Хайх

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс

Анхааруулга: Спойлер агуулсан!

Text: Buro.Mongolia


2023 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш хоёр сарын дараа өндөр хайп үүсгээд буй кино бол “Saltburn” билээ. Тус бүтээл нь Prime Video платформ дээр Зул сарын үеэр тэргүүлж эхэлсэн юм. Мөн энэхүү кинон дээр гардаг “Murder on the Dancefloor” гэх 2001 оны дуу чартуудын топ хэсэгт эргэн бичигдэж, Барри Кеоганы киноны төгсгөлд хийдэг бүжиг TikTok дээр тренд болж, мөн тус платформ дээрх “Saltburn”-той холбоотой бичлэгүүд 4 тэрбум үзэлт хүрээд байгаа юм. Тэгвэл бүтээлийн ард ажилласан эрхмүүд, киноны утга санаа болон бусад мэдээллийн талаар үүгээр хүргэж байна.


Кино баг

Энэ бол найруулагч Эмиральд Феннелийн бүтээл юм. Түүний найруулсан хоёр дахь бүтээл болох “Promising Young Woman” кино Оскарт нэр дэвшиж шилдэг кино зохиол (эх зохиол) төрөлд ялалт байгуулж байсан удаатай. Тиймээс үзэгчид “Saltburn”-ыг өндөр хүлээлттэй үзсэн гэдэгт итгэлтэй байна. Мөн дүр бүтээсэн жүжигчид хүртэл юун түрүүнд найруулагч Феннелийн чадварт итгэл хүлээлгэн кинонд тоглох саналыг хүлээн авчээ.

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 1)
Найруулагч Эмиральд Феннел

“Saltburn”-ыг нэрд гаргасан дараагийн шалтгаан бол мэдээж хэрэг гол дүрүүдийн нэгт тоглосон Жейкоб Элорди билээ. Тэрээр дан ганц “Euphoria”-гийн царайлаг залуугийн дүрээрээ шуугиулаад зогсохгүй “Priscilla”, “Saltburn” гэхчлэн драма, сэтгэл зүйн триллер бүтээлд тоглож өөрийн чадвараа батлан шинэ үеийн "It" залуучуудын нэгээр нэрлэгдээд байгаа юм.

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 2)
Жейкоб Элорди

Магадгүй дийлэнх хүмүүс "Saltburn"-ыг Жейкоб Элордиг тоглосон учраас эхлүүлсэн байж болох ч өрнөл явах тусам Барри Кеоганы чадварлаг жүжиглэлт хүмүүсийг өөртөө татаж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэрээр өмнө нь "The Banshees of Inisherin" кинонд эцгийнхээ хүчирхийлэлдэг өртдөг ухаан муу тосгоны хүүгийн дүрд тоглосон бол "Killing of a Sacred Deer" бүтээлд асуудалтай өсвөр настан, "Dunkirk"-д харамсалтай үхлээр таалал төгсдөг эрэгтэйн дүрийг бүтээдэг. Тэгвэл Кеоган "Saltburn" кинонд тэс өөр дүрээр олны өмнө гарч өөрийн чадвараа батлан харуулаад байгаа юм. Тэрээр GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнх нь "галзуу, царай муутай бяцхан хүүгийн эринд төгсгөл ирлээ" гэж хүртэл онцлоод амжжээ. 

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 3)
Барри Кеоган

Түүнчлэн киноны жүжигчдийн бүрэлдэхүүн (Жейкоб Элордигоос гадна) бүгд англи, ирланд гаралтай ба энэ нь киноны онцлогийг дөвийлгөн гаргахад түлхэц болсон хэмээн үзэж байна.


Санаа

Киног бүтээхдээ Эмиральд Феннел өөрийн хувийн амьдралаас сэдэвлэснээс гадна Дафна дю Морьегийн “Rebecca”, “A Clockwork Orange”, “Cruel Intentions” гэх роман болон киноноос санаа авчээ. Түүнчлэн “Saltburn” дээрх дүрслэлийг “The Talented Mr. Ripley”, “Call Me by Your Name” бүтээлтэй зарим талаараа төстэй байгааг үзэгчдийн зүгээс хуваалцаад байгаа юм.

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 4)

Киноны үйл явдал эхэндээ Оливер болон Феликсийн хайрын түүх мэт өрнөх ч гол санаа нь тэс өөр болохыг сүүлд нь бид мэдэж авдаг. Оливер үнэндээ дан ганц Феликсд ч биш, харин түүний чинээлэг гэр бүл, амьдралынх нь хэв маягт автсан нэгэн бөгөөд ямар ч үнээр хамаагүй тэдний нэг хэсэг болохыг хүснэ. Түүний гаргасан дүр эсгэлт, худал хуурмаг яриа, манипуляцын нөлөөгөөр Феликсийн гэр бүл орвонгоороо эргэдэг ба Оливерын төлөвлөгөө бүтэн 17 жилийн турш үргэлжилсний эцэст нь тухайн гэр бүлийн өв хөрөнгийг өвлөн авч чаддаг.

Баялгийн өмнө хүний мөс яаж эвдэгддэгийг, чинээлэг давхаргынхны өөрсдөөсөө бусдыг үл тоомсорлож буйг, мөн юмс бүхэн харагддаг шигээ байдаггүйг “Saltburn”-ы өрнөлөөс харж болох ба олон дахин үзэх тусам дүрүүдийн мөн чанар, зарим дүрслэлүүдийн утга санааг улам гүнзгий ойлгох боломжтой.

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 5)

Кино шүүмжлэгчдийн хувьд “Saltburn”-ы талаарх сэтгэгдэл нь олон хэсэгт хуваагджээ. The Guardian-ы шүүмжлэгч Питер Брэдшоу тус бүтээлийг “үзэж болохуйц ч зарим хэсэг нь хачирхалтай гэгч нь халуухан, бас сүрлэг байсан” гэж хэлсэн бол Daily Telegraph-ын сэтгүүлч Робби Коллин киноны гол дүр Оливерын аймшиггүй чин зоригийг онцолж, харин BBC-гийн Николас Барбер “Saltburn”-ыг триллер гэхээсээ илүү уран зөгнөлт киноны үүднээс үзвэл тун сонирхолтой байж болохыг онцолсон байна.

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 6)

Жижиг деталиуд

Эхний үзэлтээр анзаарах бараг л боломжгүй нууц деталиуд кинонд олноор багтжээ. Тэдгээрийг дунджаар 30 үзэгчийн нэг нь анзаарах боломжтой хэмээн найруулагч тооцоолж байгаа юм. Тэгвэл одоогоор илэрсэн деталиудын нэг бол кинонд Феликсийн үхлийг урьдчилан зөгнөсөн байжээ. Тодруулбал, өглөөний цай уудаг хэсэг дээр Феликсийн дүү Венишиа зохиолч Перси Шеллигийн "doppelganger" буюу ихэр хий үзэгдэл нь гэрийн үйлчлэгчид нь харагдсан талаар ярьж өгдөг билээ. Тухайн үйлчлэгч гэрийнх нь цонхны үүдэнд зохиолч Шелли зогсож байхыг харсан ба гараараа даллахад нь хариу далладаг ч тэр үед Шелли яг үнэндээ Италид байсныг үйлчлэгч нь санадаг байна. Энэ явдлаас хойш хэдхэн цагийн дараа зохиолч Шелли живж нас бардаг талаар Венишиагийн ярианд өгүүлдэг юм. Тэгвэл Венишиа зохиолч Шелли цонхны гадаа зогсож байсан талаар ярьж байх үед Феликсийн "doppelganger" ч мөн цонхны өмнүүр алхан өнгөрдөг байна. Тухайн "doppelganger" нь ширээний урд суух Феликстэй яг ижил хувцас өмссөн байгааг анзаарах боломжтой. 

“Saltburn” киноны талаарх таны мэдэх ёстой зүйлс (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх