Эхлэлд хөтөлсөн төгсгөл: “Монгол” уран сайхны киноны шүүмж сэтгэгдэл
Кино театрын хаалгаар гарч явахдаа ямар мэдрэмж үүрээд, ямар бодлоор дүүрээд алхаж буйгаа би ажиглах дуртай. Зарим киног үзээд шоколадтай попкорныг элсэн чихрийн уусмалд дүрээд нэг амьсгаагаар залгичихсан мэт зүсэн зүйлийн өрнөл, толгой эргэм олон дүр, дууны найруулга, компьютер графикт нь полгодож орхидог бол заримыг нь үзээд зүгээр л гэртээ харьж Netflix-ээ нээмээр санагддаг. Харин цөөн хэдийг нь үзээд гарч явахдаа өр өвдөх атлаа түүндээ дулаацаж, уужуухан амьсгаа аваад удаан алхмаар, сэтгэл хоосрох агаад дүүрэх мэдрэмжийн давхцалд түр зуур амсхиймээр санагдах нь бий. Ийм мэдрэмжийг чухам ямар тэмдэг нэрээр нэрлэх юм бол, бүү мэд. Харин энэ мэдрэмжийг хамгийн сүүлд мэдрүүлсэн шинэхэн бүтээлийн нэр бол 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээлтээ хийсэн, найруулагч Б.Амарсайханы “Монгол”. Учир нь уг киноны камер том дэлгэц рүү тусч байснаа гэнэт үзэгчид рүү тусгалаа өөрчлөөд “Май, Монголчуудаа өөрсдийгөө үз, шалтгаанаа ол” гэж буй мэт.
Киноны тухай товчхон дурдахад, эрх мэдэл, эд хөрөнгөд шунасан ихэс дээдсийн балгаар амьдрал, хайр дурлал нь орвонгоороо эргэсэн Монгол хэмээх эгэл жирийн залуугийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвт кино юм.
Зураг авалт ба пост продакшн
Юун түрүүнд түүхэн сэдэвт киноны уур амьсгал, орчин нөхцөлийг амьдруулах хүнд үүргийг үүрсэн кино зураачийн ажил маш няхуур, амьдралтай, гойд сайн болсныг онцолъё. Хэдий зураачийн ажил сайн байлаа ч зураглаач болон компьютер графикчийн гүйцэтгэл гологдвол кино тэр чигтээ хиймэл болох аюултай. Гэсэн ч “Монгол” УСК-ны эвлүүлэг, хөгжим, дууны найруулга, микс, өнгө тавилт зэрэг пост продакшны ажил маш сайн болсон нь уг киног хоёр цаг гаруй үзэх явцад нэгээхэн ч хиймэл мэдрэмж төрөөгүйгээс харагдах болов уу. Арын энэ албанд Францын кино продакшны зөвлөмжийг авсан гэх шуум ортой мэт. Түүнчлэн дрон зураг авалтуудын донж маяг уг киног Барууны мэт уур амьсгалтай болгож, түүхэн сэдэвт адал явдалт кино гэдгийг нь тодотгож байлаа. Монголын үзэсгэлэнт байгалийг орчин үеийн монгол кинонууд чадамгай дүрсэлдэг болсон тул үүнийг нурших илүүц биз. Гэхдээ дурлалт хосын болзооны толгодын алслалтай дүрслэл үзэгч бүрийн харцыг эрхгүй булаасан нь гарцаагүй. Гол дүрийн хоёр панзны газар уулзах мөч ба эзэнгүй морь давхих төгсгөл хөгжмийн найруулгын оргил хэсэг нь байв. Сэтгэл хөвсөлзтөл хөгжимдөх гэдэг нь тэр ажээ.
Кино зохиол ба агуулга
Найруулагчийн тархинд олон жил өнжиж, тэр хэрээрээ ган мэт хатаагдсан энэ түүх зүгээр нэг сайн эрийн ээдрээт амьдрал төдийхнөөр хязгаарлагдаагүйг тэмдэглүүштэй. Гол дүрийн амьдрал тухайн цаг үеийнхээ тусгал болж, харин зуу гаруй жилийн өмнөх тэр тусгал ардчилсан Монголын өнөө цагийн үнэн төрх болж хувирсан нь уг зохиолын амин сүнс юм. “Танай төр хаана байна?” гэсэн том асуултын дор шударга бусаар дүүрэн нийгэмд тэнэгийн дотор уужуу явах ямархан амттайг, хэлсэн үгийн хана хаана очиж нурдгийг, итгэл үнэмшилд суурилсан тэмцлийн үнэ цэн юу байдгийг кадр, диалог бүрээрээ харуулжээ. Кино зохиол бичих Холливүүд арга барилаар бичигдсэн учраас гол болон туслах баатруудын уналт босолт, эргэлтийн цэг, төгсгөл гэх мэт өрнөлүүд гэнэтийн бэлгээр дүүрэн байв. Ганц өө тоочвол, америк киноны запаас амьтай үхдэггүй баатар стиль тууж явсныг дурдъя.
Дүр сонголт ба жүжиглэлт
Эмэгтэй дүр өдрийн од шиг ховор уг киноны хясаанд нуугдсан сувд нь олон улсад моделиор ажилладаг “Сэрчмаа” байлаа. Түүний үл ялиг сэвхтэй ч цэвэрхэн царай, онигор гялалзсан нүд, гэнэн агаад танан цагаан инээмсэглэл нь дэлхийд цуутай жүжигчнийг дэлгэцээр харахаас ч шинэ содон мэдрэмж байв. Ерөөс уг кинонд инстаграмын од хөөрхөн хүүхэн, фитнес модель залуу харагдахгүй. Бүр тэр олон дүрийн зургаа, долоон нь л мэргэжлийн жүжигчид, бусдынх нь хувьд анхны уран бүтээл нь. Гэхдээ кино дуусахад хамгийн сайн жүжигчин бол огт жүжиглэдэггүй жүжигчин юм гэдгийг ойлгоно. Хайртай гэж хэлэхгүйгээр хайрлах, нүцгэлэхгүйгээр секс хийх, ёолохгүйгээр өвдөх, хашхирахгүйгээр тэсрэх үзэгдлүүдийг үзээд “чамайг санана шүү” гэх үг огт хэлэгдээгүй мөртөө кино танхимаар нэг цуурайтаж сонсогдохыг мэдэрнэ.
Эхлэлд хөтөлсөн төгсгөл
Монгол залуусын захаасаа аваад ядаж нэг удаа сонсож байсан сайн эрийн түүхийг хэрхэн төгсгөх вэ гэдэг бол кино багт том сорилт. Дандаа ялалтаар төгсдөг Марвелийн баатрууд шиг хүчилчихвэл түүхэнд харш, ахуйд наалдацгүй. Тэглээ гээд гол дүрийн баатрынхаа уналт босолтыг нүд цавчилгүй үзсэн үзэгчдийнхээ урам зоригийг бас мохоож болохгүй. Гол санаа нь өнөө цаг руу чиглэж буй энэ нөхцөлд бол бүр ч хэцүү. Гэхдээ найруулагч Б.Амарсайханы нэг биш бүтээл нэг агуулгаар төгсөж байсныг санаж байна. Тэр бол “Итгэл найдвар хэзээ ч ялагддаггүй юм” гэдэг санаа. Энэ төгсгөл “Давхи, битгий зогсоорой” гэдэг бодит амьдралын эхлэл рүү үзэгчдийг хөтөлнө. Энэ бол найруулагчийн уран санаа, хувь хүнийх нь бухимдал хийгээд тайтгарал. Басхүү киноны хэлээр олон нийтийг өөрчлөлтөд уриалж болох “хонхны жингэнээн” юм.