Хайх

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага

"Од ба Гэгээ" киноны хөгжмийг Дөлгөөн бичиж, NMN үгийг нь зохиожээ

Text: Г.Тэмүүлэн


Орчин үеийн Улаанбаатар хот, Монгол залуусын хүсэл мөрөөдөл, бүтээлч чанарыг дуу хөгжмөөр дамжуулан өмнө нь хэний ч хараагүй өнцгөөс үзүүлсэн "Од ба Гэгээ" кино Бусаны олон улсын кино наадам ба Улаанбаатар олон улсын кино наадам дээр нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Гэгээлэг, эерэг уур амьсгалтай үйл явдал нь олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, киноны дуунууд нь одоог хүртэл толгойноос гаралгүй сонсогдсоор байгаа энэ үед Бюро "Од ба Гэгээ" киноны найруулагчид болох Л.Бат-Амгалан, Иэн Эллардайс ба хөгжмийг зохиож, гол дүрд нь тоглосон Magnolian хамтлагийн гишүүн Б.Дөлгөөн нартай уулзаж ярилцлаа. Ярилцлагынхаа үеэр бид найруулагчдын хэлэх гэсэн үзэл санаа, кино бүтсэн түүх, орчин үеийн Монгол залууст тулгамддаг асуудлууд зэрэг өргөн хүрээтэй сэдвээр ярилцаж мөн мэдээж хэрэг Magnolian-ы ирээдүйн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцсан юм. 

Юуны өмнө Бусан болон Улаанбаатар олон улсын кино наадамд "Од ба Гэгээ" киног нээсэнд баяр хүргэе! Киног үзэж амжаагүй байгаа хүмүүст зориулаад товч танилцуулахгүй юу.

Иэн: Энэхүү кино нь утга уянгын мюзикл жанрын кино юм. Утга уянга, хайр дурлал, дуу хөгжмөөс бүрдсэн залууст зориулсан "coming-of-age" төрлийн бүтээл. "Од ба Гэгээ" кинонд Magnolian буюу Дөлгөөний зохиосон зургаан дуу орсон байгаа. Бид хөгжмийг ашиглан киноны үйл явдлуудыг хооронд нь "нааж" өгсөн. Өөрөөр хэлбэл дүрүүдэд тохиолдож буй үйл явдлууд, тэдний хоорондын харилцаа хөгжмөөр дамжуулан илэрхийлэгдэж байгаа юм.

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 1)

"Од ба Гэгээ" кино саяхан Бусаны олон улсын кино наадамд танилцуулагдсан шүү дээ. Шүүгчид болон үзэгчид энэ бүтээлийг хэрхэн хүлээж авсан бэ?

Иэн: Үзэгчид үнэхээр сайхан хүлээж авсан. Кино дууссаны дараа Солонгос үзэгчид Номин, Дөлгөөн хоёртой зургаа даруулахыг хүсэж, маш урт дараалал үүсгэсэн байсан. Мөн Улаанбаатар кино наадмын үзэгчдэд ч маш их таалагдсан. Энэ үнэхээр гайхалтай. Яагаад гэвэл бид Монголчуудын сэтгэлд нийцэхийн зэрэгцээ олон улсын үзэгчдэд таалагдах кино бүтээхийг хичээсэн юм. Нэгэн зэрэг энэ хоёр зүйлийг хослуулна гэдэг амаргүй ажил. Одоогийн байдлаар үүнийг амжилттай гүйцэтгэж чадсан тийм ч олон бүтээл байхгүй. Чиний асуусан асуултад хариулахад, үзэгчдэд маш их таалагдсан хэдий ч бид зарим нэг шүүмжлэлийг хүлээн авсан шүү. Шүүмжлэгчид илүү Монголын уламжлалт зүйлсийг харахыг хүссэн байх. Харин үүний оронд Монголыг арай өөр өнцгөөс харуулахад тэд бага зэрэг төөрөлдсөн байж магадгүй.

Бат-Амгалан: Монголын үзэгчид ч маш ѳндѳр хүлээж авсан байсан. Киноны санаа, агуулга тэдний сэтгэлд хүрсэн байна билээ. Нээлтийн үеэр уригдаж ирж үзсэн үзэгчид болон жүжигчид "Энэ киног маш олон хүмүүст хүргэх хэрэгтэй, болж өгвөл бүх хүмүүст үзүүлчих юмсан" гээд ярьж байхыг сонсoод кино маань ажиллаж байна, хүмүүст хүрч байна даа гэж дотроо бодож зогссон. Бас үзэгчид анзаарахгүй болов уу гэж бодож байсан жижиг санаа ба деталиудыг хүртэл харсан байсан. Мѳн киноны дуунууд маань ч үзэгчдийн сэтгэлд маш сайн хүрсэн. Удахгүй дуунуудаа олон нийтэд түрүүлээд цацахаар сонсогчдын дуртай хит дуунууд болно гэдэгт итгэлтэй байна.

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 2)

Кинонд Монголын энгийн нэг залуусын амьдралыг дуу хөгжим, Улаанбаатар хотын өнөөгийн төрхтэй чадварлагаар холбон харуулсан байсан. Анх яг ийм шийдлээр хийх санаа хэрхэн төрсөн бэ?

Бат-Амгалан: За, би урт түүхийг товчлохыг оролдоё. Анх 10-aaд жилийн ѳмнѳ Иэн надад хөгжмийн кино хийвэл ямар вэ гэж хэлж байсан. Тэгээд хэд, хэдэн санаа дэвшүүлээд орхисон. Харин тэр үед надад ямар кино байх вэ гэдэг талаар ямар ч тѳсѳѳлѳл орж ирэхгүй байсан тул тэгэсгээд ѳнгѳрсѳн. Харин гурван жилийн ѳмнѳ ажлын шугамаар Дѳлгѳѳнтэй танилцсан юм. Тухайн үед Дѳлгѳѳн шинэ дуугаа хийж бас Magnolian хамтлагаа байгуулсан байсан. Үүнтэй зэрэгцээд манай "Гайхамшигт нислэг" кино маань Их Британийн The Smalls кино наадмаас шагнал хүртэж,  дараагийн бүтээлдээ ашиглах камерын тоног тѳхѳѳрѳмж хэрэглэх бүтэн сарын эрх Америкийн алдарт PANAVISON компаниас ѳгсѳн. Ингээд дараагийн бүтээлээ хийх томоос том ташуур болсон. Тэр үед миний толгойд нѳгѳѳ хѳгжмийн киноны санаа зурвас хийн орж ирсэн. Яагаад гэвэл Дѳлгѳѳний уран бүтээл болон мань эрийн бүтээлч байдал надад таалагддаг. Түүний хэрхэн ажиллаж байгааг нь нүдээр харсан учир за энэ л юм байна гээд Иэнд хэлтэл тэр ч дуртай хүлээж авсан юм. Ингээд бид хоёр Дѳлгѳѳнд санал тавиад энэ киногоо эхлүүлсэн дээ.

Иэн: Би анх 2002 онд Монголд дөнгөж ирээд Амгаатай танилцаж байсан. Тухайн үед бид хоёр хамтраад "Оддын эрэлд" нэртэй реалити шоу хийж байсан юм. Энэ шоу нь Монголын хамгийн анхны телевизийн реалити шоу байсан. Тухайн үед Монголд хөгжим дээр суурилсан кино хийвэл гайхалтай байх болно хэмээн дотроо бодож байлаа. Улмаар Жон Ленноны "Чамайг төлөвлөгөөгөө зохиогоод завгүй байх зуур болж өнгөрдөг бүх зүйлийг амьдрал гэдэг" гэж хэлсэнчлэн миний амьдрал огт өөр зүгт эргэсэн юм. Хэдийгээр би 10 жилийн турш Лондон ба Улаанбаатар хотуудын хооронд ажиллаж байсан ч хөгжмийн сэдэвтэй кино хийнэ гэсэн бодол надад үргэлж байсаар ирсэн. Учир нь Монголд ирсэн гадаад хүмүүст хамгийн түрүүнд хөдөө нутгийн талаар сэтгэгдэл үлддэг. Намайг битгий буруугаар ойлгоорой, би ч гэсэн Монголын хөдөө нутагт хайртай. Гэхдээ Монгол дуу хөгжим миний сонирхлыг үргэлж татаж ирсэн. Монгол ард түмний дотор дуу хөгжим оршиж байдаг, ерөнхийдөө их хөгжимлөг улс юм шиг санагддаг. Тиймээс ийм төрлийн кино хийх нь эртнээс тодорхой байсан гэж хэлж болно. Дуу хөгжим бол Монголчуудын бүтээлч чанарыг илэрхийлж байгаа толь нь болдог гэж би бодож байна. Монголд, тэр тусмаа залуусын амьдралд маш олон зүйл болж байна. Үүнийг харуулах хамгийн энгийн арга бол дуу хөгжим юм.

Гадны найруулагчид Монголд ирээд ихэвчлэн этнограф төрлийн кино хийгээд байдаг. Мэдээж хэрэг Монголд гэр, морь, бүргэдийн анчин байгаа. Гэхдээ Улаанбаатарт өөр "догь" үйл явдлууд зөндөө болдог шүү дээ. Тийм ч учраас бид энэ киногоор дамжуулж арай өөр зүйл хийхийг хүссэн юм.

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 3)

Энэ дунд үндэсний хөгжмийг орчин үеийн поп урсгалтай хослуулсан нь их сонирхолтой өнцөг шиг санагдсан. Ерөнхийдөө энэхүү киногоор дамжуулж яг ямар санааг илэрхийлэхийг хүссэн бэ?

Бат-Амгалан: Хѳгжмийн талаасаа бол орчин үеийн чиг урсгалууд Монголд ямар хэмжээнд байдгийг харуулахыг зорьсон. Мөн үндэсний хѳгжим маань ямар ѳвѳрмөц баялаг болохыг, орчин үеийн дуугаралт, хэв маягт хэрхэн зохицож чаддагийг үзүүлэхийг хичээсэн юм. Хэдийгээр ѳнгѳц харвал кино маань гэгээлэг романс, драм кино юм шиг боловч цаагуураа ѳргѳн утга агуулгатай. Киногоороо дамжуулаад нэг хүний амьдралын цаана хотын амьдралыг анзаарагдхуйцаар сүбтекст маягаар харуулсан. Би ѳѳрѳѳ ч уран бүтээлч тул заримдаа ѳѳрт нүүр тулдаг асуудлуудаа гол дүрээрээ дамжуулаад харуулъя гэж бодсон юм. Мѳн найруулагч хүний ѳнцгѳѳс анзаарахад одоо энэ цаг үе маань хоол унд ѳмсѳх зүүхээ энэ 25 жилд шийдчихлээ. Харин "цаашид яах вэ?", "би хэн бэ?" гэдэг асуулт ганц хувь хүнд ч биш бүтэн улс оронд маань тулгараад байна. Улс орон маань алсын хараа хэтийн зорилгоо тодорхойлчихвол хувь хүнд, тэр хэрээр ирээдүйгээ тѳлѳвлѳхѳд ба ѳѳрийгѳѳ бэлдэхэд дэм тустай. Социализмын үед улс маань алсын хараа тѳлѳвлѳгѳѳтэй, хүмүүсийн нүд цогтой байсан. Ирээдүйд улс орон маань тийм болно, би тийм хүн болно гэдэг итгэлээр ажиллаж амьдардаг, нэг ёсондоо хонгилын үзүүрт гэрэлтэй байсан юм. Одоо бол ирээдүйд мѳнгѳтэй бол амьд үлдэнэ гэдэг л зарчмаар улс маань бие биесээ хэмлээд л мѳлхѳж явна. Энэ мэтчилэн сайн анзаарвал маш олон санааг жижиг элементүүдээр дамжуулан харуулахыг зорьсон.

Иэн: Прагматик түвшинд ярих юм бол би Монгол үндэсний, уламжлалт хөгжмийг гадаад үзэгчдэд харуулахыг хүссэн. Мөн сүүлийн үед дэлхий нийтэд тулгамдаад байгаа сэтгэл зүйн асуудлыг хөндсөн нь киноны бас нэгэн чухал санаа болсон. Орчин үеийн амьдралын хэв маяг, хэт их мэдээлэл, олон нийтийн сүлжээ зэргээс үүдэн залууст маш их дарамт ирж байгаа. Киноны гол баатар болох Од сэтгэл хямралд орсон байдаг. Киноны төгсгөлд түүнийг ердөө хоёр зүйл л эмчилж чаддаг. Үүний нэг нь түүний найз нөхөд, харин хоёр дах нь Монгол хүний мөн чанар. Уламжлалт хөгжим түүнд өөрийнх нь мөн чанарыг нь ойлгуулж өгч байгаа.

Дөлгөөн: Одын нөхцөл байдлыг хүмүүсийн ярьдгаар "эморох" гэж энгийнээр тайлбарлаж болох юм (Инээв). "Эморох" гэдэг нь ганцаараа цагийг өнгөрөөж, гаднах ертөнцөөс тасрах гээд янз бүрийн үйлдлийг хэлж байгаа. Од ч гэсэн кинонд яг үүнийг л хийдэг шүү дээ. Тэр амьдралдаа юу хийхээ мэдэхгүй төөрөлдөж, хийж буй зүйлийнхээ утга учрыг ойлгохгүй киноны турш "эмордог". Улмаар тэр Гэгээтэй хамтран уламжлалт хөгжмийн зэмсэгтэй хөгжим зохиож эхэлдэг. Иэний хэлснээр тэр дуу хөгжмийн тусламжтай Монгол хүний мөн чанараа олдог. Өөрийгөө хэн бэ гэдгийг, орчин үеийн ертөнцөд Монгол хүн байна гэж юуг хэлж байгааг ухаардаг. Дээр хэлсэнчлэн бид морин хуур, ятга зэрэг зөвхөн Монголд л байдаг хосгүй зүйлсээ сурталчлахыг хичээсэн юм. Гэхдээ бид огт хүчлээгүй. Киноны хөгжим өөрөө эдгээр зэмсгүүдтэй их хялбархан зохицож байсан.

Надад киноны гол баатрууд шөнийн клуб орох үед ээж нь уртын дуу дуулдаг хэсэг хамгийн их таалагдсан

Бат-Амгалан: Энэ уртын дууны хэсэг киноны их хүчтэй элемент болж өгсөн. Кинонд яг таарсан уртын дуу байгаагүй тул бид энэ дууг шинээр зохиосон юм. Би үгийг нь бичиж, уртын дуучин, МУГЖ Б.Сарантуяа эгч өөр дууны ая дээр тохируулан дуулсан байгаа.

Иэн: Тийм ээ, тэр хэсэг гайхалтай байсан шүү. Миний хувьд энэ кинонд дөрвөн од байгаа. Дөлгөөн, Номин, хөгжим бас Улаанбаатар хот. Бид киногоо Улаанбаатар гэж нэрлэх гэж байсан. Яагаад гэвэл чухамдаа энэ кино нь Улаанбаатарын тухай шүү дээ. Мөн залууст тулгардаг сорилтууд, стресс, хурд, өөрчлөлт, дарамт шахалтаас гадна бүтээлч чанар, нөхөрлөл, урам зоригийн тухай кино юм. Чи түрүүн клуб ордог хэсгийг дурдсан. Бид хүмүүст мөнгө төлж, жүжиглүүлээгүй, жинхэнээсээ клуб орж бодитоор зураг авалтаа хийсэн байгаа. Мөн бүжгийн танхимын хэсэг ч бодит. Хүмүүс үнэхээр ням гараг бүр тэнд цугларч бүжиглэдэг. Бид ер нь киногоо аль болох бодит байлгахыг хичээсэн. Клуб ордог, уртын дуутай хэсэг чамд таалагдсанд баяртай байна. Үнэхээр гайхалтай байсан шүү.

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 4)

Киноны гол баатар уран бүтээлийн хямралд орж байгаа тухай гардаг. Дөлгөөний хувьд бодит амьдрал дээр ийм зүйлтэй тулгарч байв уу?

Дөлгөөн: Тэгэлгүй яахав. Би одоо өөрийн хүлээлтийг удирдаж чаддаг болсон. Жишээ дурдахад би хамгийн анх 2015 онд нэгэн ЛГБТ нийгэмлэгийн арга хэмжээн дээр дуулахаар уригдсан юм. Тухайн үед би "Өвөлжөө" ба бусад хэд, хэдэн дуугаа зохиож арай дуусаагүй байсан ч уг арга хэмжээнд дуулахын тулд дуусгаж байсан. Мөн би маш их сандарч бас догдолж байснаа санаж байна. Хүмүүс олон нийтийн өмнө дуулахдаа ичиж, сандардаг. Яагаад гэвэл чи өөрийн дотор оршиж байгаа зүйлээ олон нийтэд, тэдний сонжсон харцны өмнө ил гаргаж байгаа юм. Ингээд би бүх зүйлээ бэлдээд, дуулж эхэлтэл хэн ч миний дуунуудыг сонсоогүй. Би үнэхээр ингэнэ гэж тооцоолоогүй байсан. Би уг нь энэ тоглолтод бүтэн долоо хоногийн турш бэлдсэн байсан юм. Мэдээж хэрэг надад сайхан санагдаагүй. Өөр олон арга хэмжээнүүд дээр ч тоглож байсан. Нэгэн удаа хуриманд дуулж байсан санагдаж байна. Тухайн үед үзэгчид "Энэ одоо хэн бэ?", "Зохиолын дуучин эсвэл мэддэг дуучнаа сонсмоор байна" гэх зэргээр хүлээн авч байсан. Мэдээж хэрэг чиний дуунууд чамд маш онцгой, ариун нандин зүйл байж болох ч яг ийм төрлийн сонжсон харц, хайхрамжгүй байдалтай тулгарахад мэдээж хямарна шүү дээ. Киноны гол баатар Од ч гэсэн хайхрамжгүй байдал, хандлагатай тулгардаг. Тэр амьдралын утга учрыг олохоо байж, хийж буй зүйлээсээ таашаал авахаа больж, төөрөлддөг. Кино эхлэхэд нэгэн хүү түүнээс "Ах аа, та төөрчихсөн юм уу?" гэж асуудаг шүү дээ.

Иэн: Чи эдгээр зүйлсийг хөндөж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Яагаад гэвэл бид киногоо бүтээхдээ мэйнстрим болон инди, артхаус жанрын хоорондын тэнцвэрийг олохыг хичээсэн юм. "Од ба Гэгээ" кино нь ерөнхийдөө мэйнстрим боловч дотроо маш олон далд санааг агуулсан байгаа. Тийм ч учраас анх үзэхэд хүмүүс киноны утга учрыг сайн ойлгоогүй байж магадгүй. Монгол үзэгчид ахин дахин үзэж бидний хэлэх гэсэн санааг ойлгоосой гэж хүсэж байна. Түрүүн Дөлгөөн Одын талаар тайлбарласан шүү дээ. Түүний адилаар Амгаа бид хоёр ч мөн нэг талаараа уран бүтээлчид. Заримдаа би ч гэсэн уран бүтээл хийх утга учир юунд оршиж байгааг боддог шүү. Жишээ нь энэ киног хийхэд ч гэсэн маш олон бэрхшээлүүд тулгарч байсан. Учир нь кино мэдээж хэрэг хийгээд дуусахад сайхан байдаг ч заримдаа үйл явц удааширч, ямар ч ахиц гарахгүй байх тохиолдол бий. Яг энэ мөчид чамд "Энэ киног 10 жилийн дараа тэртээ тэргүй хэн ч санахгүй", "Ер нь хэнд хамаатай юм бэ?" гэж бодогдох үе тохиолдоно. Гэхдээ кинонд Гэгээ Одыг яг ингэж асуухад нь "Чи хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа шүү дээ" гэж хэлдэг. Энэ хэсэг их чухал. Учир нь миний бодлоор уран бүтээл туурвих маш олон шалтгаан байгаа ч чи зөвхөн бусад хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд үүнийг хийж болно. Хэрэв бидний бүтээсэн кино цөөн хүмүүст ч хамаагүй аз жаргалыг мэдрүүлж байвал би ч гэсэн жаргалтай байна.

Дөлгөөн: Тийм ээ, ялангуяа Монгол залууст ийм зүйл их тохиолддог. Тиймээс олон хүн энэ киног бас Одыг ойлгох байх гэж бодож байна. Магадгүй тэр гаднаасаа зүгээр л ямар ч шалтгаангүй гутарч байгаа мэт харагдаж болох ч хэрэв чи өөрөө ийм нөхцөл байдалд байгаа бол тэр яагаад ингэж аашилж байгааг маш сайн ойлгох байх.

Иэн: Түүний хамтлагийн гишүүдийн хоорондын нөхөрлөл маш чухал. Яагаад гэвэл ийм төрлийн хямралд орсон үед найз нөхөд ба гэр бүлийн гишүүдээсээ улам л холдож эхэлдэг. Энэ бол хүнд тохиолдож болох хамгийн муу зүйл. Тиймээс ойр дотныхонтойгоо, чамайг хүрээлж буй хүмүүстэй холбоотой байх нь чухал. Ялангуяа орчин үед бид олон нийтийн сүлжээнд бусадтай холбоо тогтоохыг илүүд үздэг ч бусадтай нүүр, нүүрээ харан харилцах нь илүү ач холбогдолтой юм.

Дөлгөөн: Гэхдээ ерөнхийдөө манай кино өөдрөг мессежтэй бүтээл юм. Эцсийн эцэст Од өөрийгөө олж, хямралаас гарч чаддаг. Уран бүтээлийн хямралд орсон эсвэл төөрөлдсөн хүмүүс энэ киног үзээд урам зориг авна гэж найдаж байна. Бас хэт хүндээр хүлээж авах хэрэггүй шүү (Инээв).

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 5)

"Бид морин хуур, ятга зэрэг зөвхөн Монголд л байдаг хосгүй зүйлсээ сурталчлахыг хичээсэн юм."

"Од ба Гэгээ" киноны хөгжмийг Дөлгөөн бичиж, рэппер NMN үгийг нь зохиосон гэж дурдсан. Огт ондоо урсгалаар уран бүтээл туурвидаг хоёр уран бүтээлч хамтран ажиллахад ямар байсан бэ? Энэ үйл явцаасаа бидэнтэй хуваалцахгүй юу.

Дөлгөөн: Тийм ээ, Номинг хүмүүс рэппер гэдгээр нь илүү сайн мэднэ. Гэхдээ түүнийг рэппер гэж дуудахыг тэр үзэн яддаг шүү (Инээв). Номин дуулж бас өөрөө шүлгээ зохиодог. Тэр маш гайхалтай үг бичдэг гэдгийг түүний дуунуудыг сонсоход л тодорхой болно. Бас тэр үнэхээр хурдан ажилладаг. Түүнтэй хамтарч ажиллах үнэхээр сонирхолтой байсан шүү.

Иэн: Нэмж хэлэхэд бид Дөлгөөн, Номин хоёрын уран бүтээлийнх нь үйл явцыг шахахыг хүсээгүй. Хэрэв Амгаа бид хоёр шууд л ингэ, тэг гээд хэлээд явсан бол үр дүн нь хэт хүчилсэн, хачин байх байлаа. Бид кино зохиолоо бичиж дуусгаад тухайн хэсэгт ийм уур амьсгалтай дуу хэрэгтэй гэж л хэлсэн. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, киноны хөгжим бүхэлдээ Дөлгөөн, Номин хоёрын бүтээл болсон. Эцсийн үр дүнд кино зохиол ба хөгжим хоорондоо сайхан зохицож байсан. Энэ киног бүтээлцсэн, зураг авалтад оролцсон хүмүүсийн гавьяагаар их чанартай бүтээл болсон байгаа. Үнэнийг хэлэхэд бусад Монгол кинонуудтай харьцуулахад энэ кино тийм ч өндөр зардлаар бүтээгүй. Дээр дурдсан камерын сэтийг бид асар богино хугацаанд буюу ойролцоогоор гурван долоо хоногт ашиглах хэрэгтэй болсон. Төсөөлөөд үз дээ! Бид нийт 21 хоногт, дундаа ердөө нэг хоногийн завсарлагатай хийсэн гэж бодохоор манай зураг авалтын баг үнэхээр гайхалтай. Ихэнх тохиолдолд бид хөгжмийг студид бичүүлэлгүй камераар шууд бичиж хийсэн байгаа. Бид киногоо хийгээд хэт завгүй ажиллаж байсан тул заримдаа бүр би шууд зураг авалтын талбар дээр хөгжмөө анх удаа сонсож байлаа (Инээв). Бид бие биедээ их итгэж ажилласан.

Дөлгөөн: Хааяа өдрийн хоолны цагаар Иэн надаас дуу чинь бэлэн үү гэж асуухад нь би бэлэн л гэдэг байлаа (Инээв). Бид өмнө нь дуугаа бэлдэж, давтаагүй. Киноны зарим хэсэгт бид хөгжмөө анх удаа тоглож үзсэн байгаа. Мэдээж би дуугаа зохиогоод, демо бичлэгийг урьдаас бэлдсэн байсан. Дууны үгийг ч гэсэн Номин бид хоёр ярилцаад эцсийн мөчид зураг авалтын талбар дээр зохиох тохиолдол гарч байлаа. 

Иэн: Тийм шүү. Тэд зураг авалтын үеэр хөгжмөө тоглож байхдаа алдаа гаргах тохиолдолд бид үүнийг нь засалгүй тэр чигээр нь кинондоо үлдээж байсан. Учир нь хоёр хүн дөнгөж танилцаад хамтарч хөгжим тоглож байгаа үед алдаа гаргана, инээж, хөгжилдөнө. Энэ бүх жинхэнэ сэтгэл хөдлөл, бодит зүйлсийг бид кинондоо үлдээхийг хүссэн юм.

Манай зураг авалтын баг бүхэлдээ Монголчуудаас бүрдсэн байгаа. Миний хувьд би Монголд маш удаан амьдарсан болохоор намайг бараг Монгол хүн гэж хэлж болно. Харин Их Британиас бид туршлагатай дууны найруулагч урьж авчирсан. Киног үзэхэд анзаарагдахгүй байж болох ч зураг авалтын талбайд шууд бичлэг хийхэд нэлээд их сорилтуудтай тулгардаг. Гэрэл, үзэгчид гээд чиний хянаж чадахгүй зүйлс их бий. Сүүлээсээ хоёр дах буюу харанхуйд гэрэлтэй хөгжим тоглодог хэсгийн зураг авалтыг хийхэд бөмбөр, басс гитар, ятга, морин хуур, бүрээ гээд энэ олон хөгжмийн зэмсгийг нэгэн зэрэг 20 микрофон бичиж байсан. Бид аль болох нэг удаагийн зураг авалтаар хийхийг хичээсэн. Хамгийн сүүлд Гэгээ, Од хоёр толгод дээр зогсож байдаг хэсгийг бид нар дөнгөж жаргаж эхэлж байх үетэй тааруулахыг зорьсон. Операторын хувьд энэ нь ердөө л 30 минутын хугацаанд амжуулах шаардлагатай гэсэн үг юм. Энэ үед бид "За Дөлгөөн, Номин хоёр энэ удаа зөв хийгээрэй" гэж хэлээд л залбирдаг байлаа. Заримдаа алдсан тохиолдолд зогсоогоод дахиад эхнээс нь эхэлдэг байсан. Эцэст нь зураг авалтын багаараа зогсоод л "Тийм ээ, бид чадлаа" хэмээн баярладаг байлаа.

Сүүлийн үед дэлхий даяар яригдаж байгаа бэлгийн дарамтыг үйл явдалд хөндсөн байсан. Энэ нь зохиолын нэг хэсэг байсан уу, эсвэл ямар нэгэн бодлоготой алхам болсон уу?

Иэн: Их хөгжилтэй зүйл болсон шүү. Үнэнийг хэлэхэд бид энэ бүх #MeToo аянаас өмнө кино зохиолоо бичээд эхэлчихсэн байсан. Тухайн үед бид энэ талаар огт бодоогүй. Үнэн хэрэгтээ Гэгээд дарамт үзүүлж байсан залуу төдийлөн ач холбогдолтой биш харин энэ бүсгүй яг хэн бэ гэдгийг харуулах нь чухал байсан юм. Учир нь киног боловсруулж байх явцад Од дээр хэт их төвлөрч байгаа нь ойлгомжтой болсон. Улмаар бид эмэгтэй дүрээ илүү хүчирхэг болгохоор шийдсэн юм. Чиний асуултад хариулахад бэлгийн дарамтын хэсэг зүгээр л түүнийг хүчирхэг эмэгтэй гэдгийг харуулах зорилготой байсан юм. Номин, Дөлгөөн хоёр анх удаа жүжиглэж үзсэн гэхэд тэд маш сайн дүрдээ орж, сайн ажилласан.

Дөлгөөн: Энэ киноны гол утга санаа нь сэтгэл зүйн асуудал, бэлгийн дарамтын тухай огт биш шүү (Инээв). Харин хэн нэгэн уран бүтээлийн хямралд орж байгаа тухай үзүүлж байгаа.

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 6)

Харин одoo Дөлгөөний уран бүтээлийн талаар ярьцгаая. "Famous Men" EP цомог гарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Magnolian хамтлаг сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ? Ойрын хугацаанд биднийг шинэ цомгоор баярлуулах уу?

Дөлгөөн: Тийм ээ. "Famous Men" цомог 2016 оны долоодугаар сард гарсан. Би одоо LP буюу бүрэн хэмжээний цомгоо бичүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар энэ цомог 10 дуутай байгаа. Дараа долоо хоногоос бичүүлж эхэлнэ. Тиймээс энэ жилдээ багтаад цомгоо бэлэн болгоно гэж найдаж байна. Үнэхээр гайхалтай бүтээл болно гэж бодож байгаа шүү (Инээв).

Тэгвэл киноны дууны тухайд?

Иэн: Дээр хэлсэнчлэн нийт 6 дуу кинонд ашигласан байгаа. Дөлгөөн өгөөмөр сэтгэл гарган Magnolian хамтлагийн шинэ цомгоос бидэнд хоёр дуу "хандивласан". Бид энэ дуунуудыг EP цомог болгон гаргахаар төлөвлөж байна.

Дөлгөөн саяхан зөвхөн мэргэжлийн жазз хамтлаг амьдаар тоглодог The Fat Cat жазз клубыг саяхан нээсэн шүү дээ. Ер нь яагаад заавал жазз клуб гэж?

Дөлгөөн: Тийм ээ. Би өөрийн найз Хонгортой хамтран The Fat Cat нэртэй жазз клуб нээсэн байгаа. Анхнаасаа жазз клуб нээх нь миний мастер төлөвлөгөө байгаагүй л дээ. Гэхдээ Хонгор над дээр ирээд жазз клуб нээх санаагаа хэлэхэд надад үнэхээр таалагдсан. Яагаад гэвэл тэр өөрөө жазз хөгжимчин. Үнэхээр дуртай зүйлээ хийсэн хэн нэгэн л амжилтад хүрдэг шүү дээ. Тиймээс ер нь яагаад жазз клуб нээж болохгүй гэж? Манай клуб их жижиг, тав тухтай бас халуун дулаан уур амьсгалтай. Бид нээгдээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд хүмүүс үнэхээр сайхнаар хүлээж авсан. Хүмүүс хөгжим сонсох гэж, хамтдаа цаг хугацааг өнгөрүүлэх гэж биднийг зорьдог. Улаанбаатар хотод ийм орон зай хэрэгтэй байсан гэж би боддог. Бидэнд ийм завшаан олдсонд үнэхээр их баярлаж байна. Бид crowdfunding буюу олон нийтээс санхүүжилт босгосон нь манай клубийг бүр ч онцгой болгож байгаа юм. Бид хэсэг бүлэг хүмүүсээс 1,000 ам.доллар зээлж анхны санхүүжилтийг босгосноор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улаанбаатар хотод өөрсдийн гэсэн тодорхой онцлог шинж чанаргүй маш олон клуб, ресторанууд байдаг. Тэд пицца, хуушуур, шөл, смүүти, бургер зэрэг хоолоор үйлчилж, мөн нэгэн зэрэг амьд хөгжмийн тайзтай, спортын тоглолтууд гардаг дэлгэцтэй, караоке өрөөтэй байдаг. Харин The Fat Cat бол жазз клуб. Энэ бол бидний онцлог чанар юм. Манайд хүрэлцэн ирсэн хүмүүс амарч, тодорхой нэг уур амьсгалыг мэдрэх боломжтой.

Хоёр найруулагч өмнө нь хэд, хэдэн бүтээл дээр хамтран ажилласан туршлагатай. Ирээдүйд ч гэсэн хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу?

Бат-Амгалан: Мэдээж нѳхѳрлѳл гэдэг маш олон хүчин зүйлс болон итгэлцэл дээр тогтдог. Тиймээс хоёр ѳѳр соёл, ёс заншилтай хүмүүс энэ олон жил нѳхѳрлѳж, олон бүтээлийн ард гарч чадсан юм чинь цаашдаа асуудалгүй байх аа. Мѳн цаашдаа хийх бүтээлийн талаар аль хэдийнээ ярилцаад эхэлсэн байгаа.

Иэн: Тийм ээ. Бид ирээдүйд хамтарч ажиллана гэж бодож байна. Бид хоорондоо маш сайн ойлголцож чаддаг. Бид чинь яг л Леннон, Маккартни хоёр шиг шүү дээ.

Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсье.

“Од ба Гэгээ” киноны уран бүтээлчидтэй хийсэн ярилцлага (фото 7)

цааш үзэх