэгчдэд хүрэх бөгөөд хачирхалтай нь энэ кинонд сайн ба муу дүр байхгүй нь цувралыг бүр ч сонирхолтой болгож байгаа юм. Дур булаам атлаа жихүүдэс хүргэм Жогийн дүрийг Пенн Бэджли (Gossip Girl) чадварлагаар бүтээсэн байгаа. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх