“Single’s Inferno”-гийн дараа юу үзэх вэ?: Танд гарцаагүй таалагдах болзооны шоунууд
Өнгөрөгч арванхоёрдугаар сард "Single's Inferno" шоуны гуравдугаар бүлэг цацагдан сошиал орчинд хэсэгтээ л эрчээ авч, олон орны үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Түүнчлэн ирэх онд тус шоуны дөрөвдүгээр бүлэг "илүү шинэлэг үйл явдал, илүү хатуу дүрэмтэйгээр" эргэн ирэх болно гэдгийг Netflix-ийн зүгээс мэдэгдсэн.
Хэрвээ танд "Single's Inferno" шоу таалагдсан ч "дараагийн бүлгийг нь яаж хүлээнэ ээ" хэмээн санааширч байгаа бол анхаарлаа хандуулаарай. Бидний зүгээс сонирхолтой хийц, үзүүштэй үйл явдлаараа үзэгчдийн анхаарлыг татаад буй болзооны шоунуудыг танилцуулж байна.
"EXchange"
Өмнөд Солонгос улсын хамгийн алдартай болзооны шоунуудын нэг бол "Transit Love" буюу "EXchange". Бусад болзооны шоунуудаас ялгаатай нь тус нэвтрүүлэгт оролцогчид "экстэйгээ" хамт оролцдогоороо онцлог юм. Тухайлбал нэвтрүүлгийн турш таван бүсгүй, таван залуу нэг байшинд амьдрах хугацаандаа нас, мэргэжлээ нууцлахын сацуу экс хайртыгаа ч мөн нууцлах ёстой. Оролцогчдын зарим нэгэн нь экстэйгээ эргэж нийлэх боломжийг хайхаар ирсэн бол зарим нь эксээсээ аль хэдий нь сэтгэлээ татаж авсан учир шинэ хүнтэй танилцаж, болзохоор ирсэн байдаг.
Түүнчлэн шинэ анги цацагдах бүрд зураг авалтын багийн зүгээс нэг хосыг зөвхөн үзэгчдэд зориулан зарладаг. Харин оролцогчдын хувьд шоуны төгсгөл хүртэл "хэн нь хэний экс вэ?" гэсэн хэцүүхэн асуултын хариултыг олох шаардлагатай болно.
"Love Is Blind"
Та хэн нэгний царай төрх, гадаад үзэмжид бус зөвхөн дотоод сэтгэл, мэдрэмжид нь татагдан гэрлэж чадах уу?
Netflix-ийн албан ёсны бүтээл болох "Love Is Blind" реалити шоу дээр ганц бие залуус нэгнийхээ царай төрхийг огт харахгүйгээр ярилцаж, бие биеийнхээ зан чанар, хийх дуртай зүйлс, ижил төстэй сонирхол дээр нь суурилан болзож буй талаар гарна. Ингэхдээ оролцогчид зөвхөн дуу хоолой сонсогдох ханаар зааглагдсан өрөөнд хоорондоо ярилцана. Ийнхүү тэд өгөгдсөн 10 өдрийн турш өөр, өөр хүмүүстэй ярилцсаны эцэст чин сэтгэлээсээ таалагдаж буй хүнээ сонгох ба хоёр талаасаа уулзахыг зөвшөөрсөн тохиолдолд л эцэст нь нэг, нэгнийхээ царайг харах боломжтой болно. Хамгийн сонирхолтой хэсэг нь оролцогчид нэгнийхээ царайг харсан тохиолдолд эргэлт, буцалтгүйгээр хоорондоо сүй тавих ёстой. Дараагаар нь хамтдаа долоо хоногийг өнгөрүүлж, хоорондын гэр бүл, амьдралын хэв маягтай танилцана. Нэвтрүүлгийн төгсгөлийн анги дээр нэг нэгнээ сонгосон оролцогчид хоорондоо гэрлэх эсэхээ шийднэ.
Энэхүү шоуны Япон, Америк, Швед хувилбарууд байдаг бөгөөд 2022 онд гарсан Япон хувилбар нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөөд амжсан билээ.
"Love After Divorce"
Энэхүү нэвтрүүлэгт гэр бүлээ цуцлуулаад удаагүй, саяхан салсан ганц бие хүмүүс шинэ хайраа хайхаар "салагчдын тосгон" хэмээн нэрлэгдсэн газар хамтдаа амьдрахаар болдог. Эхний долоо хоногт тэд хоорондоо танилцаж, бусдынхаа яагаад салсан талаарх түүхийг сонсож өнгөрөөх ёстой. Дараагийн долоо хоногоос сонирхолтой даалгавруудыг биелүүлж, таалагдсан хүнтэйгээ болзоонд явах эрхтэй болсноор үйл явдал өрнөнө.
"Is She the Wolf?"
"Netflix"-ийн "Is She the Wolf" болзооны шоунд 20-30 насны 10 бүсгүй, залуу цугларч хоорондоо болзож, жинхэнэ хайраа олохыг хичээж буй талаар харуулна. Сонирхолтой нь нэвтрүүлгийн үйл явдал "Among Us" тоглоомын үйл явдалтай тун төстэй. Бүсгүйчүүдийн дунд "чоно" буюу дүр эсгэгч нэгэн бий. Тэдний дунд нэгээс ч илүү их чоно байх магадлалтай бөгөөд чононууд оролцогчдын хэн нэгэнд дурласан мэт аашилж, хоорондоо болж, бүтэж байгаа хосуудын дунд яс хаяж шоуг илүү хөгжилтэй болгоно. Харин болзоо бүрийн төгсгөлд тэд санал хурааж өөрсдийн чоно гэж бодож буй оролцогчоо хасах ёстой ба хамгийн их саналыг авсан оролцогч шоуг орхих болно.
"Love Island"
Хамгийн алдартай болзооны шоунуудын нэг бол "Love Island". Одоогийн байдлаар нийт 24 улс уг франчайзын эрхийг авч өөрсдийн хувилбараа гаргасан ба 2018 онд "Love Island: The Game" хэмээх видео тоглоом нь гарч байсан түүхтэй. Энэ дундаас "Love Island USA" хувилбар нь хамгийн сонирхолтой оролцогчидтой, үйл явдалтай гэдгээрээ үзэгчдийн дунд алдартай билээ.
Нэвтрүүлгийн хувьд жинхэнэ хайраа олохоор ирсэн оролцогчид "хайрын арал" дээр суурьшиж амьдарна. Зохион байгуулагчдын зүгээс тэдний үйлдэл бүрийг 24 цагийн турш хяналтын камераар бичихийн зэрэгцээ зөвхөн арал дээр ашиглаж болох гар утсыг олгодог. Оролцогчид эхний өдрөө анхны сэтгэгдэл дээрээ суурилан хосоо сонгох ёстой. Дараагийн өдрүүдэд тэд нэгнээ таньж мэдэхийн сацуу хосоороо бие бялдар, оюуны бяд шаардсан даалгавруудыг биелүүлнэ. Хэрвээ оролцогч өөр хүнд сэтгэл алдарвал дурлалт хүнээ сольж өөр хүнтэй хос болох боломжтой ч санал хураалтын үеэр ганц биеэр үлдсэн оролцогч арлыг орхиж явах шаардлагатай болно. Түүнчлэн нэвтрүүлгийн төгсгөлд ялагч болсон хосууд 100 мянган ам.долларын шагналын эзэн болох учир тэдний дунд ширүүхэн атлаа халуухан өрсөлдөөн өрнөнө.
Сонирхуулахад, тус нэвтрүүлгийн монгол хувилбар "Тэнгисийн эрэг дээрх 24/7" нэртэйгээр Central TV сувгаар гарахаар болсон бөгөөд одоогоор цацагдах тов нь зарлагдаагүй байгаа юм.
"Nineteen To Twenty"
Энэхүү нэвтрүүлэгт ахлах сургуулиа дөнгөж төгсөөд их сургуульд орж, амьдралд анхлан хөл тавьж байгаа оюутнуудын дунд өрнөх гэгээхэн хайр дурлал, сэтгэл догдлом мөчүүдийн тухай өгүүлнэ. Тус шоу дээр "19 насны сургууль", "20 насны байшин" гэх хоёр газарт үйл явдал нь өрнөдөг гэдгээрээ онцлог.
Тухайлбал, нас чацуу оролцогчид 19 насныхаа сүүлийн долоо хоногийг нэгэн сургууль дээр өнгөрүүлэх ёстой ба тэнд "хоорондоо үерхэж болохгүй" гэх ганц л дүрэм үйлчилнэ. Хэрвээ тэд хоорондоо үерхсэн тохиолдолд нэвтрүүлгээс шууд хасагдах дүрэмтэй. Ийнхүү долоо хоногийн дараа тэд сургуулиа төгсөж 20 насны босгон дээр ирэх үедээ "20 насны байшин"-д хамтдаа амьдрах болно. Энэхүү байшинд тэд хоорондоо болзох бүрэн боломжтой ч нэвтрүүлгийн зүгээс өгөх даалгаврууд, гэнэтийн сорилтууд залуучуудын сэтгэлийг хоёрдуулж эхэлнэ.